“Монгол хэл англи хэл шиг бүх нийтийг татаж байсан”

Хуучирсан мэдээ: 2022.11.24-нд нийтлэгдсэн

“Монгол хэл англи хэл шиг бүх нийтийг татаж байсан”

“Монгол хэл англи хэл шиг бүх нийтийг татаж байсан”

Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-т зориулсан “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хурал өчигдөр (2022.11.23) Япон-Монголын төвд боллоо. МУИС-ийн Түүхийн болон Монгол хэл, шинжлэлийн тэнхимээс зохион байгуулсан энэхүү хурал, хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн судлаачид Эзэн Чингис хааны байгуулсан гавьяа, дэлхийн түүхэнд үлдээсэн өвийг монголчууд тодруулан судалж, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэйг онцлов.

Дэлхийн олон улсад Чингис хаан судлалыг бодлогоор дэмжин ажиллаж буй. Монгол Улсад ч сүүлийн жилүүдэд Чингис хаан судлалд онцгой анхаарал хандуулан, музей байгуулан ажиллаж буй билээ. Зарим судлаачид цаашид Чингис судлалыг зөвхөн шинжлэх ухааны байгууллагад даатгаад орхих биш, төрийн бодлогын түвшинд авч явах шаардлагатайг онцолсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр МУИС-ийн Монгол хэл, шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Түвшинтөгс “Чингис хаан ба монгол хэл” илтгэл тавив. Тэрбээр “Монгол хэл сурах, монгол хэл бүхий орчуулгын толь зохиох ажил Монголын эзэнт гүрний харьяаны улс орнуудад эрчимтэй өрнөж байв. Тухайлбал, монгол хэлийг ханз, араб үсгээр тэмдэглэсэн олон тооны толь бичиг зохиосон, Монголын нууц товчоог ханз үсгээр галиглан тэмдэглэсэн зэрэг нь үүний тодорхой баримт болно” гэж хэлсэн юм.

Мөн тэрбээр “Монгол бичиг лавтайяа мэдэгдэж байгаагаар 1000 гаруй жилийн түүхтэй төрийн хэргийг залгамжилж яваа бичиг юм. 1246 онд Гүюг хаанаас Ромын пап лам илгээсэн захидалд Гүюг хааны тамгыг монгол бичгээр тэмдэглэсэн байдаг. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг монгол бичгийн тигээр тэмдэглэсэн байдаг.

Тэртээ 800 жилийн өмнө монголчууд дэлхийг эзэлж захирч, үйл хэргээ явуулж байсан үед монгол хэл өнөөгийн англи хэл шиг бүх нийтийг татаж байсан. Араб, хятад үсгээр тэмдэглэсэн толь бичиг, монгол хэлийг хүмүүс сурах гэж хичээж байсан баримт бий. Тиймээс энэхүү бахархах түүхийг манай залуус мэддэг байгаасай, чаддаг бол үргэлжүүлээсэй хэмээн энэхүү хурлыг зохион байгуулж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж