"Шинжлэх ухаанд үзүүлж буй асар том үнэлгээ, их итгэл"

Хуучирсан мэдээ: 2022.11.24-нд нийтлэгдсэн

"Шинжлэх ухаанд үзүүлж буй асар том үнэлгээ, их итгэл"

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан академич Д.Доржготовт Монгол Улсын төрийн тэргүүн дээд шагнал "Чингис хаан" одон хүртээлээ.

Тэрбээр сэтгэгдлээ хуваалцаж хэлсэн үгэндээ “Монгол бахархлын өдөр олгодог Чингис хаан одонг шинжлэх ухааны салбарын олон зуун хүмүүсийн төлөөлөл болгон надад олгосонд баяртай байна. Шинжлэх ухаанд үзүүлж буй асар том үнэлгээ, их том итгэл хэмээн үзэж байна.

Би 1962 онд Москвагийн их сургуулийг төгсөж ирснээс хойш 60 жил судалгаа явуулж байна. Монголын сайхан эрдэмтэд, гадаадын эрдэмтэдтэй хамтран Монгол орныхоо бараг бүх нутгаар явж судалгаа хийсэн. Нийт 330 сумаас 250 орчим суманд очсон. Хөрс байхгүй бол хуурай газрын амьдрал байхгүй. Тиймээс үүнийг судалж, хайрлаж, хэлхэж явах хэрэгтэй юм.

Хоёр хоногийн өмнө надад хэлсэн. Тэгээд би юу хийсэн болоод намайг шагнах гэж байгаа билээ хэмээн номуудаа харлаа. 300 гаруй ном бичсэн байна. Би олон сайхан шавьтай. Дөчөөд жил багшиллаа. Шавь нар маань миний бахархал юм. Монгол орон асар том орон. Бид бүрэн судалж дуусаагүй л явна. Энэ бол 20, 30 хүний хийчих асуудал биш. Бид бичил ертөнцөд амьдарч байгаа жижигхээн хэсэг. Тиймээс судлах зүйл их байна" гэв.

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ДОКТОР, ПРОФЕССОР, АКАДЕМИЧ Д.ДОРЖГОТОВЫН БҮТЭЭЛИЙН ТОВЧООН

Д.Доржготов нь 1962 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийг хөрс судлаач-агрохимич мэргэжлээр төгссөн. ШУА-ийн Газарзүйн хүрээлэнд өнөөдрийг хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, хөрс-геохимийн тасгийн эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар тасралтгүй 60 гаруй жил ажиллаж байна.

Тэрбээр Монгол орны хөрс, газарзүй, байгаль орчин, экологийн чиглэлээр 30 гаруй судалгааны төсөл удирдан гүйцэтгэж, манай орны ихэнх нутгийг хамарсан олон улсын 40 гаруй хээрийн экспедиц зохион байгуулсан. 300 гаруй ном монограф, газрын зураг, эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээл туурвиснаас 110 гаруй нь орос, англи, герман, хятад хэлээр нийтлэгдсэн.

Ажил, бүтээл:

  • “Монгол орны экосистемийн зураг” (1995), “Байгал нуурын сав газрын экологийн атлас” (2015), “Сэлэнгэ-Байгалийн экологи-газарзүйн атлас- ном” (2018), “Монгол орны экосистемийн атлас” (2019), “Байгал нуурын бүс нутгийн атлас” (2021), “Монгол Улсын үндэсний атлас” (1990, 2009, 2022) зэрэг монгол, орос, англи хэлээр хэвлэгдсэн томоохон хамтын бүтээлийн зохиогч, редактор, ерөнхий редактораар ажилласан.
  • “Монголын нэвтэрхий толь” (2000), “Монголын цагаан ном” (2002), “Монгол Улсын нэвтэрхий толь” (2009), “Монголын байгаль орчны нэвтэрхий толь” (2013), “Монголчуудын түүх, соёлын атлас” (2004), БНХАУ-д хэвлэгдсэн “Монгол судлалын нэвтэрхий толь. Газарзүйн боть” (2012) зэрэг олон боть, томоохон бүтээлийн редактор, хамтран зохиогчоор ажилласан.
  • Эрдэм судлалын ажлын зэрэгцээ МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багшаар 40 гаруй жил хавсран ажиллахдаа газар зүй, хөрс судлал, газрын менежмент, орчин судлалын мэргэжлээр бакалавр, магистрын түвшний олон зуун боловсон хүчин бэлтгэсэн.
  • 1975 оноос одоо хүртэл газарзүйн шинжлэх ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүнээр томилогдон 110 гаруй хүний эрдмийн зэрэг хамгаалах хуралдаанд биечлэн оролцож, 20 доктор (Ph.D), Шинжлэх ухааны дөрвөн докторын (Sc.D) эрдмийн ажлыг удирдсан.

 Эрдмийн зэрэг, цол, хэргэм:

  • 1973 онд ЗХУ-ын ШУА-ийн Газар зүйн хүрээлэнд дэд эрдэмтэн (Ph.D), 1992 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуульд Биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.
  • 1998 онд ШУА-ийн академичаар сонгогдож, 2002 онд профессор, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Академич” хэргэм, 2010 онд ХААШУА-ийн гишүүн цол хүртсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж