УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2022.11.23/ “Шинжлэх ухааны салбарын хөгжил, цаашид авах арга хэмжээний тухай” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн мэдээллийг сонслоо.
Сайд Л.Энх-Амгалангийн мэдээллээр 2021 оны байдлаар төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын нийт 71 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагад нийт 5085 судлаачид ажиллаж байгаагийн 1349 нь эрдэм шинжилгээний үндсэн ажиллагсад байна. Үндсэн ажиллагсаддын 719 буюу 53.2 хувь нь эмэгтэйчүүд, 630 буюу 46.7 хувь нь эрэгтэйчүүд.
Нэг сая хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтнуудын тоо, судалгаа хөгжүүлэлтэд зарцуулж байгаа зардал гэсэн тоон үзүүлэлтүүдийг улс орнууд шинжлэх ухааны хөгжлийн гол үзүүлэлт гэж авч үздэг. Монгол Улсын хувьд нэг сая хүнд 374 эрдэм шинжилгээний ажилтан ногддог. Энэ нь ОХУ-тай харьцуулахад даруй 25 дахин бага юм. Судалгаа хөгжүүлэлтийн зардлын тухайд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа зардлын нэг хувь ч хүрдэггүй ажээ.
Гэсэн ч эрдэмтэд тодорхой үр дүн гаргаж байна гэдгийг салбарын сайд нь онцоллоо. Тухайлбал, Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид олон улсын 23, дотоодын 255 патент, 100 гаруй ашигтай загвар, зохиогчийн эрх хамгаалж, технологийн заавар 440, ТЭЗҮ 25-ыг боловсруулж, 150 гаруй ажил үйлдвэрлэл практикт нэвтрүүлсэн байна. Шинжлэх ухааны хүрээлэнгийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг коронавирус SARS-CoV-2 вирусийн геномын харьцангуй тогтвортой, өндөр дархлаа үүсгэх чадвар бүхий N уургийг сонгон ашиглаж, энэхүү вирусийн эсрэг дархлааны молекул болох эсрэг биетийг илрүүлэх “ЭЛИЗА” оношлуур гарган авсан нь үр дүнтэй болсон.
Дарханы ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд 1989 оноос тасралтгүй харьцуулсан судалгааг хийж “Дархан-144” сортыг гарган авсан. Энэхүү сортыг сонгон тариалсан аж ахуй нэгж, тариаланчдын нэгжээс авсан ургац нь улсын дунджаас 0.2-4.1 ц/га-аар илүү байж, нэмэгдэл ургацаасаа жилд дунджаар 10.3 тэрбум, 6 жилд нийтдээ 61.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон эдийн засгийн тооцоо гарсан гэдгийг тодотголоо.
Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Н.Нацагнямыг Монгол Улсыг 100 жил эрчим хүчээр хангах NaNyam-AX12 технологи бүтээлээ гээд Төрийн шагнал өгч, бүтээлд нь 100 сая төгрөгийн шагнал олгож байсан. Шагналыг 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед олгож байсан. Гэтэл өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбар ямар хэмжээнд байгаа билээ. Бид хэнд шагналаа өгчихсөн юм бэ. Хэн хариулт өгөх вэ?
Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Б.Чулуунбаатар:
Н.Нацагням докторт Засгийн газрын 100 саяын шагнал олгосон. 2011 оноос олгож эхэлсэн шагнал. Н.Нацагнямын ярьж байсан зүйл бол цахилгаан станц дээр Франц, Англид хэрэглэж байсан өөрийнхөө технологийг нэвтрүүлээд эрчим хүчний асуудлыг зохицуулчихна гэсэн сурталчилгаа хийгээд байсан. Тэр үед Засгийн газар 100 саяын шагналд нэр дэвшүүлэх асуудлаар Шинжлэх ухааны академиас тодорхой мэдээлэл авалгүй өгөгдсөн. Тэрнээс хойш гурав, дөрвөн удаагийн 100 саяын Засгийн газрын шагнал олгогдсон. Намсрай академич, Батцэрэн академич, Бямбаа академич 100 сая төгрөгийн шагнал авсан. Бямбаа академичийн вакцины үйлдвэрлэл бол нэг төгрөгийг оруулаад хэдэн төгрөгийн ашиг гаргадаг вэ гэдэг тооцоогоор ярих юм бол хэдэн зуун дахин их ашиг өгөх юм.
Сануулахад, инженер Н.Нацагнямд “Синхрон генераторын NaNyam-AX12 цахим автомат өдөөлтийн систем, түүний виртуаль лаборатори” бүтээсэн гэж дээрх 100 сая төгрөгийн шагнал хүртээж байжээ.
Г.ХОРОЛ