ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин хэсэгчилсэн дайчилгаа зарлаж магадгүй тухай цуу яриа таржээ. Бүс нутгийн удирдагчид Путинд захидал бичиж, дайчилгаагаа зогсоохыг хүссэн байна.
Бүгд найрамдах Карель улсын Хууль тогтоох ассамблейн гишүүн Эмилия Слабунова телеграм сувагтаа захидлаа нийтэлжээ. Түүний захидалд хамтран зүтгэгч Инна Болучевская гарын үсэг зурсан байв. Бүгд найрамдах Карель улс нь ОХУ-ын баруун хойд холбооны тойрогт хамаарах улс юм.
Захидалд "Батлан хамгаалах яам хэсэгчилсэн дайчилгааг бүрэн гүйцэтгэсэн гэж мэдэгдсэн ч дахин ийм зүйл болохгүй гэсэн хууль эрх зүйн баталгаа өгөөгүй. Тиймээс анх зарлаж байсантайгаа адил дайчилгаа дууссан гэж албан ёсоор зарлахыг Путинд уриалж байна. Ийм тогтоол байхгүй байгаа нь нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, хүмүүсийн түгшүүр ихэсч байна" гэжээ. Слабунова, Болучевская нар дайчилгаа үргэлжлэх болно гэж санаа зовж буй Карелийн оршин суугчдаас хүсэлт хүлээн авсан тухай захидалдаа дурдсан байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр (2022.11.23) РИА Новости агентлагт депутатуудын захидлыг хараагүй гэж мэдэгдэв.
Хэсэгчилсэн дайчилгааг энэ оны арванхоёрдугаар сард, эсвэл ирэх оны нэгдүгээр сард хийж магадгүй гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тарсан. Санкт-Петербург хотын нэгэн оршин суугчийг ирэх оны нэгдүгээр сард дайчилна гэсэн зарлан дуудах хуудасны зураг телеграм сувагт мөн таржээ.
Ойрын саруудад дахин дайчилгаа зарлах нь фронтын шугам руу чиглэх орос цэргүүдийн ерөнхий чанарыг дордуулах болно гэж Дайны судалгааны хүрээлэн үзэж байна. Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко ОХУ нэгдүгээр сард 500-700 мянган нөөц цэрэг татахаар бэлтгэж байж болзошгүйг анхааруулсан.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ