Саудын Арабын ханхүү: Хэн нэгэн зүүднээс минь сэрээхийг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

Катар-2022

Саудын Арабын ханхүү: Хэн нэгэн зүүднээс минь сэрээхийг хүлээж байна

Саудын Арабын ханхүү: Хэн нэгэн зүүднээс минь сэрээхийг хүлээж байна

Саудын Араб дэлхийн аваргаар Аргентиныг хожиж, түүхэн ялалт байгуулсан. Тэгвэл энэхүү ялалт нь тус улсын спортын сайд, ханхүү Абдулазиз бин Турки Аль-Фаисалд зүүд мэт л санагдаж байгаа аж. Тэрбээр “CNN”-д өгсөн ярилцлагадаа “Гайхалтай үр дүн. Баг маань үнэхээр сайн тоглолоо. Тэд энэ өдрийн төлөө гурван жил бэлтгэсэн. Эрве Ренар дасгалжуулагч сайн ажиллалаа. Баг доторх эв найрамдал, уур амьсгал сайн байна. Тэд зүрх сэтгэлээсээ бүхнээ зориуллаа” гэв.

Саудын Арабын ард түмэн түүхэн ялалтаа тэмдэглэж, Лхагва гаригт улс орон даяараа амарсан. Катарт цэнгэлдэхэд хүртэл ногоон далбаа, өмсгөл олон харагдаж байлаа.

Шигшээ багийнхаа тоглолтыг дэргэдээс нь үзсэн Саудын Арабын фанат “Гайхалтай мэдрэмжийг авлаа. Сайхан тоглолт боллоо. Бид Месситэй Аргентиныг хожлоо. Аргентин энэ жил түрүүлэх гол фаворитуудын нэг. Тэд 36 тоглолт дараалан ялагдаагүй байсан. Гэхдээ хэн тэднийг хожсон гээч? Саудын Араб” гэжээ.

Мөн Ассем Аль Ражихи гэх өөр нэгэн фанат ярихдаа “Энэ тэмцээн бидэнтэй ойр, бидний хайртай Катарт болж байна. Ойрхон улс орнуудаас олон ч фанатууд ирж байгаа гэж бодож байна. Энэ уур амьсгал бидэнтэй их ойр. Соёл ч дөхөм. Тиймээс бид хамгийн сайн тоглолтоо үзүүлэх гэж хичээж байна” гэж ярив.

Ханхүү Абдалазиз багийнхаа гайхалтай ялалтын үндэс суурийн талаар “Бид сүүлийн жилүүдэд спортод их хөрөнгө хаяж байгаа. Спортын экосистемийг эх орондоо нутагшуулж, дэлхийн шилдгүүдээс суралцаж байна. Учир нь бид спортод хайртай ард түмэн. Бид олимпийн хороогоо байгуулахад анх 30 гишүүн холбоодтой байлаа. Харин одоо 97 болжээ. Энэ бол манай улсад спорт идэвхтэй байгаагийн илрэл. Бид ард түмнийхээ төлөө бүхнийг хийдэг. Энэ нь нийгэм, эдийн засгийн хувьд бүх түвшинд бидэнд ашиг тусаа өгч байна” гэлээ.

Мөн түүнээс Кристиано Роналдог Саудын Арабд тоглох боломжтой эсэхийг асуухад “Мэдэхгүй юм даа. Би таны уншсан мэдээг л сүүлийн хэд хоног уншлаа. Саудын Арабд мөнгө байгаа ч Роналдог ирэх эсэхийг нь мэдэхгүй байна” гэж хариулжээ. Сэтгүүлч түүнээс Роналдог нутагтаа хармаар байна уу гэж асуухад ханхүү “Яагаад үгүй гэж? Бидэнд өрсөлдөөнтэй лиг бий. Баг бүр долоон гадаад тоглогчтой. Бид энэ тоог өсгөмөөр байна. Манай багууд Азидаа топ түвшинд тоглодог. Хөлбөмбөг Саудад хөгжиж байна” гэжээ.

Саудын Арабын дасгалжуулагч Эрве Ренарын хувцас солих өрөөнд хэлсэн үгс сүүлийн өдрүүдэд цахим орчинд хандалт өндөртэй байна. Аргентинд 1-0 гэсэн харьцаатай хожигдож эхэлсний дараа завсарлагаанаар Эрве Ренар багийнхандаа хандаж “Та нар юу хийгээд байгаа юм бэ? Шахалт хийгээд байгаа юм уу? Шахалт гэдэг бол хурдан гүйхийн нэр биш ээ. Месси төвд бөмбөг авбал хамгаалалтаа хий. Хэрэв хүсвэл утсаа гаргаж ирээд түүнтэй зургаа даруулалдаа… Бөмбөгтэй үедээ та нар сайн байсан. Тэднийг юу хийснийг харсан уу? Та нар ямар нэгэн зүйл мэдрэхгүй байна гэж үү? Та нар эргэж ирж чадахгүй гэж бодож байна уу? Мэдрэхгүй байна, тийм үү? Аргентинчууд тайван тоглож байна. Алив л дээ, залуусаа. Энэ бол дэлхийн аварга. Бүхнээ зориул” гэж бухимдангуй ярьсан дүрс бичлэг нь ил болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж