"Эцэггүй өнчин өргөмөл охин чамайгаа
Ээжээс чинь салгаж, гэргий болгож авчихаад
Яаран уцаарлах, нойрмоглож уурлахаас өөр
Юугаараа гийгүүлэв дээ.
Яая даа байз" …Ээжийн минь нэртэй гариг /14.XI.1963.шөнийн 10.50 цаг/ хэмээн Монголын их найрагч, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан бага залуу насандаа хайрт гэргий С.Баасандаа зориулан шүлэглэжээ. Энэ шүлгийг өөрт нь зориулж бичсэн гэдгийг ч мэдээгүй С.Баасан гуай олон жилийн дараа ханийнхаа гар бичмэл дундаас олж, уншсан тухайгаа инээмсэглэн өгүүлнэ.
Тэрбээр "Үр хүүхдүүд минь хайрт аавынхаа, өвөөгийнхөө нэрэмжит санг үүсгэн байгуулж байна. Цаашдаа уран бүтээлийнх нь гэр музейг байгуулахаар зорьж буй юм. Энд ханийнхаа зохиол бүтээлийн зах зухаас л дэлгэлээ. Та бүхэн тухтай үзэж сонирхон биз. Ханийн минь дотны анд нөхөд, ах дүү, шавь, ойр дотны хүмүүсээ хараад нулимсаа тэвчиж сууна. Талийгаач хүү минь аавынхаа уран бүтээлүүдийг нь цэгцэлж, янзалсан" хэмээнэ.
Их найрагч нэгэнтээ "Бага нас минь бусадтай адил мөртлөө ганцаараа эдэлсэн бага нас байсан юм шиг ээ. Яагаад гэвэл би хүний ганц хүү. Миний эмээ Нацагням гэж хөгшин байв. Түүний ижий нь тогооч. Их өндөр настай хүн байсан. Би эмээгийнхээ ээж дээр өссөн. Ээж минь айлын том нь болохоор эмээ айл болж гарахдаа ээжийг өөрийнхөө ээж дээр орхисон юм билээ. Тэгээд ээж намайг өөрийнхөө эмээ дээр өсгөсөн" талаар номондоо тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүний нялхын буруу энгэртэй баривч, хүй, орны хөлөөс уяж байсан уяанаас эхлээд эгэлгүй, сод бүтээл төрөх агшны гар бичмэлүүдийг өнөөдөр /2022.11.25/ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэв.
Өнөөдөр арваннэгдүгээр сарын 25. Их найрагч Б.Лхагвасүрэн агсны мэндэлсэн өдөр. Эл өдөр үр хүүхдүүд нь "Бавуугийн Лхагвасүрэн" сангийнхаа үйл ажиллагааг албан ёсоор нээж буй нь энэ.
Нээлтийн үйл ажиллагаанд яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны дотны найз, ахан дүүс, шавь нар нь хүрэлцэн ирж, халуун дотно яриа өрнүүлж, дурсамжаасаа хуваалцана. Хүрэлцэн ирсэн зочид урьд өмнө нь үзэж байгаагүй сонин содон бүтээлүүдийг олны хүртээл болгож байгааг онцолж байв.
Тэдний нэг, их найрагчийн хуурай дүү УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж "Б.Лхагвасүрэн гуай хоёр дахь үеийн содон яруу найрагч. Анх 1992 онд УИХ-д сонгогдож, өрөө, ширээ хуваарилахад бид хоёрыг нэг ширээнд суулгасан. Өрөө нь нэг давхарт зэрэгцээ. Бүр захиалчихсан юм шиг. Их сайхан хувь заяа гэж боддог. Тэр цагаас хойш их найрагчийг бурхны оронд явах хүртэл нь хамт байсан. Бид чуулган дээр хууль гээд маргалдаж байхад Б.Лхагвасүрэн гуай шүлгээ бичиж сууна. Их гоё үзэг, дэвтэртэй. Би эхний дөрвөн жил Б.Лхагвасүрэн гуайг дагаж явсан. Өрөөнд нь тамхи татаад л, шатар тоглодог байсан" тухайгаа дурсан ярилаа.
Тэрбээр "Би нэг удаа хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайгаас "Энэ Б.Лхагвасүрэн гуай хэр дайны амьтан бэ" гэж асуучихсан чинь "Наадах чинь Монголын Шекспир байхгүй юу" гэж хариулж билээ.
Үнэхээр тэр Монголын Шекспир. Энэ агуу хүний үйл хэргийг үргэлжлүүлэх санг үүсгэн байгуулж байгаад туйлын баяртай байна" гээд үр хүүхдүүдэд нь амжилт хүсэв.
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны нэрэмжит сангийн гүйцэтгэх захирал С.Хабул "Бид өвөөгөөсөө өнчирсөн ч асар их оюуны өв, нэр хүндтэй үлдсэн. Энэ үүднээсээ өвөөгийнхөө уран бүтээлийг эрхэмлэн хайрлаж, нандигнан хамгаалж, бахархалтайгаар ард түмэндээ түгээхээр энэхүү санг үүсгэн байгуулсан юм. Өвөөгийн минь нэрэмжит сан цаашдаа олон ажлыг хийхээр төлөвлөж байна.
Энэ хүрээндээ гэр музуйг байгуулахаасаа өмнө өвөөгийнхөө оюуны "эрдэнэс"-ээс багахан хэсгийг та бүхэндээ сонирхуулж байна.
Мөн өвөөгийнхөө хөшөө дурсгал бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, ном зохиолыг нь тасалдуулахгүй хүргэнэ. Бид өвөөгийнхөө бүтээлүүдийг олон улсад сурталчлан таниулж, оюуны өмчийг эрхэмлэн дээдэлж, соён гэгээрүүлэх, олон түмэндээ оюуны өвийг түгээх зорилготой ажиллаж байна" гэдгийг хэлсэн юм.
Сонирхуулахад, үзэсгэлэнд их найрагчийн шүдэнзний цуглуулгыг олонд анх удаа дэлгэсэн байв. Ач хүү С.Хабул "Өвөө маань ээжийгээ алдсанаас хойш тамхи татаж эхэлсэн гэж ярьдаг юм. Тэгэхээр 1970-аад оноос шүдэнз цуглуулдаг болсон. Их л олон хайрцаг дүүрэн шүдэнз бий" гэв. Б.Лхагвасүрэн агсанг ард түмэн чамгүй авьяастай зураач гэдгийг нь тэр болгон мэддэггүй. Түүний зурж бүтээсэн олон номын хавтас, зураасан зургийн бүтээлүүдийг олны нүдийг хужирлана.
Холбоотой мэдээ