Монгол Улсын хилийн төмөр замын хоёр дахь гарцыг нээж Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын суурь бүтэц өнөөдөр /2022.11.25/ тээвэрт бэлэн боллоо. Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлтийн хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр найман сарын хугацаанд бүтээн байгуулсан юм.
2018 онд төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт энэ чиглэлийг нэмж тусгасан.
Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны 28 дугаар тогтоолоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барихаар шийдвэрлэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрлэнэ өнгөрсөн гуравдугаар сард бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан бол өнөөдөр ийнхүү товлосон хугацаандаа барьж, ашиглалтад оруулж байна. Концессыг зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх нөхцлийн дагуу "Монголиан транс лайн", "Монголиан транс ложистик" нэгдэл гүйцэтгэжээ. Концессын гэрээний хугацаа дуусмагц суурь бүтцийг улсад үнэ төлбөргүй шилжүүлэх юм.
Дорноговь аймгийн Зүүнбаян багаас Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг зэрэг сумдаар үргэлжилсэн зам. Ханги боомтын талаас төмөр замын эхлэл тэг цэгээс Ханги өртөө хүртэл 14 км хэсэгт өргөн цариг, мөн олон улсын 1422 мм нарийн царигийн төмөр замтай зэрэгцүүлэн байгуулснаар онцлогтой.
Ингэснээр Хятадын төмөр замтай Ханги Мандал боомтоор шууд холбогдоход бэлэн болж байна. Монгол Улсад мөрдөгддөг төмөр замын стандартуудаас гуравдугаар зэрэглэлтэй. 1520 мм өргөн царигтай. Зүүнбаян-Ханги төмөр зам нь 20-25 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орж байгаа эхний ээлжид долоон сая тонн ачаа тээвэр эхэлнэ. 2023 онд хоёрдугаар үе шатанд 15 сая тонн чадамжид хүрнэ. 2024 оны хоёрдугаар хагаст гуравдугаар үе шатанд 20-25 сая тонныг тээвэрлэнэ. Үндэсний суурь бүтэц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь Зүүнбаян-Тавантолгой төмөр замын 111 км дээрээс салаалсан. Энэ нь Монгол Улсын анхны гурван төмөр замын чиглэлийн уулзвар бөгөөд тээврийг зохион байгуулж, ачааг шаардлагатай чиглэлд хуваарилах ач холбогдолтой.
Зүүнбаян-Ханги чиглэлийн ачаа тээвэрт 4000 вагон хэрэглэнэ. Үүнээс 3000 нь задгай болон чингэлгийн хосолмол зориулалттай орчин үеийн шинэ загвартай.
Тус бүтээн байгуулалтын загварын зохиогч нь "Монголиан транс лайн", "Монголиан транс ложистик" нэгдэл өөрсдөө юм.
Зүүнбаян-Ханги төмөр замын концесс гүйцэтгэгч нь Монголын төмөр замын 70 жилийн түүхэнд хувийн хөрөнгө оруулалтаар хоёр дахь төмөр замын суурь бүтцийг байгууллаа. Үндэсний төмөр замын бүтээн байгуулалтаар 15 дахь жилдээ уул уурхайн бүтээгдэхүүн буюу жин ихтэй нурмаг ачааны экспортыг өөрийн төмөр зам хөдлөх бүрэлдэхүүнээр тээвэрлэж байна.
Сэлэнгэ аймагт Баянголын төмөр замын 115 км замын суурь бүтэц 12 зүтгүүр 3000 гаруй ажилтан, засвар үйлчилгээний депо зэрэг хөдлөх бүрэлдэхүүний цогц парктай анхны хувийн хэвшил юм. Монголын эрдсийн экспортын зорилтот зах зээл Хятад руу гарах хамгийн дөт зам Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нээж байна. Ингэснээр экспортын масс бүтээгдэхүүний тээврийн зардал буурна. Дархан, Сэлэнгэ бүсээс уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн хугацаа богиносч Тавантолгойн нзүрсийг экспортлох хоёр дахь зэрэгцээ чиглэл болох юм.
Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд Монгол Улсын түүхнээ хамгийн богино хугацаанд Зүүнбаян-Ханги төмөр замыг цогцлоолоо.
Гэрэл зургийг: Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Холбоотой мэдээ