Төв Азийн орнууд сүүлийн жилүүдэд нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл буюу дроны нөөцөө нэмэгдүүлсээр байна. Афганистаныг талибууд эзлэн авсан, Киргизстан, Тажикистан хоорондын мөргөлдөөн зэрэг тодорхой үйл явдлаас үүдэлтэйгээр бүс нутагт дроны хэрэглээ улам ихсэв. Гэсэн хэдий ч бүх улс оронд дроны чадавхи харилцан адилгүй. Тэдний батлан хамгаалах тусгай стратеги, төсөв, гадаад түншүүд зэрэг нь дроны хүчин чадлыг тодорхойлох гол хүчин зүйл болно.
КИРГИЗСТАН БА ТАЖИКИСТАНЫ ӨРСӨЛДӨӨН
Төв Азийн бүс нутагт өнгөрсөн есдүгээр сард нисгэгчгүй онгоцууд анх удаа халдлагад оролцсон. Тодруулбал, Киргизстан, Тажикистаны хооронд зэвсэгт мөргөлдөөн болоход харилцан нисгэгчгүй нисэх онгоцоор халдсан гэж бие биеэ буруутгасан юм. Тажикийн эрх баригчидын хэлж буйгаар киргизүүд Турк улсад үйлдвэрлэсэн “TB2 Bayraktar” дроноор нутаг дэвсгэрийг бөмбөгдсөн гэв. Энэ дрон нь хоёр танк, нэг пуужин харвагч, сум тээвэрлэгч ачааны машин зэрэг Тажикистаны цэргийн техник хэрэгслийг онилох үүрэгтэй байжээ. Мөргөлдөөн эхлэх үеэр Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров шинэхэн нисгэгчгүй онгоцны баазыг улсдаа нээсэн юм.
2021 оны хавар киргизүүд хөрш Тажикистантай хилийн мөргөлдөөн үүсгэж, улмаар тажикууд ялалт байгуулсан. Үүний дараа “TB2 Bayraktar” дроныг Киргизстан улс 2021 оны сүүлээр маш их шуугиан дэгдээж байж худалдаж авсан. Турк улсад үйлдвэрлэсэн “TB2 Bayraktar” нь “Akıncı”, “Aksungur” гэсэн хоёр дүүтэй. “Akıncı” нь хүч, тусгалаараа илүү бол “Aksungur” нь урт хугацааны ажиглалт, цохилт өгөх чадвараараа илүү. Ах дүү гурван нисгэгчгүй онгоц нь Киргизийн дроны хүчин чадлыг урд хөршөөс нь эрс ялгаруулж байв. Түүнчлэн Киргизстан улс ОХУ-ын “Орлан-10Е”, Хятадын “WJ-100” ажиглалтын нисгэгчгүй онгоцуудыг хүлээж авчээ.
Тажикистан энэ өрсөлдөөнд илүү даруухан оролцсон гэж үзэж байна. Тажикистаны Батлан хамгаалахын сайд энэ оны эхээр Турк дэх “Bayraktar” нисгэгчгүй онгоцны үйлдвэрт зочилсон. Энэ үйл явдал нь Киргизэд түгшүүрийн дохио хангинахад хүргэж, Тажикистан “Bayraktar”-ыг худалдаж авах нь гэсэн цуу яриаг дэгдээжээ. Хэлэлцээр бодит болсон гэдгийг өндөр албан тушаалтан парламентад хүртэл хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч эцсийн дүндээ тэд “Bayraktar”-ыг худалдаж аваагүй юм. Хэрвээ Тажикистан худалдаж авсан бол киргизүүдийн дөнгөж олж авсан давуу талыг саармагжуулах байв.
Тажикистан улс Туркээс дрон аваагүй бол хэнд хандсан бол? Иран улс 2022 оны тавдугаар сард Туркийн дронтой харьцуулахад хуучирсан төхөөрөмжүүдтэй “Ababil-2” нисгэгчгүй онгоцны үйлдвэрлээ Тажикистанд нээжээ. Тажикууд Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй нисэх онгоцуудаас гадна АНУ-ын “Puma” дронуудаар нөөцөө баяжуулсан.
Ираны нисгэгчгүй онгоцууд маргаан дагуулсаар буй. ОХУ-ын арми Украин руу дайрахдаа Ираны нисгэгчгүй онгоцуудыг ашигласан. Тэгвэл энэ онгоцуудыг Узбекистанд угсарсан гэж Украины сэтгүүлч буруутгажээ. Узбекистан энэ мэдэгдлийг няцаасан бөгөөд мөнөөх сэтгүүлч дараа нь Тажикистаны тухай ярьсан гэж залруулга хийжээ.
КАЗАХСТАН, УЗБЕКИСТАН
Казахстан улс 2016 онд Хятадад үйлдвэрлэсэн “Wing Loong Is”-ийг худалдаж авснаар нисгэгчгүй онгоцны нөөцөө бүрдүүлж эхэлсэн. Дараа нь “Wing Loong II” загвар нь гарахад Казахстаны эрх баригчид худалдан авалт хийгээгүй. Харин тэд Туркийг сонгожээ. Ингэхдээ Киргизстаны нэгэн адил “TB2 Bayraktar”-ыг сонгосонгүй “TAI Anka”-г сонгосон байна. Худалдан авалтаар зогсохгүй ерөнхийлөгч Касым Жомарт Токаев тавдугаар сард Туркт айлчлах үеэрээ өөрийн улсдаа тусгай зөвшөөрлийн дагуу нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх гэрээнд гарын үсэг зурав. Ажиглалт, тандалт хийх тухайд Казахстан улс Оросын “Орлан-10Е” болон Израилийн хоёр төрлийн нисгэгчгүй онгоцыг ашигладаг.
Узбекистаны байгалийн хийн төлбөрийг төлөх гэрээний хүрээнд Хятад улс “Wing Loong II” онгоцоо нийлүүлсэн. Ингэснээр Хятад улс Узбекистаны анхны нисгэгчгүй нисэх онгоцны эх үүсвэр болсон юм. Үүнээс хойш Узбекистан дахин нэг ч нисгэгчгүй онгоц худалдаж аваагүй гэх. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол тус улс нисгэгчгүй онгоцны өрсөлдөөнд хөршүүдээсээ хоцорч яваа гэсэн үг. Ажиглалт, тандалтын тухайд ОХУ-д үйлдвэрлэсэн “ZALA 421-16E”, АНУ-ын “RQ-11 Ravens” дронуудыг ашиглаж байна. АНУ-ын “Puma” нисгэгчгүй онгоцыг Узбекистан худалдаж авах гэж байна гэсэн яриа энэ оны эхээр гарсан ч тус улсын Батлан хамгаалах яам энэ мэдэгдлийн няцаасан юм.
ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ДРОНТОЙ УЛС
Цэргийн хүчин чадлаараа төдийлөн алдаршаагүй ч Төв Азийн хамгийн хүчирхэг нисгэгчгүй нисэх хүчинтэй улс бол Туркменистан аж. Тус улсад олон төрлийн нисгэгчгүй нисэх онгоц, ажиглалтын дрон, тэнүүчлэх сум гэж нэрлэгддэг амиа хорлогч нисгэгчгүй онгоц зэрэг бий. Тэдгээрийн зарим нь арваннэгдүгээр сард Туркменистаны баруун эрэгт болсон цэргийн сургуулилалтад гол байр суурийг эзэлжээ. Төрөл бүрийн нисгэгчгүй онгоцны нөөц бүрдүүлэхийн тулд ханган нийлүүлэгчдээ нэлээн төрөлжүүлсэн. Тухайлбал, Израиль улс Туркменистаны нисгэгчгүй онгоцны нөөцөд онцгой байр суурь эзэлдэг. Туркменистан бол “TB2 Bayraktar”-ыг анхлан авсан Төв Азийн улс юм. 2021 онд тус улсын тусгаар тогтнолын 30 жилийн ойд зориулсан цэргийн парад болоход “TB2 Bayraktar” нисгэгчгүй нисэх онгоцуудыг олон нийт харжээ. Үүнээс өмнө Туркменистан 2016 онд Хятадаас нисгэгчгүй нисэх онгоц авч байв. Мөн Беларусийн “Busel MB2” онгоцыг дотооддоо үйлдвэрлэдэг. Үндсэндээ, нөөц бүрдүүлэлтийн тал дээр Израиль, Итали, АНУ, Орос, Хятад, Беларусь зэрэг олон түнш Туркменистанд байна. Италид үйлдвэрлэсэн нисдэг тэрэг, Туркийн хөлөг онгоц, Хятадын агаарын довтолгооноос хамгаалах систем гэх зэргээр нисгэгчгүй нисэх онгоцноос бусад төрөлд ч гадаадад үйлдвэрлэсэн зэвсэг худалдан авах бодлого баримталдаг улс бол Туркменистан юм.
ТӨВ АЗИД ҮЙЛДВЭРЛЭСЭН ДРОН
Төв Азийн орнууд ерөнхийдөө гадаадад зохион бүтээсэн нисгэгчгүй нисэх онгоцонд түшиглэж байна. Гэхдээ Казахстан, Узбекистан, Киргизстан улсууд өөрсдийн үйлдвэрлэсэн дроныг хөгжүүлж эхлээд буй тул энэ хандлага алсдаа өөрчлөгдөх юм. Одоогийн байдлаар үйлдвэрлэлийн хэмжээгээр Казахстан, Узбекистан тэргүүлж байна.
Казахстаны “Цахлай” нэртэй ажиглалтын дрон 2021 оны эхээр анхны туршилтын нилслэгээ үйлдсэн. Тэгвэл Узбекистан улс энэ оны хоёрдугаар сард “Шонхор” нэртэй нисгэгүй онгоц үйлдвэрлэж эхэллээ. Энэ онгоцоо тагнуулын зориулалттай гэх боловч цохилт өгөх чадвар ч бас бийг эрх баригчид мэдэгдэж байна.
Өөрийн нисгэгчгүй нисэх онгоцыг бүтээсэн гурав дахь улс бол Киргизстан. Тус улсад үйлдвэрлэсэн “SAARA-02” нисгэгчгүй нисэх онгоцны талаарх мэдээлэл албан ёсны эх сурвалжуудаар гараагүй ч цахим сүлжээнд таржээ.
Төв Азийн орнуудын хувьд нисгэгчгүй нисэх онгоц нь зэвсэгт хүчний гол бүрэлдэхүүн биш юм гэхэд чухал нэмэлт хэрэгсэл болжээ. Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг Афганистантай хиллэдэг гурван улсын хувьд тандалтын нисгэгчгүй онгоцыг ашиглах нь ашигтай. АНУ-ын зүгээс Тажикистан, Узбекистанд нисгэгчгүй нисэх онгоц өгсөн нь ч санамсаргүй хэрэг биш юм. Энэ нь мэдээж өмнөд хөршдөө хяналт тавихад ашиглах зориулалттай. Ямартай ч Казахстан, Киргизстан, Туркменистан, Узбекистан, Тажикистан гэсэн таван бүгд найрамдах улс ойрын ирээдүйд нисгэгчгүй нисэх онгоцны нөөцөө нэмэгдүүлэх төлөвтэй байна. Тэдгээрээ хэрхэн ашиглах, эс ашиглах нь тусдаа асуудал юм.
Эх сурвалж: THE DIPLOMAT
Холбоотой мэдээ