Запорожье мужийн Вилнянск хот дахь төрөх эмнэлгийг ОХУ пуужингаар харважээ. Вилнянск бол Украины хяналтад байгаа хот юм. Запорожье мужийн зарим хэсэг Оросын хяналтад байна. Пуужингийн цохилтын улмаас төрөөд хоёрхон хонож буй нярайн амь эрсэдсэн бөгөөд хүүхдийн ээжийг нуранги доороос гаргаж авсан байна. Эмнэлгийг С-300 пуужингаар оножээ.
Амаржих газрыг онилж, дайны үеийн хууль тогтоомжийг зөрчиж, санаатайгаар хүн амины хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байна.
ОХУ хоёрдугаар сараас хойш Украины эрүүл мэндийн байгууллагуудад 703 удаа халдсаныг ДЭМБ мэдээлсэн. Тухайлбал, гуравдугаар сард Мариуполь хотын эх, хүүхдийн эмнэлгийг бөмбөгдөж байв. Эрүүл мэндийн дэд бүтцэд тасралтгүй халдлага үйлдэж байгаа нь олон төрлийн үйлчилгээнд нөлөөлсөн. Украины таван хүн тутмын нэг нь эм тариагаа авахад бэрхшээлтэй болоод буйг ДЭМБ-ын Украин дахь төлөөлөгч Жарно Хабихт хэлжээ.
Зеленский “Террорист улс энгийн иргэд болон объектуудын эсрэг тэмцсээр байна. Энэ шөнө Запорожье мужийн амаржих газар бай болжээ. Хоёр хоногтой хүү нас барлаа. Аймшигтай. Бид хэзээ ч мартахгүй, хэзээ ч уучлахгүй” гэж хэлэв.
Дашрамд дурдахад, Европын парламент өчигдөр (2022.11.23) Оросыг терроризмыг дэмжигч улс гэж хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргажээ. Энэ тухай Бельгиэс сонгогдсон гишүүн Гай Верхофштадт твиттер хуудастаа жиргэсэн байна.
Эх сурвалж: CNN, ABC NEWS
Холбоотой мэдээ