"Чингис хаан ард түмнээ энэрдэг төр оршин байхын утга учрыг тодорхойлсон"

Хуучирсан мэдээ: 2022.11.24-нд нийтлэгдсэн

"Чингис хаан ард түмнээ энэрдэг төр оршин байхын утга учрыг тодорхойлсон"

"Чингис хаан ард түмнээ энэрдэг төр оршин байхын утга учрыг тодорхойлсон"

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд өнөөдөр (2022.11.24) боллоо. Энэхүү хуралдаан үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлынхоо уламжлалыг нандигнан, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов, АНУ-ын монголч эрдэмтэн, Макалестер коллежийн Эмерит профессор Жак Уэтерфорд нарт "Чингис хаан" одон хүртсэнийг дурдаад, “Чингис хаан” одонт хүндэт эрхмүүд, УИХ-ын эрхэм гишүүд, хүндэт зочид төлөөлөгчид, Монголынхоо нийт ард түмэнд эзэн Чингис хааны түмэн өлзий гийсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхэн ойг угтаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эзэн хааныхаа агуу үйл хэрэг, үнэт өвийг судлан дэлгэрүүлэх, дээдлэн мөнхжүүлэх, эв эеийг бататгах зорилгоор Чингис хааны эш хөргийг албан байгууллага, айл өрх бүр хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан. Өнгөрсөн сард дэлхийн жишигт нийцсэн, Ази тивд томоохонд тооцогдох “Чингис хаан” хаад язгууртны музейг бүтээн босгож, ашиглалтад оруулсан.

Хоёр хоногийн өмнө “Монголын нууц товчоо”-г 60 жилийн турш судалсан судалгаандаа тулгуурлан, доктор Б.Сумъяабаатар “Монголын нууц товчоон: Иж судалгаа” 2262 хуудас бүхий номоо танилцуулсан. Чингис хааны өвөг дээдсээс эхлэн Ил хаант улсын Өлзийт хаан хүртэлх бүхий л хаад, хатад, жанжид болон Монголын олон аймаг овог, дэлхийн улс орнуудын түүх, улс төр, эдийн засаг, соёлын бүхий л онцлогийг тод томруунаар бичиглэн үлдээсэн бүтээл болох Рашид ад дин Фазуллахын “Шашдирын чуулган” хэмээх 1162 хуудастай номыг Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Г.Акимын орчуулснаар олон нийтэд хүртээл болсон.

Чингис хаан Монгол туургатныг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, төр засах арга ухаан, хууль цаазыг тогтоон хэрэгжүүлсэн нь хүн төрөлхтний төрт ёсны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг онцлоод дэлхийн түүхийн Мянганы суут хүмүүн Чингис хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь өнөөгийн бидний хүндэт үүрэг мөн.

Чингис хаан дэлхийн бодлогыг тодорхойлогч эзэнт гүрнийг байгуулж, улмаар 140 гаруй жилийн турш амар амгаланг тогтоосон нь шударга ёсыг эрхэмлэдэг, гагцхүү хууль засагладаг, ард түмнээ энэрдэг төр оршин байхын утга учрыг тодорхойлсон хэрэг болсон бөгөөд монгол хүн бүр, түүний дотор төрд алба хаагч хэн бүхэн эрхэмлэн санаж явах учиртай. Цаашид их хааныхаа үйл хэрэг, билиг сургаал, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг судлахын зэрэгцээ өнөөгийн төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаанд үзэл санааг нь тусган хэрэгжүүлэх, төрийн алба, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ болгон мөрдүүлэх явдал нэн чухлыг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна" гэв.

Хүндэтгэлийн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, гал голомтоо сахин суугаа нийт монголчууд, хилийн чанадад суугаа элэг нэгтнүүддээ болон хүндэтгэлийн чуулганд оролцож буй УИХ-ын гишүүдэд хандаж "Монгол бахархлын өдөр"-ийн мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, хүндэтгэлийн чуулган өндөрлөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж