Шатахууны үнийг ч, импортыг ч чөлөөлье!

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг ч, импортыг ч чөлөөлье!

Шатахууны үнийг ч, импортыг ч чөлөөлье!

Монголын экспорт, импорт хоёр хөршөөсөө шууд хамааралтай. Хойноос, цахилгаан, түлшээ авдаг бол урагшаа нүүрс, зэсээ гаргадаг.  Гэтэл хойд хөрш нь дайн байлдаантай, урд хөрш нь ханиад тахалтай.  Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнээс үл хамаарах гадаад шалтгаанаас  үүдэлтэй эдийн засагт гал алдах эрсдэл бодитоор нүүрлэжээ.

Монгол Улс шатахуун нэрдэггүй, доллар үйлдвэрлэдэггүй. Дээр нь эрчим хүчний хувьд хойд, урд хоёр хөршөөс хараат. Хэдийгээр Засгийн газраас зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-д эрчим хүчний эх үүсвэрээ нэмэх, газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулах том зорилт тавьсан ч, төсөл хэрэгжиж дуустал тог, цахилгаан, бензин шатахуунаа хойд хөршөөс худалдаж авч таарах биз.

Эрчим хүчний салбарын хувьд энэ өвлийг өнтэй давж чадах эсэх нь эргэлзээтэй. Энэ өвлийг өнөтэй давсан ч цаашдаа энэ салбар ингээд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд явах уу гэсэн асуулт тавигдаж байна. Ямар ч байсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Оросоос авдаг тог цахилгааны хэмжээг нэмэгдүүлэх маягаар нэг өвлийг аргалах бололтой. Гэхдээ нэг  орой л оросууд  “унтраалга”-аа дарчихвал Монголын баруун аймгууд гал алдана.   Одоо гэхэд  оросууд түлшнийхээ цоргыг хаачихлаа. Энэ нь эдийн засагт асар том дарамт авчрах нь ойлгомжтой.

Иймээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг улстөржүүлээд байгаа хүмүүс бол Монголын эрх ашгийн эсрэг ажиллаж байна гэсэн үг, Ш.Адъшаагаас эхлээд.

Эрчим хүчний салбарыг зах зээлийн үнээр нь хөгжүүлэхээс өөр аргагүй нөхцөл үүссэн. Жишээ нь, нүүрсний уурхайнууд гэхэд л 109 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.  Өнгөрсөн хоёр жил “Эрдэнэт”-ийн ашгаар тог цахилгаанаа төлүүлсний гор.

Аж ахуйн нэгжүүдийн хэрэглэсэн тог цахилгааны үнийг 14-28 хувь нэмэгдүүлсэн.  Мэдээж, эцсийн хэрэглэгч, иргэдэд үнийн дарамт ирэх байх. Гэхдээ том зургаараа эрчим хүчний салбарт төдийгүй макро эдийн засагтаа хэрэгтэй.   Зах зээлийн зарчмаар нь хөгжүүлэхгүй бол бизнес ч, төр ч дампуурдаг, нурдаг тал бий.  Тиймээс шатахууны үнийг ч мөн зах зээлийн зарчмаар нь явуулах шаардлагатай болжээ.

Уул уурхайн сайд Ж.Ганбаатарын өгсөн мэдээллээс харахад Монголд дизель түлшний хомсдол нүүрлэжээ.  Тэрбээр “Дайны нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-д дизель түлшний эрэлт сүүлийн саруудад маш их нэмэгдсэн. Тиймээс дэлхий нийтээр дизель түлшний хомсдолд орж байгаа” талаар дуулгажээ.  Өнгөрөгч Лхагва гаригийн байдлаар Монгол Улс 11 хоногийн нөөцтэй буюу 27.8 мянган тонн дизель түлшний нөөцтэй гэсэн.  Арваннэгхэн хоногийн нөөц гэдэг бараг нөөцгүй болсон гэсэн үг.

Дизель түлшний хомсдлоос болоод өнөөдөр экспорт, импорт гацаж, тээвэрлэлт тэг зогсоход хүрсэн. Дизель түлшний нийлүүлэлт сайжрахгүй бол цаашдаа  нийтийн тээвэр ч зогсолт хийнэ.  Эдийн засагт асар том өвдөлт мэдэрнэ.

Үнэндээ төрийн оролцсон, оролцоотой бүх салбар өдгөө дампуурлаа зарлах нь холгүй байгаа.  Тэгэхээр төр өнөөдөр юу хийх ёстой вэ гэвэл ачааллаа багасгаад үнийг чөлөөлөх ёстой. Импортыг нь дуртай компанид нь олгочих хэрэгтэй. Тусгай зөвшөөрлийг бүр байхгүй болгосон нөхцөлд шатахууны хомсдол нүүрлэхээ болино.  Үнэ тогтортой байх нь биш нийлүүлэлт хэвийн байх нь эдийн засагт илүү чухал юм.

Эрчим хүчний салбарт ч, шатахууны салбарт ч гал аргацаасан маягаар олон жил явж ирсэн. Энэ засгийн үед бий болчихсон асуудал биш, олон жил ужгирсан асуудал одоо савнаасаа халих дээрээ тулсан гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, үнийг механикаар тогтвортой байлгах нь эдийн засагтаа илүү хортой тусдаг. Эсрэгээрээ эдийн засаг нь зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөөд, үнийг тогтоож, тогтвортой байлгах нь илүү эрүүл, зөв үзэгдэл юм. Эцэст нь төр хувийн хэвшлийн хамгийн том түншлэл бол төр юу ч хийхгүй байх явдал.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж