Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх Даваа гаригт БНХАУ-д айлчлал хийнэ. Тодруулбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны арваннэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийх юм.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Үүнээс гадна, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах аж. Тодруулбал, хил боомтын нэвтрэлцлийг сайжруулах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд түүний айлчлалын зорилго буй аж.
Энэ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулна.
Таван шарын тавдугаар баазын баруун талд, Геологийн төв лабораторийн хэсэгт, Гермес төвөөс төмөр замын зоорь хүртэл, Нарантуулын хэсэгт тус тус нүхэн гарц бий. Энэхүү дөрвөн чиглэлд 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулж, ирэх жил ажил нь эрчимжих аж. Харин нүхэн гарцын бүтээн байгуулалт ойрын гурван жилд дуусах аж.
Ингэснээр, Энхтайваны өргөн чөлөө дээр авч буй ачаалал 20 хүртэл хувиар буурах аж. Мөн өнгөрөгч Засгийн газрын хуралдаанаар Монгол Улс, БНХАУ хоорондын “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олгосон байна.
Холбоотой мэдээ