Канад сайхан боломжоо алдаж, Испани өрсөлдөгчөө зажлалгүй залгив

Хуучирсан мэдээ: 2022.11.24-нд нийтлэгдсэн

Катар-2022

Канад сайхан боломжоо алдаж, Испани өрсөлдөгчөө зажлалгүй залгив

Канад сайхан боломжоо алдаж, Испани өрсөлдөгчөө зажлалгүй залгив

“Катар-2022” ДАШТ-ий дөрөв дэх өдрийн тоглолтууд боллоо.


МОРОККО 0 – 0 ХОРВАТ

Хоёр багийн тоглолтын ихэнхи хугацаа талбайн төвд өрнөж, эцэст нь тэнцээгээр өндөрлөв. Харилцан аюултай довтолгоо өрнүүлж байсан ч гоол орсонгүй. Хорватын довтолгоо асуудалтай харагдсан бол Мороккод талбайн төвийн найруулга дутагдалтай байлаа.

ГЕРМАН 1 – 2 ЯПОН

Германчууд хүсээгүй эхлэлээ тавилаа. Дэлхийн дөрвөн удаагийн аварга тэд өмнөх дэлхийн аваргаар хэсгээсээ гарч чадаагүй. Энэ удаад ч хасагдах шатанд шалгарах эсэх нь эргэлзээтэй болж ирэв. Эхний үед Илкай Гюндоган торгуулийн цохилтоос гоолдож, багтаа тэргүүллийг авчирсан. Үүний дараа Серж Гнабри, Жамал Мусиала нарт гоол оруулах сайхан боломж олдсон ч тэд ашиглаж чадаагүй. Улмаар хоёрдугаар үед япончуудаас Рицү Доан, Такүма Асано нар гоолдож, “Бенз VS Пруис”-ны тулаанд “Приус” ялалт байгуулав.

Тоглолтын дараа Японы дасгалжуулагч Хажимэ Морияасү “Энэ бол түүхэн мөч, түүхэн ялалт гэдэгт би итгэж байна. Японы хөлбөмбөгийг хөгжиж байна гэж үзвэл бид бүтээн байгуулалтыг нь хийж байна. Тоглолтын эхнээс бид шахаж эхэлсэн. Герман ч сайн шахаж байлаа. Бид үүнийг нь мэдэж байсан. Манай бүрэлдэхүүн ухаалаг, тууштай тоглолоо. Тэд үнэхээр сайн тэмцлээ” гэжээ.

Харин Германы дасгалжуулагч Ханси Флик “Тэг оноотой энэ ялагдал биднийг дарамтад орууллаа. Өөр хэлэх үг алга. Бид зөвхөн өөрсдийгөө буруутгаж байна. Эхний хагаст зөв тоглож, 78 хувьтай бөмбөг эзэмшиж, 1-0 гэсэн харьцаатай хожиж байлаа. Хоёрдугаар үед ч сайхан боломжууд гаргасан ч ашиглаж чадсангүй. Япон өнөөдөр зүгээр л үр дүнтэй байлаа. Бид хэзээ ч дэлхийн аваргад гаргаж болохгүй алдаануудыг гаргалаа. Эдгээр зүйлсээ бид сайжруулах хэрэгтэй” гэв.

Тус тоглолтын шилдгээр Японы хаалгач Шүичи Гонда тодорчээ.

БЕЛЬГИ 1 – 0 КАНАД

Канад анхны дэлхийн аваргынхаа анхны тоглолтод магтмаар тоглосон ч ялалт тэдний талд байсангүй. Угтаа тэд тоглолт эхлээд удаагүй байхад торгуулийн цохилтоос гоол оруулах сайхан боломж олсон ч үүнийг нь Алфонсо Дэвис алдав. Бельгийн Тибо Куртуа ч сайн хаалт хийсэн. Канадчууд үнэхээр 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааны хоёрт яваа багийг дарамталж байлаа. Гэвч тоглолтын 44 дэх минутад Бельгийн Миши Батшуайи гоолдож, багтаа ялалт авчирлаа.

Канадын Атиба Хатчинсон 39 нас, 288 хоногтойдоо ДАШТ-ий талбайд гарсан нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн хөгшин тоглогчдын жагсаалтад хоёрдугаарт орох үзүүлэлт болжээ.

Тоглолтын дараа Бельгийн дасгалжуулагч Роберто Мартинез “Техникийн хувьд бидний үзүүлсэн хамгийн муу тоглолт байсан уу гэж үү? Тиймээ. Харин хамгийн муу тоглолт байсан уу гэвэл үгүй. Учир нь энэ дэлхийн аваргын ялалт шүү дээ. Бид уг нь өөр тоглолт үзүүлж, сайн хамгаалах ёстой байсан юм. Канадын үзүүлсэн тоглолтод алга таших хэрэгтэй. Гэхдээ бид ялалт хүртэх эрхтэй байлаа. Бид өөрсдийгөө шүүмжилж, сайжрах хэрэгтэй байна. Аргентин, Германд юу тохиолдсоныг харсны дараа ядаж хожил байгуулж, гурван оноо авсандаа баяртай байна” гэж ярьжээ.

Канадын дасгалжуулагч Жон Хердман “Өнөөдөр бид хэсгээ тэргүүлэх боломжтой байлаа. Тийм даалгавартай байсан ч үүнийгээ алдчихлаа. Гэхдээ үзүүлсэн тоглолтоороо бахархаж байна. Тамирчид маань талбай дээр бүхнээ гаргаж, энэ тайзан дээр байх эрхтэй гэдгээ харууллаа. Тэд фэнүүдээ бахархуулж, ДАШТ-д байх ёстой гэдгээ харууллаа. Энэ л бидэнд чухал. Бид тэдэнд тоон үзүүлэлтүүдийг үзүүлж, энд тоглох ёстой гэдгийг нь харуулсан” гэв.

Тус тоглолтын шилдгээр Бельгийн Кевин де Брюйне тодорчээ.

ИСПАНИ 7 – 0 КОСТА РИКА

Хүн бүр 2014 оны Коста Рикаг хүлээж байсан нь лавтай. Гэвч тухайн үед шуугиан тарьж байсан гол тоглогчид нь хэдийнэ үеэ өнгөрөөж, Испанийн эсрэг эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Испани өрсөлдөгчөө жинхэнэ утгаарааа бут ниргэлээ. Дани Олмо, Марко Асенсио, Ферран Торрес, Гави, Карлос Солер, Алвара Мората гээд зургаан өөр тоглогч долоон гоол орууллаа.

18 нас, 110 хоногтой Гави Испанийг төлөөлөн ДАШТ-д оролцсон хамгийн залуу тамирчин болжээ.

Тоглолтын дараа Испанийн дасгалжуулагч Луис Энрике “Өнөөдөр бидний хувьд онцгой өдөр тохиолоо. Тэмцээний нээлт гэдэг үргэлж бидэнд хэцүү байж ирсэн. Харин өнөөдөр сайн байлаа. Чухал ялалт байгууллаа. Испанийн шигшээ гоол цөөн оруулдаг гэж их л уншдаг байлаа. Харин өнөөдөр гоол оруулахад асуудалгүй, бидэнд гоол оруулах олон тоглогчид байгаа гэдгээ харууллаа” гэв.

Костиа Рикагийн дасгалжуулагч Луис Фернандо Суарез “Тэд тоглолтын туршид бөмбөг эзэмшлээ. Бид үүнийг нь ч мэдэж байсан. Бид бөмбөг эзэмшиж, довтолж чадсангүй. Тэд гайхалтай тоглосон бол бид тэгсэнгүй” гэлээ.

Тус тоглолтын шилдгээр Гави тодорчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж