Япон дэлхийн аваргын нээлтийн тоглолтдоо Германыг хоёр гоолоор хожсон. Такүма Асаногийн хоёр дахь гоолын дараа Халифа олон улсын цэнгэлдэх дэх япончуудын сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, нүдэндээ итгэж ядсан.
Тоглолт дууссаны Японы фанатууд цэнгэлдэх дэх хогийг цэвэрлэж, орж ирэхэд нь ямар байсан яг тийм цэвэрхэн болгожээ. Тэд 2018 онд Орост хүртэл тоглолт үзсэн цэнгэлдэхээ цэвэрлэж, бусад орны фанатуудад үлгэр жишээ үзүүлж байлаа. Дэлхийн аваргын нээлтийн Катар-Эквадорын тоглолтыг үзсэн Японы хэсэг фанатууд ч цэнгэлдэхээ цэвэрлэж байгаа харагдсан.
Японд цэвэр цэмцгэр байдал нь соёлын нэг хэсэг бөгөөд бага наснаас нь эхлэн үүнд сургадаг.
2018 онд Осакагийн их сургуулийн социологийн профессор Скотт Норт “BBC”-д өгсөн ярилцлагадаа “Япончууд хөлбөмбөгийн тоглолтын дараа цэвэрлэгээ хийж байгаа нь хүүхдүүд сургуулийнхаа анги, коридорыг цэвэрлэдэг сургуульд заадаг үндсэн зан үйлийнх нь арай өөр хэлбэр нь. Япончуудын хувьд цэвэрхэн, эмх цэгцтэй байх нь амьдралынх нь бахархах үнэт зүйл" гэж байжээ.
Японы шигшээ багийг Коста Рика болон Испанийн шигшээ багууд хүлээж байна. Талбай дээр цэмцгэр, цэвэр шударга тоглолтыг үзүүлдэг шигээ япончууд талбайн гадна ч тийм байлаа. Тэд өчигдөр талбай дээр ч, талбайн гадна ч ялалт байгуулав.
Холбоотой мэдээ