“Эрх мэдэлтэй хүмүүс газар авчихаад төрд өндөр үнээр шахдаг”

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

Live“Эрх мэдэлтэй хүмүүс газар авчихаад төрд өндөр үнээр шахдаг”

18 : 17
2022-11-25

“Эрх мэдэлтэй хүмүүс газар авчихаад төрд өндөр үнээр шахдаг”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Нэгдүгээр асуудал, нийгмийн хэрэгцээ шаардлага гэдэг үндэслэлээр газрыг замбараагүй олгочих вий. Нийгмийн хэрэгцээнд зориуллаа гээд дуудлага худалдаа ч байхгүй хувийн хэвшилд өгчих вий.

Хоёрдугаарт, газрын үнийн асуудал. Нийслэл газрын нөхөн төлбөрт 90 орчим тэрбум төгрөг өгсөн мэдээлэл бий. Эрх мэдэлтэй хүмүүс нь газар авчихаад төрд өндөр үнээр шахдаг. Түгжрэлийг бууруулах 420 тэрбумаас нэлээд нь газар чөлөөлөлтөд явжээ гэж ойлгоод байгаа шүү. Цаашдаа энийг яаж шийдэх юм бэ.

Барилга хот байгуулалтын яамны Хуулийн хэлтсийн дарга н.Нямдорж: Нийслэл дээр болон гадаадын зээл тусламжаар хэрэгжих төслүүдэд газар чөлөөлөлт хийгдэж байгаа. 2017-2020 онд нийслэлд 106 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Жишээ татвал, 1008 айлын орон сууцны төсөл дээр 3.3 тэрбум төгрөг зарцуулаад төсөл хэрэгжиж байна.

Нийгмийн хэрэгцээний зориулалтаар гэж татвар төлөгчдийн мөнгөөр газар авчихаад дээр нь орон сууц, оффис барьдаг гэдэг асуудал яригддаг. Тийм учраас энэхүү төсөлд нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлага гэдгийг тодорхой зааж өгсөн.  

Газар чөлөөлөлтүүд өнөөдөр хийгдэж байгаа. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд энийг зохицуулсан тодорхой зохицуулалт байдаггүй учраас Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Барилга хот байгуулалтын сайд, Сангийн сайд нарын баталсан Хөрөнгийн үнэлгээний журмаар зохицуулагдаж байгаа.  

Хуулийн төсөлд өмчлөлийн газрыг зах зээлийн үнэлгээгээр, хязгаарлагдмал газрыг суурь үнэлгээгээр, дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр үнэлэхээр хуулийн төсөлд тусгасан.

Мэдээлэлд ойр хүмүүс газар авч, төрд дамлаж зардаг гэдгийг хязгаарлах зорилгоор дотоод мэдээлэл эзэмшигч гэдэг зохицуулалт оруулж ирээд, дотоод мэдээллийг задруулахгүй байх үүрэг хүлээж байгаа.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Үл хөдлөхийн үнэлгээг тодорхой болгож байж, энэ төслийг оруулж ирэх ёстой байсан. Улаанбаатар хот дээр зураг төсөл хийж байгаа хүмүүс нь мэдээллийн давуу байдлаа ашиглаж, газар аваад төрд шахдаг.

Өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг, газраа үнэлүүлнэ гэж төсөлд зааж өгчээ. Энэ тохиолдолд өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг хэдэн тэрбумаар үнэлүүлээд ирвэл яах вэ. Банкны нүдээр харахаар амбаар, татварын байцаагчийн нүдээр харахаар хаус болно гэдэг шиг юм болох нь.

Түгжрэлтэй холбоотой уулзварыг чөлөөлөх хүрээнд төрийн хатуу шаардлагаар үнэлгээ дээр нь өөрчлөлт оруулахгүйгээр чөлөөлж авдаг байх хэрэгтэй.

Улаанбаатар хотод цэцэрлэг, сургууль барихын тулд газар чөлөөлөх гэж асар их мөнгө зарцуулж байна, сүүлдээ дийлэхээргүй боллоо. Батлагдсан мөнгөнөөс их мөнгийг нөхөн олговорт өгч байна.

Барилга хот байгуулалтын яамны Хуулийн хэлтсийн дарга н.Нямдорж: Таны ярьж байгаа үнэн. Өгөх болохоороо өндөр үнэлгээтэй, авах болохоор хямд үнэлгээтэй байдаг, хоорондын уялдааг хангах шаардлага байгаа.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Хөрөнгийн үнэлгээний тухай хууль орчихсон явж байгаа, энэ хүрээнд шийдэх боломжтой. Гуравдагч үнэлгээний үнэлгээг үндэслэл болгохоор оруулж ирсэн.

Энэхүү хуулийн төсөл дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авсан тул чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. 

16 : 31
2022-11-25

Монгол Улсын иргэн 18 нас хүрч байж газар өмчилнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ -ийг хэлэлцэж байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газар өмчлөлийн тухай хуулиар Монгол Улсын иргэн нь насанд хүрээгүй байсан ч газар өмчлөх эрхтэй бол шинэ төсөлд заавал 18 нас хүрч байж газар өмчлөх, дэд бүтэцтэй газар газар өмчлүүлэх, аж ахуйн нэгжид газар өмчлүүлэхгүй, ашиглуулах зэрэг зохицуулалт тусгаж өгчээ. Мөн газар өмчлөлийг хугацаагүй болгожээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуултад хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Иргэдэд үнэ төлбөргүй газар өмчлүүлэх хууль хэрэгжээд олон жил болж байна. Хэчнээн иргэн газар өмчлөв, цаашдаа яаж үргэлжлэх вэ?

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Монгол Улсын иргэдийн 19.8 хувь буюу 663116 иргэн газраа үнэ төлбөргүй өмчилсөн. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байна, иргэд газраа өмчилж чадахгүй байна гэдэг асуудал гардаг учраас газар өмчлөлийг хугацаагүй болгосон. Мөн Монгол Улсын иргэн нь 18 нас хүрсэн хойноо газар өмчилнө. Дэд бүтэцтэй газар л өмчлөх эрх өгнө. 30 хоногийн хугацаанд газар өмчлөх эрхийг шийдэж өгнө.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монгол Улс юм болгоныг өмчилж авбал сайхан гэдэг ойлголт газар авсан. Гэтэл газар өмчлөх нь буруу гэдэг нь харагдсан. Эзэмшлээрээ ашиглаад байж болох байсан. Өмчлөлийн хууль гэж гарсан ч хэрэгжээд олон жил болоход хамрагдалт хангалтгүй байгаа. Болохгүй зүйлийг хүчлэхийн үр дүн энэ. Газар өмчлөлийн хуульд орсон завхаруулдыг шинэ хуулиар засч оруулж ирж байгаа юм байна, зөв.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газар өмчлөлийн хуулиар зам барих гэхээр “Энэ миний өмчилж авсан газар гээд хөдөлж өгдөггүй. Хот төлөвлөлтөд хүртэл нөлөөлдөг. Явахгүй морийг ташуурддагттай адил газар өмчлөлийг хугацаагүй болгох ямар хэрэг байна вэ. Дэд бүтэцтэй газар газрыг өмчлөх, эзэмших байдлаар оруулж ирэх нь зөв.

Х.Баделхан гишүүнийг сайд байх үед газар өмчлөлийн хугацааг сунгасан, хэдэн он хүртэл сунгасан билээ, түүгээр нь зогсоочихвол яасан юм бэ?  

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Газар өмчлөлийн хугацааг 2028 он хүртэл 10 жилээр сунгасан байсныг хугацаагүй болгосон.  Мөн 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн газар өмчлөлийн эрх эдлэхээр зааж өгсөн. Аж ахуйн зориулалтаар газар өмчилдөг байсныг хориглосон.

Улсын газар төлөвлөлтийн жилийн төлөвлөгөөнд суулгаж байж, газар өмчлөл явагдана. Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх хуулийг дзавхар оруулж ирж байгаа. Бүтээн байгуулалт хийх ийм ийм тохиолдолд газар чөлөөлнө гэсэн зохицуулалт давхар орж ирсэн. Энэ хууль батлагдсан нөхцөлд газар чөлөөлөлтөд саад учрахгүй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Хувийн өмч болчихсон газар дээр байшин барилга барьчихсан байвал яах вэ. Нас барвал өмчилсөн газрыг яах вэ?

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Өмчилсөн газар дээр бүтээн байгуулалт, төсөл хэрэгжих тохиолдолд газрыг үнэлж, төлбөр төлнө.

Нас барсан тохиолдолд өв залгамжлах болоод бусад хуулийн үйлчлэл үйлчлээд явна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 18 нас хүрээгүй хүүхэд газар өмчилсөн тохиолдолд шинэ хуулиар яах вэ. Хэчнээн насанд хүрээгүй хүүхэд газар өмчилсөн байна вэ?

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Хуучин хуульд нас заагаагүй учраас Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй байсан.  Тийм учраас насанд хүрээгүй хүүхдийн өмнөөс эцэг, эх нь тухайн газрыг захиран зарцуулдаг тохиолдол олон байсан. Өнөөдрийн байдлаар 32 мянган хүүхэд газар өмчилсөн байгаа.  Өнөөдөр газар өмчилсөн байгаа хүүхдийн асуудлыг хөндөхгүй. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Газар өмчлөлийн хууль нь чухал ач холбогдолтой хууль учраас МАН-ын бүлэг саналаа нэгтгэх шаардлагатай байна, тав хоногийн завсарлага өгнө үү. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:  Тав хоногийн завсарлага өгч байна. 

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг эхлүүлээд байна. 

15 : 29
2022-11-25

Ш.Адьшаа: Арвуулахнаа хууль хэлэлцэж болохгүй, УИХ-ын дарга аа!

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын кадастрын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч буйн зэрэгцээ байр сууриа ч илэрхийлж буй. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: УИХ-ын танхимд 10 гишүүн байна. Энэ том хуулийг ингэж хэлэлцэх нь зөв үү, УИХ-ын дарга, хурал зохион байгуулагчид аа. Анхаармаар байна. Орон нутгийн хилийн цэсийн асуудал, хот тосгоны хилийн цэсийн асуудлыг ганц байнгын хороогоор оруулж хэлэлцэх нь асуудалтай, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Газрын асуудал ашиг сонгирхол, хэл ам дагуулсан хамгийн том асуудал, энийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцье. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагтай холбоотой асуудлыг нэг байнгын хороогоор хэлэлцэх нь учир дутагдалтай. Төрийн байгуулалт, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагдах асуудлыг тус, тусад нь хэлэлцэх горимын санал гаргаж байна.

Бэлчээрийн асуудлыг тойроод орон нутагт маш их асуудал байгаа. Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор олон талаас нь хэлэлцэж байж, нийгмийн харилцааг зохицуулсан хууль батлагдана. Асуудалд ингэж хандмааргүй байна дарга аа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Газрын тухай хуулиа уншаагүй, ойлгоогүй байна, Байнгын хорооны хуралдаа сайн сууж, оролц.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Кадастрын тухай хуулийн төсөлд хариуцлагатай хандах ёстой учраас УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүсч байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Ирэх долоо хоногийн Пүрэв гариг хүртэл УИХ дахь МАН-ын бүлэгт завсарлага өглөө.

УИХ-ын 76 гишүүнээс 34 нь гадаад, дотоод томилолт, өвчтэй, чөлөөтэй байна. Иймд Тамгын газар, намын бүлэг анхаарах хэрэгтэй байна.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлээд байна.

14 : 54
2022-11-25

Газрын кадастрын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Газрын кадастрын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч эхэллээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Кадастрын давхцал маш их гардаг, иргэд хохирдог. Цаашдаа зөвхөн кадастраар газар олгодог асуудал хуульд тусав уу. Орон нутгуудад хилийн цэсийг тогтоохдоо уулын оройгоор багцаалдаг ?  

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Кадастрын асуудлууд энэ хуулиар шинэчлэгдэж орж ирж байгаа. Амьдрал дээр дүүргийнх нь газар олголтыг нийслэл бүртгээгүй байснаас давхцаж газар олгогддог асуудал их гардаг. Газрын нэгдсэн бүртгэлтэй болох учраас шийдэгдэнэ.

Хөдөөд уулын оройгоор хилийн цэс татдаг тохиолдол их, нэгдсэн системтэй болж байгаа учраас цэгцэлнэ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Богдхан уулын эргэн тойронд 1473 газар ашиглах гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгө баригдсан ч кадастрын санд бүртгэлгүй байна. Улаанбаатар хотын эргэн тойронд ашигт малтмалын 181 лиценз олгосон ч ямар ч кадастаргүй. Кадастрт оруулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан тохиолдолд ямар хариуцлага хүлээх юм. Кадастрын зурагт ороогүй үйл ажиллагаа явуулж байгаа олон газрууд байна. Энэ асуудлыг яаж шийдэх юм. Бас ямар хариуцлага хүлээлгэх юм. Одоо байгаа хуульд шийдвэрлэх боломжгүй асуудлыг шийдэх гэж хуулийг шинэчлэх ёстой. Гэтэл энэ агуулгаа багтааж чадаагүй байна.

Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай: Кадастрын зураг гаргах тусгай зөвшөөрөлтэй 253 аж ахуйн нэгж бий. Эдгээр нэгжүүдийн ихэнх нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Орон нутагт кадастрын зураг хийлгэх эрэлт хэрэгцээ байнга гардаггүй. Шинэчилсэн хуулиар нийт газар нутгаа муж тойрогт хуваагаад тухайн тойрогт байгаа хүн ам нутаг дэвсгэрийн хэмжээнд тохируулж кадастрын зураг хийх аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг олгож, тэнд нь үйл ажиллагааг нь явуулах бодлого барьж, өөрчлөлт хийж байна. 

Тусгай хамгаалалттай газар нутаг, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн газрууд газрын мэдээллийн санд бүртгэгдэхгүй байна гэсэн асуудал ярилаа. Тусгай хамгаалалттай болон ашигт малтмалын зориулалтаар газар олгохдоо заавал улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэж олгоно. 

Төлөвлөгөөнд үндэслэж олгосон учраас энэхүү бүртгэл газрын кадастрын нэгдсэн санд бүртгэгдэхээр хуульчилсан. Дээрх төрлөөр газар олгосон асуудлыг  иргэд нээлттэй мэдэх, саналаа өгч оролцох, хяналт тавих боломж бүрдэж байгаа. Газрын төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжтой болж байгаа. Ашигт малтмалын чиглэлээр 1243 нэгж талбар бүртгэгдсэн. Бүртгэгдээгүй нэгж талбарыг бүртгүүлэх ажлыг орон нутагтай хамтарч зохион байгуулж байгаа.

Татварт газрын төлбөрийн мөнгө  төвлөрөхгүй байгаагийн шалтгаан нь мэдээллийн санд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрууд бүртгэгдэхгүй байгаатай холбоотой.

13 : 40
2022-11-25

Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Завсарлага авах болсон шалтгааныг УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл “Өнгөрсөн 30 жилд газартай холбоотой хуримтлагдсан асуудал их байгаа.  Газрын ерөнхий хууль нь өнөөдөр үзэл баримтлалын төвшинд орж ирж байгаа учраас хэлэлцэх зүйл их байна. Ардчилсан намын бүлгийн гишүүд бид Газрын ерөнхий хуультай холбогдуулаад оролцогч бүх талуудыг сонсох шаардлага байгаа учраас ажлын тав хоногийн завсарлага хүсч байна” гэсэн юм.

Хурал даргалагч УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ дахь Ардчилсан намын бүлэгт завсарлага өглөө.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Н.Ганибал "Уул уурхай, газар тариалан, аялал жуулчлалын газар бүгд кадастрын зурагтай ч бэлчээрийн газрыг орхигдуулсан хэвээр байна. Газрын тухай хууль бол бүх салбарыг хамарсан цогц бодлого байх ёстой. Дэлхийд хамгийн түрүүнд газраа бүртгэсэн байдаг. Энэ хууль газар ашиглалтын бүрэн зургаа огт багтаагаагүй байна. Эрдэнэбүрэнийг тойрсон бэлчээрийн асуудал ч мөн тодорхойгүй байгаа" гэдгийг онцолж байсан юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байгаа бөгөөд 14.00 цагаас үргэлжилнэ.

13 : 08
2022-11-25

Б.Бат-Эрдэнэ: Байгаль орчны сайд газар олгохгүй

УИХ-аар Газрын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

Тухайлбал, “Бэлчээрийг хэрхэн малчдад ашиглуулах, Богдхан ууланд хэдий хэмжээний газар олгогдсон бэ” гэдгийг тодруулсан юм.

Ажлын хэсгээс өгч буй мэдээллээр “Бэлчээр нь нийтийн өмч тул ашиглуулахаар Газрын ерөнхий хуульд тусгаж өгсөн. Одоогоор 600 мянга гаруй га талбай отрын бүсэд хамаардаг, шинэ хууль батлагдсанаар отрын бүсийн талбай 20 орчим хувиар нэмэгдэнэ. Отрын бүс нутгийг ашиглахдаа малчид аймаг, орон нутагтай зургаан сарын гэрээ байгуулна. Хилийн бүс нутагт газрыг ашиглах бол хоёр талдаа 5 км зайд орших ус цэг, бэлчээрийг харилцан ашиглана.

Богдхан ууланд 2730 барилга баригдсанаас 336 нь өндөр барилга, бусад нь намхан барилга. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн ирүүлсэн дүгнэлтээр Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт 311 иргэн, аж ахуй нэгжид зориулалтын бус газар олгосон байдаг. Газрыг үе үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар олгосон. Аялал жуулчлалын зориулалтаар газар олгох ёстой байтал амины, зуслангийн зориулалтаар голчлон газар олгосон байдаг ажээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Төрийн өмчит байгууллагын хичнээн га газрыг хууль зөрчин бусдад шилжүүлсэн талаар судалгаа байна уу. Сургууль, эмнэлгийн газрыг булааж авдаг асуудал хэрээс хэтэрлээ. Хуулийн төсөлд энэ асуудлыг хориглох талаар хэрхэн тусгасан бэ?

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Судалгаагаар төрийн өмчит сургууль, цэцэрлэг, төрийн өмчийн байгууллагаас 106 газрыг бусдад шилжүүлсэн байдаг. Сургууль, цэцэрлэгийн газраас тухайн захирлынх нь зөвшөөрөлтэйгөөр газрын албанд хандаж газрыг гаргасан тохиолдол өнгөрсөн хугацаанд гарсан. Газрын ерөнхий хуульд энэ асуудлыг хориглосон. Боловсролын байгууллагын газруудыг нэгдсэн кадастрт оруулж, шилжүүлэхийг хориглосон. Эрүүл мэндийн байгууллагын газрыг ч мөн адил бусдад шилжүүлэхийг хориглосон. Төрийн өмчит компаниудын газрыг бүртгэлжүүлж, кадастрт оруулна. Кадастарт оруулснаар өөр аж ахуйн нэгж, иргэнд газраа шилжүүлэхийг хориглоно.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Зайсан, Яармаг, Богд уул орчмын газрыг аялал жуулчлалын зориулалттай газар байна гэсэн хэрнээ орон сууц барьсан. Орон сууцнууд нь гэрчилгээ байхгүй учраас банкинд тавьж, эх үүсвэр татах боломжгүй 30 жил яваад ирлээ. Үр дүнд нь эдийн засгийн боломжоо алдаад байгаа. Авлигыг нь өгөөд барилгаа барьсан компаниудын асуудал ч байна. Хариуцлагын асуудал яаж явах вэ. Ийм газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаа яаж харж байна вэ, хэн хариуцах юм бэ. Үнэ цэнэтэй газарт Байгаль орчны яам нь зөвшөөрөл өгчихдөг, нэг ч музей байдаггүй. Богд уулаа тойроод битүү байшин, сургууль, цэцэрлэг байдаггүйгээс түгжрэл бий болдог. Газрын зөвшөөрлийг Байгаль орчны яам үргэлжлүүлэн олгох юм уу, олгох бол зөв үү.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Богдхан уулын дархан цаазат газарт газар олголт хийсээр ирсэн. Миний хувьд сайдын албыг хүлээн авснаас хойш 150 нэгжийн 22 га газрыг цуцалсан. Нүхтийн ам, Залаалтын ам гэхчлэнгээр газар олголтуудын бүрэн зогсоосон. Түргэний аманд хилийн цэстэй холбоотой маргаан бий, Богдхан уулын тусгай хамгаалалттай бүс нутгийг 5594 га газраар тэлсэн.

Нэгэнт газар аваад барилга барьсан бол эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэж үзэж байгаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам цаашдаа газар олголт хийхгүй, байгалиа хамгаалах статусаа барина.

Цаашдаа бол Барилга хот байгуулалтын яам,  Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Нийслэл нэгдсэн газрын сангаараа явах ёстой гэдэг нэгдсэн байр суурьтай байна.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Улаанбаатар хот нь 0.01 хувь газартай, тэлэх гээд ярьдаг ч зүүн тийшээ тэлье гэхэд Хонхор луу цэвдэгтэй. Баруун хойшоо тойроод гэр хороолол байгаа. Яармаг руу явсан тэлэлт цаашдаа Морингийн даваа, Хөшигийн хөндий гээд явна. Төвийн зургаан дүүргийн 45 хувь нь л дэд бүтэцтэй. Байгаа дэд бүтэц дээрээ л барилга барьж байгаа. 30 жилд дэд бүтэц хийгээгүйн үр дүн.

Тиймээс газар, дэд бүтцээсээ шалтгаалж, өндөр барилга баригдаж байна. Яармагийн хэсэгчилсэн төлөвлөлт гэж байдаг ч мөрдөгддөггүй.

УИХ-ын гишүүн Т.Дорхжанд: Цаашдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам газар өгөхгүй, байгалиа хамгаална гэдэг байр суурин дээрээ тууштай байгаарай. Олон улсад газрыг дуудлага худалдаагаар зардаг. Дэд бүтэцтэй байж, газар үнэтэй байдаг. Б.Мөнхбаатар сайдын ярьдаг үнэн. Төсөв дээр дэд бүтцийнхээ анхны эх үүсвэрийг суулгаж өгөх ёстой, асуудлыг шийддэггүй нь төвлөрлийг бий болгосон.

12 : 46
2022-11-25

Газрын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.11.25/ хуралдаан эхлээд байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэллээ.

Тэрбээр “Газрын тухай хууль бол Монгол Улсын Үндсэн хуулийн дараа орох тусгаар тогтнолтой холбогдох чухал хууль. Өнгөрсөн 30 жил газар яаж зардаг вэ, яаж дамуурч болох вэ гэдгийг харуулсан 30 жил болсон. Энэ дампуурлыг засч, өөрчлөх боломж гэж харж байгаа. Бүх гишүүд хуулийн төсөлд онцгой анхаарч, ач холбогдол өгч оролцъё. Энэ хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оуруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгээс хойшлуулж өгөхийг хүсч байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх ёстой асуудал.

Хоёрдугаарт, дэлхий дээр Украин, Оросын дайны гал ид дүрэлзэж байна. Энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэх гээд чичрээд байгаагийн учир юу вэ. Шинжээч, холбогдох экспертүүдтэй зөвлөлдөж байж оруулж ирэх ёстой” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Чуулганы хуралдаанаар Газрын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ” гэдгийг тодотголоо. УИХ өнгөрсөн долоо хоногт энэхүү хуулийн төслийг хэлэлцэж байгаад түр хойшлуулсан байсан билээ. 

Газрын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм. 

 

11 : 55
2022-11-25

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр дараах төслүүдийг хэлэлцэнэ.

Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтийг танилцуулах.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж