"Мангасыг дарах гээд МУИС-ыг мангас болгож болохгүй"

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

"Мангасыг дарах гээд МУИС-ыг мангас болгож болохгүй"

"Мангасыг дарах гээд МУИС-ыг мангас болгож болохгүй"

Монголын хуульчдын холбооны тавдугаар их хурал 12 дугаар сарын 10-нд хуралдана. Энэхүү их хурлаас Монголын хуульчдын холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгох ба ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлээд байгаа хуульч Б.Алтаншагайтай  ярилцлаа.


-Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулна уу?

-Сайн байна уу? Миний хувьд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2013 онд төгсөж, туслах хуульч, Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхэлснээс хойш, мэргэжлээрээ тасралтгүй есөн жил ажиллаж байна.

-Удахгүй болох Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн сонгууль зөвхөн хуульчид, эрхзүйчдийн дунд төдийгүй олон нийтийн анхаарал татаж бүлэглэл, фракц үүссэн, тухайлбал эрх зүйч бэлтгэдэг гурван сургууль нэгдсэн гэх зэргээр дуулиан шуугиан болж байна. Таниас энэ асуудлын талаар тодруулах гэсэн юм?

-Уг сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн нэр бүхий хуульч нарын уулзалтын талаар олон нийтийн сүлжээнд нийтлэснээс үзэхэд, МУИС, Шихихутаг, Отгонтэнгэр Их сургуулийн хууль зүйн сургуулийн төгсөгч нарыг нэгтгэж Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид санал өгөх эрх бүхий төлөөлөгчийг сонгох талаар ярилцсан байх магадлалтай бөгөөд уриалсан үйлдлийг гаргасан. Энэ нь Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхимын удирдлагад байгаа хэсэг бүлэг, одоо Монголын хуульчдын холбоог авах гэж байна буюу Их засаг сургуулийн төгсөгч,  нэр дэвшигчээр  гэж яригдаж байгаа Б.Батзаяа өмгөөлөгчийг хэлж байна гэж шууд ойлгогдохоор байгаа юм.

-Бусад нэр дэвшигч нар нь аль сургууль вэ? Ямар учраас фракцлах тухай ярьсан юм бол?

-Уулзсан гэгдээд буй нэр дэвшихээ илэрхийлээд байгаа хуульч  нар нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчид. Би дотроо арай ч тийм зүйл хийх талаар нэр дэвшигч нар яриагүй байх гэж бодож байна. Учир нь Монголын хуульчдын холбооны ны ерөнхийлөгч  бүх сургууль, бүх хуулийн салбарын төлөөллөөс сонгогддог хүн. Нэн ялангуяа, нийгэмд буруу зөвийг жигнэдэг, шударга ёсыг тогтоодог  хүмүүс тийм зүйл хийх нь буруу, хийхгүй байх гэж бодож байна. Хуульчдын холбооны зөвлөл, ерөнхийлөгчийг сонгох үйл явцад засаж сайжруулах зүйл байгаа нь үнэн.

Үүнийг ашиглаад хуульчдын холбооны ерөнхийлөгч болно гэвэл нэр дэвшигчийн ёс зүй, мэргэжлийн  хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрч үл болох алдаа. Сонгууль нь мэргэжлийн ур чадвар, туршлагад тулгуурласан мөрийн хөтөлбөрийн өрсөлдөөн, итгэлцэл, ирээдүйг харсан үйл явц гэж ойлгодог. Хэрэв аль аль нь байхгүй бол тухайн төлөөлөгчид түдгэлзэх, цагаан сонголт хийх эрх нээлттэй юм. Б.Чимид “Хуульч хүн бол жинхэнэ хүн байх ёстой.” гэснийг ч мартаж болохгүй.

-Та түрүүнээс хойш төлөөлөгч гэж яриад байна. Ямар учиртай вэ?

-Иргэдэд илүү ойлгомжтой гэвэл, УИХ-ын 76 гишүүн дотроосоо Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох хувилбарын талаар ярьдагтай зүйрлэж ойлгож болох тогтолцоо. Монголын хуульчдын холбооны гаргасан статистикээр 5853 бүртгэлтэй хуульч байна. Эдгээр хуульчид нь шүүгч, прокурор, нотариат, өмгөөлөгч, бусад хуульчид хуваагдан тус бүртээ 100 орчим төлөөлөгчийг цахимаар сонгож, нийт сонгогдсон 500 гаруй төлөөлөгч нууц санал хураалтаар ерөнхийлөгчөө сонгодог. Өмнө ярьсан фракцлах, баг болж орох асуудал нь энэ 500 гаруй төлөөлөгчийг сонгохтой холбоотой. Их засаг их сургууль жилд хамгийн олон эрх зүйч бэлтгэдэг, тэд мэдээж салбарт бүрт очно, олуулаа болдог учир, өөрийн төгсөгч, төлөөлөгч нарт давуу байдал бий болгох гэсэн тактик байж болох юм. Их засгийн төгсөгч нар мөрийн хөтөлбөр, нэр дэвшигч хэн байх нь хамаагүй гэсэн уриатай орж ирлээч түүний эсрэг авч байгаа арга хэмжээ нь адилхан зүй бус үйлдэл байж болохгүй.

Зорилго нь үйлдлээ хэзээ ч зөвтгөхгүй. Зүйрлэлээр бол, Их засгийн “мангас”-ыг дарах гэж байна гээд МУИС-ыг болон бусад сургуулиа мангас болгож болохгүй.  Хуульчид, Их засаг их сургуулийн төгсөгч-хуульчид ч харанхуй бүдүүлгээр хэн нэгийг дагах хуульчид биш гэдэгт итгэлтэй байна. Манай Их засаг их сургууль гэх мэт дотоодын их дээд сургууль, гадаадад суралцсан  хуульчид, ахмад, дунд, залуу үеийнхэн намайг дэмжихээ илэрхийлээд байгаа.

-Бидэнд мэдээлэл өгсөн баярлалаа. Таньд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

Б.Алтаншагай: Та бүхнийг Монголын хуульчдын холбооны тав дугаар их хуралтай холбоотой мэдээлэл авсанд баярлалаа. Монголын хуульчдын холбоо гэдэг бол нийт хуульчдын байгууллага гэдэг утгаараа гишүүдийхээ болон нийгмийн  өмнө маш өндөр хариуцлага хүлээж, манлайлан ажиллах ёстой. Бидэнд хуульчдыг нэгтгэсэн, олон улсын өмнө үүрэг хүлээсэн энэхүү байгууллагын үндэс суурин дээр, цаашид шийдэх ёстой олон асуудал гарц, гаргалгаагаа хүлээж байна. Тэр утгаараа,  нээлттэй ажиллаж,  болоод өнгөрсөн хойно нь бус, өмнө нь бодлого ярилцаж, шийдлээ олдог удирдлага, хамт олон байх болно.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж