"Монголчууд эх дэлхийдээ тусалж чадна гэж би итгэдэг"

Хуучирсан мэдээ: 2022.11.24-нд нийтлэгдсэн

"Монголчууд эх дэлхийдээ тусалж чадна гэж би итгэдэг"

Монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд "Чингис хаан" тэргүүн дээд одон хүртсэн анхны гадаад иргэн болов. Тэрбээр “Дэлхийн түүхнээ агуу баатрууд нь хууль ёс тогтоогчид байдаг. Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Харин мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин тус бүрдээ бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэж, нэгэн цул болгож, хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн энх тайвныг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч гэсэн тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна.

Чингис хааны хуулийг үргэлжлүүлэхийн төлөөх үйлс тэмцлийнхээ, Монголын их амар амгаландаа мөрөөдөлдөө тэмүүлсэн ес дэх зуунаа хүн төрөлхтөн элээж явна. Ес нь үлэмж бэлэгдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн, эх дэлхийдээ тусалж чадна гэж би итгэдэг.

Сая Монгол руу ирж явахдаа Хэнтийн тал дээгүүр нисэн өнгөрөхдөө тэртээ өвлийн өглөө Өүлэн эх хонгор хүүгээ эх дэлхийд төрүүлж байхад энэ нутаг эх орон нь ингэж л сайхан харагдаж байсан байх даа хэмээн сэтгэл зүрхэндээ бодож огшиж байлаа.

Намайг тийнхүү Монгол Улс руу нисч ирэхэд дэлхий өөрийн өдөр тутмын амьдралаараа амьдарч л байсан. Монгол Улсад хэн, юу хийж байгааг хэн ч төдийлөн сайн сонирхоогүй, мэдэхгүй байсан. Гэхдээ Монголын хөх тэнгэр нь уулс толгод дээрээ цагаан цасан хадгаа дэлгээд, хүүгээ угтаж байсан байхдаа гэж би дотроо бодсон.

Газар дэлхий дээр хүмүүн мэдээгүй байж болно. Гэхдээ мөнх тэнгэр Чингис хааныг, түүний ард түмнийг, хувь заяаг нь мэдсээр ирсэн.

Чингис хааны ариун үндэстэн, үр хүүхдүүдийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэл цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна. Энэ бол Чингис хааны төрсөн нутаг. Монголын сайхан орон” гэж хэлэв.

АНУ-ЫН ЭРДЭМТЭН ЖАК УЭТЕРФОРД /JACK WEATHERFORD/-ЫН БҮТЭЭЛИЙН ТОВЧООН

Жак Уэтерфорд Монголын түүх, соёл, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан. 1990 оноос хойш монголчуудын түүх, соёлыг дэлхий дахинд шинжлэх ухааны үндэстэйгээр шинээр таниулж, буруу зөрүү олон ойлголтыг залруулан, олон оронд монгол хүн, монгол үндэстнийг ойлгох, үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд онцгой гавьяа байгуулсан. Жак Уэтерфорд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн анхны гадаад хүн болж байна.  Энэ бол гадаад дахь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл юм.

Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан (2004)

  • Тус ном “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь борлогдон, 20 гаруй хэлээр орчуулагдсан. Энэ бүтээлээрээ Чингис хаан болон монголчуудын талаарх дэлхийн түүхэнд үлдсэн олон ойлголтыг залруулж, “Чингис хаан бол чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг, мэдээллийн солилцоо, олон улсын эрх зүй, дипломатын халдашгүй дархан байдал, шашны эрх чөлөө, сүм хийдээс ангид орших улс төрийн тогтолцоо тэргүүтний суурийг тавьснаар өнөөгийн ертөнцийг үндэслэсэн их хаан” гэдэг үзэл санааг дэвшүүлсэн.

Монгол хатдын нууц товчоо (2010)

  • “Монгол хатдын нууц товчоо” ном нь зургаан хэлээр орчуулагдсан бөгөөд монгол хатад эмэгтэйчүүдийн гавьяа зүтгэлийг олон улсад алдаршуулсан.Тус бүтээлд монгол хатад, охид, мөн харьд бэр болон одсон алтан ургийн бусад хатан, охид очсон газар орондоо Монгол төрийн алтан аргамж болон эрдэм чадал, ургийн хэлхээгээрээ улс гүрнийхээ гадаад, дотоод харилцааг батлан бэхжүүлж, зуун зууны турш алтан ургийн эрчүүдтэй эн зэрэгцэн ухаан билгээ уралдуулан төрийг барьж, улсыг засан, түүхийг бичилцэж, үг хэл, үйл хэрэг, үзэл санаагаараа дэлхийн түүхэнд ул мөрөө тод үлдээж ирснийг дэлхийд сурталчлан таниулсан.

Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд (2016)

  • Хүн төрөлхтний түүхэнд зөвхөн Монголын эзэнт гүрэнд л янз бүрийн шашин шүтлэгтэй, өөр өөр ард түмэн эв найртай зэрэгцэн оршиж байсныг дурдаж, Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг үндэслэгчдийн нэг болохыг шинжлэх ухааны үндэстэй таниулснаараа Чингис хаан судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан. Америкийн Нэгдсэн Улсын гурав дах Ерөнхийлөгч Томас Жефферсон энэ дэвшилтэт үзэл санаанд тулгуурлан Америкийн анхны Шашны эрх чөлөөний тухай хуулийг боловсруулсан байсан нь Чингис хааны үзэл санаа, суу билгээс дэлхийн нэртэй удирдагчид хэрхэн суралцаж, үлгэр дуурайл авч ирснийг гэрчлэх нэгэн түүхэн баримт болохыг уншигч түмэнд таниулсан юм.

Судалгааны ажил:

  • 1997 оноос хойш Монгол Улсад 40 гаруй хээрийн судалгааны ажил, экспедиц зохион байгуулан, Монголын нууц товчооны түүхэн газар нутгуудад судалгааны ажлын материал цуглуулсан.
  • Энэ хүрээнд Монголын нууц товчооны газар орныг судалдаг О.Сүхбаатар, судлаач Г.Аким зэрэг эрдэмтэн судлаачтай хамтрахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
  • “Жак Уэтерфорд сан” нь залуу судлаачдыг бэлтгэн, тэднийг урамшуулж шагнал олгодог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж