“Хурдан хүлгийг эзнийх нь нүдэнд харагдтал зурах амаргүй”

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

“Хурдан хүлгийг эзнийх нь нүдэнд харагдтал зурах амаргүй”

“Хурдан хүлгийг эзнийх нь нүдэнд харагдтал зурах амаргүй”

Хурдан морь гэдэг хүний бурхан шүтээнээс нь дутахааргүй хүндлэл юм. Монгол хүн эрт цагаас гэрийн хойморт буюу бурхан тахилынхаа хажууд хазаар, ташуур, эмээлээ байрлуулдаг нь хүлгээ дээдэлж буй хүндлэлийн дээд хэлбэрийн илэрхийлэл. Айл гэрийн буян хишгийг тогтоодог хэмээгээд хурдан хүлгээ сэтэрлэж бурхан шүтээндээ хөргийг нь байрлуулж үе үеэрээ дээдлэн шүтдэг уламжлалтай.

Энэ удаагийн ярилцлагандаа морины зураач Б.Сандуйг урилаа. Түүний хувьд хурдан морь сонирхогчид дунд хэдийнэ танил болж, уяач бүрийн дотор орших сайхан хүлгээ зуруулж, хадгалах  битүүхэн хүслийг биелүүлж буй уран бүтээлч юм.


-Та багаасаа зураг зурах сонирхолтой хүүхэд байсан юм билээ. Хүүхэд насны сонирхолтой дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач?

-Бага байхаасаа эхлэн дэвтэр ном хамаагүй буланд нь морины дүрслэл чадан ядан үүсгэчихсэн тэрийгээ харан баясаж суудаг байсан. Аав ээж маань хараад урмын үгсээр мялаадаг. Ингэж л анхны бүтээлүүд маань тэр үед  төрж байсан юм. Аав маань Зэвсэгт хүчний 119-р ангид жолооч хийдэг байлаа. Эх үрсийн баяраар аавыгаа дагаад ажлынх нь газар хамаг гоёогоо өмсөөд очиж билээ. Тухайн үед зургийн уралдаан болоод оролцох хүүхдүүд энэ танхимд ороорой гэдэг юм байна. Аав ч намайг түлхээд л оруулчихлаа. Тэр үед юунд орж байгаагаа төдийлөн ойлгоогүй найман настай жаал автоматаар морио зурсан даа. Зурах зурахдаа зургаан насны хурдан морь уяан дээрээ үүрсэж буйгаар зураад л гараад ирсэн. Гарч ирээд эх, үрсийн баярын сэдвээр аавын хүү юу зурав гэнэ. Би ч хэлээд, тэрүүгээр л инээд боллоо. Уралдааны дүн гарч би эх үрсийн баяр сэдвээр зургаан насны морь зураад л түрүүлж билээ. Гайхах, баярлах хосолсон миний анхны амжилт байсан юм.

Миний бага нас хөдөө ахуй амьдралтай их ойрхон тэр тусмаа морин дэл дээр дарцаглаж өссөн. Би Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул. Аавыг маань Б.Батжаргал гэдэг. Манайх  хүүхдүүдийн хичээл амраад л сумын төвийнхөө ойролцоох Бадирын зусландаа ах дүүсийнхнээрээ айл болон зусдаг байсан. Өглөө эртлэн босч адуугаа хурааж услаад, гүүгээ барингаа тухайн өдрийн ажилд зориулагдах морьдоо барина. Мөн уяаны морьдоо барьж, сойхоос эхлүүлэн хөдөөгийн бидний ажил эхэлнэ дээ. Дүүтэй нас ойролцоо учир хурдан морь олон жил унаагүй юм. Тухайн үедээ өөрийн болон ах дүүсийн морьдыг багагүй унаж айраг түрүү хүртсэн. Унаачийн албаас уяач, зөвлөхийн албанд шилжиж, өөрийн хэмжээнд морь шинжиж, уяа сойлго хийх гэж оролдоно. Ингэж л хурдан морьтой холбоотой амьдрал эхэлсэн юм.

-Хурдан морь сонирхогчид таныг сүүлийн үед гарч ирсэн чамин зураач гэх юм билээ. Та хэзээнээс морь дагнаж зурах болов?

-Би 2009 онд МУБИС-ийг зураг-урлалын багш мэргэжлээр төгссөн. 13 дахь жилдээ Нийслэлийн тэргүүний“Оюунлаг” сургуульд багшилж байна. Хэдийгээр багш бэлтгэх сургуулийг төгссөн ч энэ сургуулиас олон арван авьяас билэгт нэрт зураач уран бүтээлчид төрөн гарсан байдаг. Үүнийг үргэлжлүүлэх юмсан гэх битүүхэн хүсэл булгилах үе бий.  Ер нь хүн ямар ч үед хөдөлмөрч байдлаа алдахгүй хичээж зүтгэх хэрэгтэй гэж үздэг. Учиргүй зураач бэлтгэх том сургуульд нь сураагүй ч гэсэн мундаг зураач, эрдэмтэн багш нарийнхаа захаас нь харж суралцаж өссөн учир  хичээж л явна. Энэ хугацаанд олон төрлийн сэдэв агуулгатай  бүтээлүүд хийж олон үзэсгэлэнд оролцсон. Сүүлийн үед хурдан морины уран зургийн төрөлд багагүй бүтээл урлаж  явна. Сурах, судлах зүйл их ч байна.

-Оюунлаг сургуулийн сурагчид зургийн уралдаанд амжилттай оролцож байгаа харагддаг. Та өөрийн хичээлээрээ хүүхдэд юуг мэдүүлж сургая гэж боддог вэ?

-Сурагчдынхаа байгалийн өгөгдөл мэдрэмж, авьяас чадварыг харж байгаад хүүхэд болгоныхоо онцлогт тохируулан харьцаж,  хамтарч ажиллахыг хүсдэг. Маш олон төрлийн ааш зантай, авьяас чадвартай хүүхдүүд байгаа шүү дээ. Хүүхдийн чадварыг баллуурдахгүйгээр зураг зурахын гоё сайхныг хүүхдэд мэдрүүлэхийг хичээж ажилладаг. "Оюунлаг" сургуульд ажиллаж байх хугацаанд олон улс, улс, нийслэлийн чанартай зургийн уралдаанд таван гранпри, багаараа аваргын зургаан цом, тэргүүн байрын өргөмжлөл 16, хүртсэн. Нийтдээ 210 орчим зураач, сурагчийн 760 гаруй амжилтууд бүртгэгдсэн байна.

-Та уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан уу. Хурдан морины бүтээлээрээ үзэсгэлэн гаргах төлөвлөгөө бий юу?

-Манай Алтанбулаг сум улсдаа алдар цуутай уяач, хурдан хүлгээрээ алдартай сум л даа. Улсын анхны алдарт уяач болон цуутай хүлгүүд ч манай сумаас төрж гарсан байдаг. Алтанбулаг сумынхаа түүхт 80 жилийн ойд зориулан “Хийморьлог хүлгийн торгон агшин” нэртэй үзэсгэлэнг 2016 онд гаргасан. Энэ үзэсгэлэнд сумынхаа алдар цуутай хүлэг морьдын дүрслэл бүхий 30 орчим бүтээлээс бүрдсэн бие даасан үзэсгэлэнгээ толилуулсан юм. Ирээдүйд хурдан морины сэдэвт бүтээлийн үзэсгэлэн төлөвлөсөн байгаа.

-Морь зурж байхад хүндрэлтэй зүйл тохиолддог уу?

-Манай нутгийн Улсын алдарт уяач Н.Даатамгийн хул гээд 1980 аад онуудад Улсын наадмын  түрүү айрагт хурдалсан цуутай хурдан хүлэг байсан юм. Энэ азаргыг дүрслэхэд дээр үеийн бүүдийсэн номын хар зураг л олдож байлаа. Түүний эзэн болоод тухайн үед байсан морины зүсийг мэдэх хүмүүстэй холбогдож ерөнхий шинжүүдийг аман яриагаар авч бэлдсэн материалдаа тулгуурлан зурах л хүндхэн байсан даа. Хүний халуун ам бүлээс дутахгүй хоногшиж үлдсэн хурдан хүлгийг эзнийх нь нүдэнд харагдтал сайхан зурна гэдэг зурах болгондоо л амаргүй чамбай ажиллагааг шаарддаг.

-Та бүтээлийнхээ аль хэсэг нь хамгийн их анхаарал хандуулдаг вэ?

-Аль болох бүх хэсэгт нь анхаарч сайн гүйцэтгэхийг хичээдэг. Хүн амьтны бүх шинжийг илэрхийлэх гол эрхтэн нүд байдаг. Тиймээс зурж буй мориныхоо нүдийг торойтол гаргаж чадвал зураг маань амь ороод л явчихдаг юм. Хурдан морины гол шинжид нүд бол зайлшгүй орно доо. Морины нүд бүх зүйлийг нь илэрхийлдэг юм.

-Мэдээж хурдан хурц хүлгээ зуруулах гээд хүмүүс их л холбогддог байх. Нэг бүтээлийг зурахад хэр хугацаа зарцуулдаг бол?

-Зураачид болгон өөр өөрийн зурах арга барилтай. Зарим нь мастердаад маналзуулаад өгөх хүн байхад зарим нь долоож ажиллана гэдэг дээ (нарийвчилж ажиллахыг хэлнэ). Миний хувьд нарийвчилж ажилладаг учир хурдан шуурхай бүтээгдэх боломжгүй байдаг. Морийг яг л дүрээр нь хэлбэр хийц өнгө зүсийг нь алдахгүй зурна гэдэг хариуцлагатай ажил учир богино хугацаанд тэр болгон зурж амждаггүй л дээ. Миний хувьд цаг товлохыг хүсдэггүй бүтээл бүр өөр өөрийн  хугацаатай.

-Морь зурахдаа ямар хэрэгсэл ашигладаг вэ?

– Зотон даавуун дээр тосон будгаар буддаг.

-Таны бүтээлүүдээс тухайн эзэндээ хамгийн тааламжтай сэтгэгдэл төрүүлсэн бүтээл байдаг уу?

– Зуруулсан эзэн уяач маань бүтээлээ гардаж авахдаа магнайдаа адис хүртээд л баярласан сэтгэгдлээ илэрхийлж хурдан удмын даага аваарай, алтан сав аваарай гээд л урлангаас гарах сайхан шүү дээ.  Олон ч уяач нөхөд маань миний мутрыг мялаасан даа. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын  алдарт уяач Л.Мөнхсайхан ахад  хурдан “Ах хээр” азаргын хамт бүтээл болгон гардуулсан ахын сэтгэл их ч хөдөлсөн дөө. Говь-Алтай аймгийн алдарт уяач Ц.Хүрэлтулга найзад “Хурдан хүрэн” “Хамар цагаан”, “Мэнгэт” хүрэн” сайхан азаргуудыг нь бүтээл болгоод унага тамгалах найран дээр нь очиж гардуулж өгсөн. Найз маань шинэ цагийн адууг гарамгай сайн үржүүлж байгаа хөдөлмөрч залуу.

-Ийм сайхан бүтээл урладаг болохоор бахархах зүйл олон байдаг байх. 

-Адуу дагасан хүн хоосон хонодоггүй гэдэг. Цаашдаа энэ сайхан хийморьлог үйл хэргээ улам төгөлдөржүүлж, сонирхолтой, шинэлэг, санааг бүтээлдээ тусгахыг зорьж ажиллаж байна.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж