Д.Доржготов, Жэк Уэтерфорд нарт "Чингис хаан" одон гардууллаа

Хуучирсан мэдээ: 2022.11.24-нд нийтлэгдсэн

Д.Доржготов, Жэк Уэтерфорд нарт "Чингис хаан" одон гардууллаа

Д.Доржготов, Жэк Уэтерфорд нарт "Чингис хаан" одон гардууллаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

"Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг "Чингис хаан"одонгоор шагнадаг.

Ёслолын эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уг ёслолд оролцох зочдыг угтан авч мэндчилэв. Зочдын бүрэлдэхүүнд төр нийгмийн зүтгэлтнүүд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, шинжлэх ухаан, эдийн засгийн салбарын эрдэмтэн судлаачид, утга зохиол, урлаг соёлын алдартнууд зэрэг нэр хүндтэй эрхмүүд багтсан ба ёслолын арга хэмжээ Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхлэв.

Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулахтай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчийн 224 дүгээр зарлигийг уншиж танилцууллаа. Зарлигт “Чингис хаан” судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан тул АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жэк Уэтерфордыг, Монгол Улсад хөрс судлалын салбарын суурийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тавьж, энэхүү салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр үзүүлсэн тул ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Доржготов нарыг тус тус шагнахаар тогтсон болохыг дурдсан ба улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт шагналыг гардууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагналыг гардуулсаны дараа хэлсэн үгэндээ нийт Монгол түмэндээ болон хилийн чанадад суугаа эх орон нэгтнүүд, мөнхүү ёслолд оролцож буй зочдод хандаж, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой буюу "Монгол бахархлын өдөр"-ийг мэндчилгээг дэвшүүлсэн ба тэрбээр цааш хэлэхдээ “Чингис хааны түүх бол зөвхөн Монгол Улсын түүх биш бүх тив дэлхийн түүх юм.

Тиймдээ ч "Чингис хаан" одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой буюу "Монгол бахархлын өдөр”-өөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнадаг уламжлалтай. Иймээс энэ жил АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жэк Уэтерфорд, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Доржготов нарыг тус тус шагнаж байна” гэв.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жэк Уэтерфорд, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Доржготов нар үг хэлсэн. Тус ёслолын арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.

Академич, доктор, профессор Д.Доржготов Монголд анх хөрсний судалгааг эхлүүлж, өдгөө 50 гаруй жил дагнан судалж 300 гаруй ном, бүтээл туурвисан юм. Энэ их хөдөлмөрийг үнэлж, Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн Алтан медалийг хүртээж байв.

Тэрбээр Төв аймгийн Баян сумын уугуул. Малчин гэр бүлээс гаралтай. Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг 1957 онд төгсөж, дараа нь Москвагийн их сургуульд Хөрс судлалын мэргэжлээр суралцсан. 1962 онд их сургуулиа төгсөж ирээд, Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн анхны судлаачаар ажлын гараагаа эхэлжээ.

Тэрбээр монгол орны хөрсний зургийг хамгийн анх 2500000 масштабтай зохиож 1973 онд хэвлүүлсэн. Хөрс газарзүйн мужлал, ангилал, эвдрэл, үндэсний атлас, Орос, Англи дээр хэвлэгдсэн Байгаль нуурын сав газрын атлас, Монгол орны экосистемийн атлас, Монголын үндэсний нэвтэрхий толь, Хятад хэл дээр хэвлэгдсэн олон үндэстнийг хамруулсан Монгол судлалын нэвтэрхий толь гэх мэт 300 гаруй бүтээл туурвижээ.

Жэк Уэтерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номын зохиолч. АНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбиад төржээ. Улмаар Өмнөд Каролинагийн их сургуулийг 1967 онд Улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгсөж, Социологи, антропологийн чиглэлээр мастер, доктор хамгаалсан. Одоо Монгол болон Өмнөд Каролинад ирж очин амьдардаг. Тэрбээр ХХ зууны сүүл үеэс Монголын түүх, соёлыг судалж эхэлжээ.

Чингис хаан судлалын хүрээнд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг 2004 онд гаргасан. Тус ном нь 20 гаруй орны хэл дээр орчуулагдаж,  энэ чиглэлийн хамгийн өндөр борлуулалттай бүтээлүүдийн нэг болжээ.

Мөн 2010 онд “Монгол хатдын нууц түүх: Чингис хааны охид эзэнт гүрнийг хэрхэн аварсан бэ?”, 2016 онд “Чингис хаан ба бурханы эрэлд: Дэлхийн хамгийн агуу байлдан дагуулагч бидэнд шашны эрх чөлөөг хэрхэн олгосон бэ” зэрэг бүтээлүүдийг туурвисан.

Түүнийг 2006 онд Монгол Улсаас гадаадын иргэдэд олгодог "Алтан гадас" одонгоор шагнажээ. Мөн 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны "Хүндэт одон", Монгол Улсын Ерөнхийлөгчийн одон медалиар тус тус шагнаж байв.

“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номд Чингис хаан бол ухаангүй, харгис хүн гэх ойлголтыг эсэргүүцэж, илүү алсын хараатай дүр зургаар гаргасан байна. Монголын эзэнт гүрэн зөвхөн цус урсгаж, эмх замбараагүй байдал үүсгэж байсан гэхээс илүүтэй дундад зууны үеийн дэг журмыг үгүй хийж, чөлөөт худалдаа, үзэл санааны шилжилт, шашны хүлцэнгүй байдлын эрин үеийг авчирсан гэж үзжээ. Түүний номууд өдгөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа уншигчдад Монголын эзэнт гүрнийг таниулах томоохон гүүр болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж