Суга таяг, доголон нулимс нь гайхалтай гоол болж хувирав

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

Катар-2022

Суга таяг, доголон нулимс нь гайхалтай гоол болж хувирав

Суга таяг, доголон нулимс нь гайхалтай гоол болж хувирав

Ердөө гуравхан долоо хоногийн өмнө суга таягтай, дэлхийн аваргад оролцох боломжгүй гэж байсан Ришарлисон өнгөрсөн шөнө Бразилын ард түмэнд баяр баяслыг авчирлаа. “Помбо” буюу тагтаа хочит тэрбээр анхны дэлхийн аваргынхаа анхны тоглолтод энэ тэмцээний түүхэн дэх хамгийн гайхалтай гоолуудын нэгийг оруулж, Бразилын “9” дугаартай домгуудын эгнээнд нэрээ бичүүлэв.

Ришарлисон тоглолтын дараа “Би сэтгэлээр унасан. Би мөрөөдлөө биелүүлэхэд ойрхон ирээд байсан ч бэртэл авч хоёр сар талбайд гарах боломжгүй болсон” гэж өнгөрснөө эргэн дурсчээ. Үнэхээр л Ришарлисоныг ДАШТ-д оролцох боломжгүй болжээ гэж олон хүн бодсон. Гэвч дасгалжуулагч Тите шигшээ багийн бүрэлдэхүүний зарлах хэвлэлийн бага хурал дээр “Ришарлисон, Тоттенхэм” гэж дуудахад Ришарлисон болон түүний гэр бүлийнхэн баярын нулимс унагааж байв.

Рио де Жанейрогийн Гранжа Комари гэх гэмт хэрэг, болохгүй, бүтэхгүй зүйлсээр дүүрэн хотоос гаралтай Ришарлисонд буруу замаар будаа тээх сонголт байсан ч тэрбээр эцэст нь хөлбөмбөгийг сонгож, өдий хүрчээ.

Шигшээ багт дуудагдсан талаараа Ришарлисон “Үнэхээр сандарч, тэвдэж байсан. Дэлхийн аварга бол мөрөөдлүүдийн мөрөөдөл. Үнэхээр эмээж байлаа” гэжээ.

“Помбо” үнэхээр Титегийн хайртай хүү. 2018 оноос хойш тэр шигшээдээ дуудагдаж, урд галын шугамд хүчин зүтгэж байгаа. Өчигдөр ч гэсэн Сербийн эсрэг сайн тоглож, олдсон боломжоо бүрэн ашиглаж, хоёр гоол оруулав.

Сербийн эсрэг тоглолтын дараа түүний багийн хамтрагч Антони “Түүний өмнөөс баяртай байна. Тэр гайхалтай залуу. Үүнийг хүртэх эрхтэй. Тэр бол Ришарлисон шүү дээ. Түүнд боломж өгвөл тэр гоол оруулдаг. Та нар түүнийг бэлтгэл дээр харах хэрэгтэй. Тэр хаанаас ч, ямар ч өнцгөөс цохьдог. Гайхалтай тоглогч” гэжээ.

Харин Фред “Түүний тоглолт гайхалтай байлаа. Түүнд баяр хүргэмээр байна. Дэлхийн аваргын дебютээ хийнэ гэдэг амаргүй. Гэтэл тэр бүр хоёр гоол орууллаа. Хамгийн чухал нь бид ялалт байгууллаа. Гайхалтай тоглолт боллоо”  гэж ярив.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж