Монголын төр түншилж чаддаггүй!

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

Монголын төр түншилж чаддаггүй!

Монголын төр түншилж чаддаггүй!

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Гадаадын хөрөнгө оруулалт, худалдаа хариуцсан яам шинээр байгуулж буйгаа мэдээлжээ. Гол зорилго нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тэднийг  дотоодын “дээрэмчдээс” хамгаалах, гомдол саналыг нь барагдуулах аж.  Тэгвэл дотоодын хөрөнгө оруулагчдыг дээрэм, луйвраас хэн, хэрхэн хамгаалах тухай мөн хөндөгдөж таарна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрөгч аравдугаар сард гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн гэх хэргийн жагсаалтыг танилцуулахдаа дотоодын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хүмүүсийг зарлахаа амалсан. Гэвч, түүнээс хойш 20 гаруй хонож байна.

Х.Нямбаатарын дэлгэсэн жагсаалтыг харахад жирийн нэг иргэн дээрэм хийчихээгүй болохыг хэвлэлээр “задарсан” нэрсээр харахад ойлгомжтой.  Хууль тогтоогч, хууль хэрэгжүүлэгч, хууль сахиулагч голдуу хүмүүс гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж, луйвардсан болох нь хуулийн сайдын нууцалсан үсэгнүүдээс тов тодорхой уншигдаж байна.  Хууль тогтоогч, хууль боловсруулагч, хууль сахиулагч гэдэг нь товчхондоо, Монголын төр гэсэн  үг.

Тэгэхээр Монголын төр өөрөө дээрэмчин болохыг Х.Нямбаатарын жагсаалт батлаж байна. Хэдийгээр Монголын төр тэднийг явуулсан ч, Монголын төрөөс тэд яваагүй л байгаа.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг тоносон хэргүүд дахин сэдрэхтэй зэрэгцээд Засгийн газраас Төр хувийн хэвшлэлийн түншлэлийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан.  Хуулийн төслийн үндсэн зорилтоо Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлахдаа “…төр, хувийн хэвшилтэй урт хугацаанд түншилж дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар үйлчилгээний салбарт өрсөлдөөнийг бий болгох, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон давуу талыг бүрдүүлэхэд чиглэсэн” гэжээ. Гэхдээ, хууль батлах нэг хэрэг, хуулийг хэрэгжүүлэх нь гол асуудал. Төр үнэхээр хувийн хэвшилтэйгээ түншилж чадах уу.

Төр хувийнхнаа дэмжинэ, туслана гэж олон жил ярьсан, амалсан, хулхидсан. Одоо хэр нь төртэй түншлэхээс хувийн хэвшлийнхэн айж байна, айдастай явна. “Кью Эс Си”-гийн гүйцэтгэх захирал Э.Шижир “Ямар ч тайлбаргүй "хашаа"-наас хөөж гаргачхаад, уулзахгүй зугатаад байх нь төр, хувийн хэвшлийн сайн түншлэл биш” гэжээ. Үнэн, төр хувийн хэвшлийн түншлэл бол төртэй хамтарч бизнес хийхийн нэр  бүр биш. Төр нь хувийн хэвшил айдасгүйгээр ажлаа хийх боломжийг бүрдүүлж байвал тэр жинхэнэ түншлэл болно.

Түүнээс дур нь хүрэхээр хамтардаг, дургүй нь хүрэхээр хашаанаасаа хөөгөөд гаргадаг байж боломгүй. Өөрөөр хэлбэл, Монголын төр гэдэг нь аль нэг намаас, бүлэглэлээс, хэн нэгэн даргаас хамаарах ёсгүй юм.

Хамтрах, түншлэх гэрээ байгуулсан түүнийг нь нэг дарга, нэг сайд нь ирээд зогсоодог, гацаадаг, дээрэмддэг байж болохгүй, гэрээ бол гэрээ.  Гэтэл сүүлийн жилүүдэд төр нь гэрээгээ, тэр ч бүү хэл Үндсэн хуулиа зөрчих нь хэвийн үзэгдэл болжээ. Үнэндээ бизнесийнхэн айдастай, эрх баригчдыг ил тод шүүмжлэхээс эмээдэг болсон байна. Шүүмжилж дуугарсан хүн нэг бол өмчөө алдана, нөгөө бол шоронд орно. Ийм төртэй иргэд нь, хувийн хэвшлийнхэн нь яаж түншлэх юм бэ. Төр, хувийн хэвшлийн түншлэл бол итгэлцэл, ойлголцол дээр суурилах ёстой.  Нэг үгээр хэлбэл, төрд аль нам засаг барих, хэн сайд дарга болохоос үл хамаараад түншлэл нь тогтвортой, гэрээ нь хамгаалалттай байх учиртай. Товчхондоо% Х.Нямбаатар хуулийн сайд, Б.Жавхлан Сангийн сайд байх эсэхээс үл хамаараад гэсэн үг.

АН-ын засагтай хамтарсан гээд МАН нь, МАН-ын засагтай түншиллээ гээд АН нь хувийн хэвшлийнхнийгээ дээрэмдэж, бизнесийг булаагаад байх юм бол гадаадын хөрөнгө оруулагчид ирэх нь битгий хэл дотоодын хөрөнгө оруулагчид нь Монголоос дүрвэхийг, Монголын төрөөс зугатана.

УИХ-ын 2009 оны төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг дагуу  Концессын хуулийг батлаж, үүний хүрээнд  “Уул, уурхай металлургийн цогцолбор барьж, байгуулах” төслийг 30 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэх гэрээг Монголын төртэй байгуулсан “Кью Эс Си” гэхэд өнөөдөр ямар байдалтай болчхоод сууж байгаа билээ. Эндээс бизнесийнхэн ямар ойлголт авсан бэ гэвэл төртэй хамтрахад төвөгтэй, эцэс сүүлдээ хөрөнгөө булаалгуулаад хоосон хоцрох эрсдэлтэй гэж харж, дүгнэж байна.

өр, нь хэлсэн ярьсандаа байж чаддаг болсон цагт түншлэх, хамтрах тухай ярих ёстой юм. Өнөөдөр дэлхий дээр өргүй, зээлгүй компани нэг ч байхгүй. Том, жижиг аль ч бизнес зээл авч томордог, хөгждөг, хөлждөг. Тэгж ярих юм бол, төр өөрөө ч гадаадад өч төчнөөн өр зээл тавьдаг. Нэг өглөө л төр нь цэрэг, цагдаа, камер буу болоод өмчийг нь хурааж, үүд хаалгыг нь битүүмжлэхгүй гэсэн баталгаа Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болж чадахгүй. Үнэнийг хэлэхэд өмнө нь ч, өнөөдөр ч Монголын төр хувийн хэвшилтэйгээ түншилж чаддаггүй.Түншлэл гэдэг төр нэг амаараа "гоё" мөрөөдлөө ярьж, нөгөө гараараа хувийн хэвшлийнхнээ дээрэмддэгийг хэлдэггүй юм.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж