Эрт илрүүлэг үзлэгийн хамгийн эмзэглэмээр тоо нь шүдний өвчлөл байв. Энэ онд 330 мянга гаруй хүүхэд эрт илрүүлэгт хамрагдсанаас 129,363 өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох 96,662 буюу 74.7 хувь, шүдний гажиг 3,690 буюу 2.9 хувь, тэргүүлэх өвчлөл болжээ. Монголчуудын буруу дадал зуршлаас үүдэн шүдний өвчлөл хүн амын дунд өндөр хувьтай байгааг дээрх тоо харуулав.
Шүд эрүүл бол бие эрүүл гэж Монголчууд ярьдаг. Шүд өвдсөн бол эмчлэхгүй удах нь бусад 200 гаруй суурь өвчлөлийн шалтгаан болдог гэж эмч нар анхааруулдаг. Бид энэ талаар зөвлөгөө мэдээлэл авах үүднээс гэр бүлийн шүдний эмнэлэг тодотголтой "Ньюдент" шүдний эмнэлгийг зорьсон юм.
Тус эмнэлгийн нүүр амны их эмч А.Оюунчимэг хэлэхдээ “Хүүхдүүд ихэвчлэн зөөлөн бүтээгдэхүүн их хэрэглэж байгаа нь шүдний өвчлөл үүсэх гол шалтгаан болдог. Одоогийн эцэг, эхчүүд хүүхдүүдээ багаас нь чихэр их агуулдаг нухаш, тахианы мах, хоолыг нь холигчоор бутлан өгдөг нь тухайн хүүхдийг өвчлөх эрсдэлд оруулж байна. Манай эмнэлэг нь гэр бүлийн шүдний эмнэлэг гэдгээрээ онцлогтой. Яагаад заавал гэр бүлээрээ ирдэг гэхээр тухайн хүүхэд ганцаараа эмнэлэгт очих нь таагүй хүйтэн мэдрэмжийг авдаг. Гэр бүлээрээ ирэхээр аав, ээжийгээ эмчлүүлэхийг хараад өөрөө үзүүлэх сонирхол төрж айх мэдрэмжийг авдаггүй. Хүүхэд үзүүлсэн анхны эмч ямар байхаас цаашид шүдний эмнэлэгт очих хүсэл өөр өөр байна. Тэгэхээр анхнаасаа эмчээ зөв сонгох хэрэгтэй.
Монголчууд мэдлэг дутмагаас хүүхдийн сүүн шүдэнд анхаарал тавиагүйгээс шүдний өвчлөлийн суурийг бий болдог. Тухайн хүүхдийн аав, ээж анхны шүд ургасан цагаас анхаарал тавих хэрэгтэй.
Цахиур ургасан цагаас эхлэн даавуу болон маарлаар ариутгаад гараараа ороож угаах нь цаашид эрүүл байхын үндэс болно.
Эцэг, эхчүүд нийтлэг хүүхдийн шүдийг цэцэрлэгт орохоор нь л өөрөөр нь угаалгуулж эхэлдэг. Харин энэ үед аль хэдийнээ цоорол бий болсон байна. Тэр үед хүүхэд өвдөж өрөвсөл ямар нэгэн байдлаар мэдэгдэхгүй л бол эцэг, эхчүүд сүүн шүд нь унаад шинэ шүд ургаад зүгээр болчихно гэх хандлагатай байдаг маш буруу юм. Хүүхдийн сүүн шүдийг хайрлаж хамгаалаагүй улмаас өвчлөл нь халдварлаж байнгын шүд нь гажигтай болж ургадаг. Үүнээс үүдэн шүдний аппарат зүүх шаардлагатай тулгарна. Юм бүхэн сайн бас муу хоёр талтай. Мэдээж сайн тал нь аппарат зүүгээд шүд байлалдаа тэгш орж, гажиг засагдан, гоё сайхан харагдах бий боломжийг болгоно. Харин муу тал нь аппарат зүүсэн цагаас эхлэн тухайн шүд арчилгаа маш их шаардаж байдаг. Шүдний өнгөр маш их хуримтлагдаж хоол идсэний дараа зайлшгүй шүдээ угааж байнгын эмчийн хяналтад байх хэрэг гарна. Мөн юм идсэн бол шүдээ дариу угаахгүй бол цоорлууд үүсэн хурдан халдварлаж байдаг. Шүдний эмчийн бүх зөвлөгөөг дагаагүй улмаас аппарат авхуулаад үед гажиг буцаад хэвэндээ орох тохиолдол гардаг. Тэгэхээр заавал эмчийн зааврыг маш сайн баримталсан тохиолдолд үр дүнд хүрнэ.
Хүүхдүүдээс гадна гол анхаарал хандуулах хүмүүс бол хөдөө орон нутгийнхан юм. Сумдад шүдний эмч байдаггүй нь бүх өвчний суурь бий болгож байна.
Зарим сумдад шүдний бүү хэл сайн хүний их эмч ч байхгүй тохиолдол бий. Хөдөө орон нутгийн хүмүүс шүд нь харахад л бүтэн байвал эрүүл байна хэмээн боддог. Цоорол үүсээд гүн өвдөлт мэдрэгдэхгүй л бол тоохгүй явна. Өвдсөн ч гүн биш бол тухайн суманд эмч байхгүйн улмаас өөрсдөө дур мэдэн эм хэрэглэж хүндрүүлэх тохиолдол ихтэй. Мөн мэдлэг дутмаг учраас хүүхдийн сүүн шүдийг хүртэл утсаар татаад авчихдаг нь маш буруу. Тухайн хүн өөрөө тэсхийн аргагүй өвдөлт мэдрээд л сум дундын эмнэлэг эсвэл аймгийн эмнэлгийн бараа харна. Жишээлбэл, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сум, Түнхэл тосгон нийлээд 44 мянган хүн амтай. Гэвч ганц л эмчтэй. Цаг аваад хэдэн сар хүлээж байж үйлчилгээ авах боломжтой нь харамсалтай. Шүд өвдсөн бол эмчлэхгүй удах нь бусад 200 гаруй суурь өвчлөлийн шалтгаан болдог. Тэд хотод ирж шүдээ эмчлүүлэх гэхээр хаана очих, аль газар сайн гэдгийг мэддэггүй. Судалж сонгоод эмчлүүлэхэд сувгийн эмчилгээ гэхэд 7-14 хоног эмчлүүлэх шаардлагатай байдаг. Гэвч энэ өдрүүдэд хаана байх, хоол хүнс гээд асуудлууд их тулгардгаас эмчилгээгээ дутуу хийлгэж буцах тохиолдол олонтой.
Манай эмнэлгээр миний төрлөх Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэд шүдний эмчгүйн улмаас зорин ирж үйлчлүүлэх нь элбэг. Би хааяа очиж үзлэг оношилгоо хийх журмаар явахыг хичээдэг боловч аймгийн эрүүл мэндийн газраас зөвшөөрдөггүй. Сумандаа очоод ажил хийе гэхээр тоног төхөөрөмжгүй. Би энэ тал дэр их эмзгээр хүлээн авдаг.
Хотод оюутан болж төгссөн хүмүүс хөдөө рүү явах нь ховор. Сумдад шүдний эмч байхгүй байна гэдэг хүмүүст маш олон өвчлөлийн суурийг бий болгож байна гэсэн үг. Тэгэхээр миний хувьд сум бүрт эмнэлэг байгаа учир тоног төхөөрөмжөөр ханган төгсөгч нарыг томилдог болгоосой хэмээн боддог. Энэ салбарын эмч нартаа төр, хувийн гэхгүй хөдөө, аймаг руугаа чиглэсэн тэдэнд очиж үйлчилгээ үзүүлдэг жишгийг бий болгож, орон нутаг нь дэмжлэг үзүүлэн хамтын ажиллагаагаар иргэдээ өвчлөлөөс авраасай хэмээн хүсмээр байна” хэмээн уриалсан юм.
Биднийг ярилцах зуур эмчилгээний цаг нь болж эмч үзлэгээ хийхээр боллоо. Тухайн эмчилгээний цагийн эзэн Г.Оргилын хувьд Баянгол суманд эмч байхгүйн улмаас тус эмнэлэгт үйлчлүүлэхээр ирээд байгаа аж.
Тэрбээр анх нэг шүд нь цооролтой байсан ч ажилтай учраас эмнэлгийн бараа харж чадахгүй тэвчсэнээр дараалаан хоёр шүдээ гүн цооролд оруулан сувгийн эмчилгээ хийлгэж байлаа. Түүний эмчилгээнд 7-14 хоног шаардлагатай тул ажлаасаа чөлөө авсан гэнэ. Хүн сайхан амьдрах гэж ажил хийж байгаа ч эрүүл мэндээ хэзээ ч золиосолж болохгүй. Хэрэв тухайн суманд эмч байсан бол өвчлөлөө хүндрүүлэхгүй. Мөн олон хоног ажил, цаг заваа алдан хотод байхгүй л байсан даа хэмээн ярьж байлаа.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан 2018 онд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж “330 сум -330 шүдний кабинет” бий болгохоор зорьсон. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд нийт 93,495 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх, эмчлэх тусламж үзүүлсэн.
Улмаар шүд цоорлын эмчилгээг 128,651, сувгийн эмчилгээг 27,04, урьдчилан сэргийлэх, эрдэсжүүлэх түрхлэгийг 78,982 хүүхдэд үзүүлсэн байдаг.
2020 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “Хүүхэд төдийгүй нийт хүн амын дунд шүд цоорол болон амны хөндийн өвчний тархалт маш их байна. “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхийн тул сумдын хүүхэд, хүн ам руу шүд, эрүү нүүрний тусламжийг чиглүүлэн тэнд хүрч үйлчлэх нь нэн тулгамдсан асуудал болж байна.
Одоогоор 330 сумын ердөө 40 орчим нь шүдний кабинеттай, үлдсэн сумдын иргэд аймагт, эсвэл нийслэлд ирж тусламж авч байгаа. Энэ нь бүх нийтийг хамруулах, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчимтай үндсэндээ зөрчилдөөд байгаа.
Мөн энэ салбарын эмч нарын бараг 98 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Энэ нөхцөлд бид хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан хөтөлбөрийг сумдын түвшинд хэрэгжүүлэхэд та бүхний дэмжлэг, хамтын хүчин чармайлт хэрэгтэй” гэсэн байдаг. Энэ хөтөлбөр нь одоо бүрэн хэрэгжээгүйг бодоход тухайн үеийн сайдтайгаа цуг замхран алга болсон бололтой.
Одоогийн салбарынхан цар тахлын шинэ давлагаа, томуу, томуу төст өвчлөлтэй зэрэгцүүлэн бүх өвчлөлийн суурь болсон шүдний өвчлөлтэй тэмцэх хэрэгтэй. Эрт илрүүлэх үзлэгийн тоо болоод бодит байдлыг харахад шүдний чиглэлийн эмч орон нутагт байхгүй нь өвчлөлийн гол шалтгаан болоод буй. Нийслэлд иргэд хүсвэл эмч, эмнэлгийн хүрэлцээ төр, хувийн нийлээд хангалттай учир сумдын эмнэлгийг тоног төхөөрөмжөөр ханган заавал эмч нарыг томилон ажиллуулах шаардлагатай юм байна.
Б.НАРАНГОО
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ