Монгол Улс цементбетонон замтай болох нь улстөрчдийн хүсэл зоригоос л хамаарна

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

Монгол Улс цементбетонон замтай болох нь улстөрчдийн хүсэл зоригоос л хамаарна

Монгол Улс цементбетонон замтай болох нь улстөрчдийн хүсэл зоригоос л хамаарна

Дэлхийн хөгжилтэй улс орнуудад удаан эдэлгээтэй өндөр даацын, аюулгүй олон улсын сайн чанарын зам нь яах аргагүй цементбетонон хучилттай зам болохыг аль хэдийн хүлээн зөвшөөрчээ.

Өнөөдөр дэлхийн практикт бетонон замыг тавих, нягтруулах, бетоны гадаргууг өнгөлөх, бетоны засвар үйлчилгээ, өргөтгөл хийх үндсэн процессуудыг бүрэн механикжуулан, автоматжуулах технологийг нэвтрүүлсэн. Ингэснээр хүний ​​хүчин зүйлийн нөлөөллийг хамгийн бага түвшинд болгосон гэхэд болно. Үүнээс гадна Монголд сайн чанарын замд хэрэглэх цементийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсноос гадна шаардлагатай эрдэс нэмэлтүүд болон бусад материалууд хэдийнээ хэрэглэгдэх болжээ. Ийм материаллаг баазтай улс орнууд цементбетонон замыг ихээр барьж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Европ дахь хурдны замын 13-40% нь цемент бетон хучилттай, Хятадад 50 орчим хувь, АНУ-д 60% байна. Бүгд Найрамдах Беларусь улсад л гэхэд цементэн бетоноор зам барихыг нэн тэргүүний асуудал гэж үздэг, хэрвээ шинэ замын бүтээн байгуулалтанд бетонон замаас өөр зам тавихаар болсон бол зураг төслийнхэн болон зам барилгынхан  бие даасан шинжээчдийн комиссын өмнө яагаад тус газарт асфальтан зам тавих болсноо тайлбарлах  ёстой болдог. Өнөөдөр бетонон замын бүтээн байгуулалтаар хамгийн дорой байгаа улсуудын тоонд ОХУ, социализмын үеэс энэ улсын техник технологоор одоог хүртэл явж ирсэн Монгол улс яах аргагүй орно. Хэдийгээр 1950-иад оноос ЗХУ-д бетонон зам хөгжиж эхлэн 10 мянга гаруй км хурдны замууд тавьсан боловч 1980-аад оноос бетонон зам бараг тавихаа больсон нь өнөөдөр ОХУ-ын нийт замын 1 хүрэхгүй хувийг л бетонон зам эзэлж байна. Харин манай улсын бетонон замын эзлэх хувийг тэгтэй тэнцэнэ гэхэд буруудахгүй.

Монгол Улс Беларусь шиг бетонон замыг хөгжүүлэхэд  ганц улстөрчдийн хүсэл зориг л дутуу байгаа юм.

Монголд яагаад бетонон зам хөгжүүлэх ёстой вэ?

Нэгдүгээрт  Монгол улс транзит Монгол улс болохоо зарлалаа, мөн өндөр даацын машинуудаар уул уурхайн болон нүүрсний экспорт хийх нь ихэслээ, үүнд чанартай аюулгүй зам юу юунаас чухал. Бид сүүлийн 20-иод жилд хэдэн зуун тэрбум төгрөг заран замууд тавьж байгаа боловч 2,3 хан жилийн дараагаас өчнөөн зардлаар энэхүү замуудаа засварлаж байна. Та бүхэн мартаагүй бол манай улстөрчдийн компаниудын барьсан замууд одоо ямар байдалтай байгааг санахад л хангалттай.

Харин бетонон зам нь тавигдсанаасаа хойш 12 жилийн дараа урсгал засвар, 24 жилийн дараа их засвар хийгддэг. Цемент бетон хучилттай зам нь замын барилгын шатандаа асфальтаас  үнэтэй байдаг гэж үздэг байсан үе саяхан, харин одоо хамгийн сүүлийн үеийн мэдээллээр цементэн бетонон зам барих нь асфальтаас хямд тусч байгааг баталж байгаа. Хатуу хучилтын ашиглалтын хугацаа дор хаяж хоёр дахин их, засвар үйлчилгээ, засварын зардал мэдэгдэхүйц бага байна. Замыг ашиглах мөчлөгийн туршид үйлдвэрлэлийн зардлыг харгалзан үзэхэд цемент бетон хучилт нь асфальтбетон хучилтаас дунджаар 40-50% хямд болж байгаа юм. Бусад давуу талууд нь цемент бетонон зам нь элэгдэлд маш тэсвэртэй  , их хэмжээний хөдөлгөөний урсгалыг тэсвэрлэх чадвартай бөгөөд машинуудын масс, тэдгээрийн тэнхлэг дээрх ачааллыг хязгаарлах шаардлагагүй байдаг юм. Янз бүрийн гадны хор нөлөөтэй бодисуудад тэсвэртэй, бетон зам нь дугуйтай сайн барьцалдан холбогддог, тоосжилт үүсгэдэггүй, үзэгдэх орчинг сайжруулдаг мөн цаг уурын хувьд манай халуун говь, хатуу ширүүн өвөлд хоёуланд нь тэсвэртэйгээрээ тохиромжтой. Тиймээс цемент бетон замыг өргөнөөр ашигласнаар олон асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. Ялангуяа манай өндөр даацын уул уурхайн машинуудад асфалтан зам тохиромжгүйг урд хилийн нүүрсний зам баталсан бөгөөд зөвхөн бетонон зам л зөв шийдэл байх юм. Нэмж дурдахад, асфальтан замын эвдрэлээс сэргийлэхийн тулд өвлийн төгсгөл – хаврын эхэн үед "зам хатаах" гэж нэрлэгддэг үеэр машины даацын хязгаарлалтыг  чангатгах шаардлага гардаг. Мөн зуны улиралд агаарын температур +32 хэмээс хэтэрсэн тохиолдолд асфальтан замын зарим хэсэгт хүнд даацын машин явахыг хориглохоос өөр аргагүй байдаг. Сайн технологи ашиглан  хотын бетон зам барьснаар, , өндөр чанартай засварлах шаардлагагүй  удаан эдэлгээтэй , эдийн засгийн чухал үр нөлөө үзүүлдэгээс гадна хотыг гэрэлтэй болгон түгжрэл, аваар ослыг багасгахад  ч хувь нэмэр оруулдаг. Хөгжилтэй орны хотууд бетон замтай болсноор түгжрэлийг 6-8 хувь бууруулж чаддаг гэж үздэг.

Хоёр дахь чухал асуудал бол Монголд бетон зам тавихад шаардлагатай сайн чанарын цементийг аль ч цементийн үйлдвэр үйлдвэрлэх боломжтой болсон. Ингэснээр импортоор ихээхэн валют заран оруулж ирж зам тавьдаг асфальтийг бүрэн орлох юм. Дотоодын цементийг хэрэглэснээр Цементийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах бололцоог олгох болно. Мөн манай цахилгаан станцаас гарч буй хаягдал үнс нь бетонон замд  сайн эрдэс нэмэлт болохыг Оросын Новосибирск хотын эрдэмтэд туршин баталсан байдаг. Өнөөдөр бид Улаанбаатар хотод цас ороход замын түгжрэл ихсэж зам дээр ихээхэн давс, химийн бодис цацаж байна.  Бетон зам дээрх цас,мөстэй тэмцэхийн тулд химийн урвалж биш харин чулуун үүрмэг л ашиглахад хангалттай байдаг. Асфальтан замын цас нүх сүв рүү ордог тул цэвэрлэхэд маш хэцүү байдаг бол бетонон хучилтын замыг цэвэрлэхэд  хялбар байдагаас гадна, салхиар амархан туугддаг .

Дашрамд хэлэхэд, бетон – цаг хугацаа өнгөрөх тусам бэхжилт нь сайжирдаг. 25 жилийн дараа бетоны бэхжилт 30% -иар өссөн байдаг ба цаашдаа ч чулуужин бэхжих  өвөрмөц чадвартай байдаг. Ромын үеийн замууд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн нь үүнтэй холбоотой. Манайд ч бас Хятадуудын барьсан Налайхын бетон замыг хуулахад энэ байдал ажиглагдсан болов уу. Замын барилга угсралтын технологи сайн мөрдөгдөн хийсэн тохиолдолд хагас зуун жил бол цемент бетон замын хэвийн ашиглалтын хугацаа юм. Сайн бетонон зам тавихад сайн техник, технологиос гадна барилгын ажлын өндөр түвшний гүйцэтгэл, нутагшуулсан дэлхийн хэмжээний сайн стандарт байх шаардлагатай ба ингэснээр бид Монголын хөгжлийг нэг алхмаар урагшлуулж чадах юм.

Д.Галсанбуян 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж