Номын санг барьсан компанийн өмчийн маргаан шийдэгдээгүй

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

Номын санг барьсан компанийн өмчийн маргаан шийдэгдээгүй

Номын санг барьсан компанийн өмчийн маргаан шийдэгдээгүй

Үндэсний төв номын сангийн шинэ барилгыг удтал хүлээж буй. Төлөвлөгөө ёсоор номын сан энэ онд үүдээ нээх ёстой байв. Гэвч барилгын ажлыг гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нас барж, цаашлаад хүүхдүүдийн хооронд өвийн асуудал үүссэн учраас бүтээн байгуулалтын ажил зогссон. Энэ талаар Соёлын яамнаас тодруулахад "Гүйцэтгэгч компанийн өмчийн маргаан нь шийдэгдээгүй. Маргаан дууссаны дараа л тендер зарлах асуудал руу орно" гэв.

Энэ барилгын явцын талаар Соёлын сайд Ч.Номин чуулганы хуралдааны үеэр хэлэхдээ "Үндэсний төв номын сангийн ажлыг гүйцэтгэж буй компанийн хувьд асуудалтай байгаа. Гэхдээ холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Яах аргагүй өмчлөлийн асуудалтай болсон учраас гэрээг цуцлах ажил руу орж байна.

Ирэх онд дахин шинэ гүйцэтгэгчийг тендер зарлаж оруулахаас өөр аргагүй болсон. Учир нь гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нас барж, цаашлаад хүүхдүүдийн хооронд өвийн асуудал үүссэнээс болж, ажлыг гүйцэтгэх чадамжгүй болсон. Тиймээс шинэ гүйцэтгэгч оруулахаас өөр аргагүй болсон" гэдгийг хэлсэн юм.

Соёлын салбарт 2023 онд улсын төсвийн 1.3 хувийг зарцуулж буй. Нийт 143 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөжээ. Дийлэнх нь эхэлсэн хөрөнгө оруулалтаа дуусгахад чиглэсэн гэдгийг сайд нь онцолсон.

Үндэсний төв номын сангийн гүйцэтгэл 85 хувьтай байгаа ч анх төсөвт тусгахдаа дотоод интерьер зураггүй хийсэн байна. Тиймээс төсвөөс гадуур зургийг нь "Сайн санаа" гэдэг компаниар хийлгэж, дууссан бөгөөд барилгын магадлалаар ороогүй байгаа аж. Энэ барилгын тоног төхөөрөмжийн төсвийг 2022 онд суулгаж, 2023 онд 6.2 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгажээ.

Албаныхны мэдээлснээр, Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Америкийн Элчин сайдын яамны чанх урд баригдаж буй Үндэсний номын сангийн 11 давхар, 9948.2 ам метр талбай бүхий шинэ байр 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

Анх 2008 оноос эхлэн шинэ байрны асуудал яригдаж, 2014 оноос барилгын ажил эхэлжээ. Гэвч төсөв, санхүүгийн улмаас барилгын ажил удааширч, 2017 оноос ажил нь эхэлсэн байдаг. Шинэ номын сангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” компани ажиллаж байна. Тус номын сан 450 хүний суудалтай, мөн харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан соёл, боловсролын танхимтай байна.

Хуучин номын сангийн төв байраа Монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх аж. Энэ хуучин байрыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж, ашиглалтад оруулж байсан бол гурван сая орчим номтой болж өргөжин, даац хэтэрчээ. Мөн ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийгээгүй бөгөөд МХЕГ-ын дөрвөн удаагийн шалгалтаар 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж