"Түгжрэл, томуу гарах болгонд сургууль хаах боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

"Түгжрэл, томуу гарах болгонд сургууль хаах боломжгүй"

"Түгжрэл, томуу гарах болгонд сургууль хаах боломжгүй"

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ирэх өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн хичээлийг цахимаар оруулах санал гаргасан.

Тэрбээр мэдэгдэлдээ “Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчимд арваннэгдүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-аас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.

Иймд цас ихээр орох, цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт албан бичиг хүргүүлжээ. Хоёр өдрийн өмнө хүргүүлсэн албан бичигт:

  1. Цас их хэмжээгээр орсны улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй тухай иргэд, олон нийтэд тогтмол урьдчилан мэдээлж байх,
  2. Цаг агаарын үзэгдлийн улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй үед ажилтан, албан хаагчдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийх,
  3. Цаг агаарын ноцтой үзэгдлийн үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад байгууллага хоорондын уялдааг хангах хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албанд энэ талаарх ажлын биелэлт, үр дүнгийн мэдээллийг шуурхай ирүүлж байх талаар илгээлээ” гэсэн юм.

Энэ талаар Нийслэл хотын хэвлэлийн албанаас тодруулахад “Захирамж эцэслэгдээгүй байна. Мэргэжлийн байгууллагатай ярилцаж байж шийдвэрээ гаргана” гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын хичээл арванхоёрдугаар сарын 16-ны Баасан гаригт хичээллэснээр дуусгавар болно. Нэгдүгээр улирлын амралт зургаан 7 хоногийн турш үргэлжилнэ. Амралт тун удахгүй эхлэх гэж байгаа учраас ирэх долоо хоногт цаг агаар хүйтрэх, үүнээс үүдэлтэй түгжрэл нэмэгдэх зэрэг шалтгааны улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоох боломжгүй юм. Цар тахлын нөхцөл байдлын үед сургуулиуд хангалттай урт хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. Зайн сургалт нь танхимын хичээлийг нөхөхүйц үр дүнтэй байж чадаагүй. Тиймээс аль болох сургууль хаах, хичээлийг зогсоох шийдвэрээс татгалзана" гэж мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж