ДАШТ-ий түүхэн дэх шуугиан дэгдээсэн тоглолтууд

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Катар-2022

ДАШТ-ий түүхэн дэх шуугиан дэгдээсэн тоглолтууд

ДАШТ-ий түүхэн дэх шуугиан дэгдээсэн тоглолтууд

Хүчирхэг Аргентины шигшээ баг өчигдөр/2022.11.22/ Саудын Арабт хожигдож, дэлхий нийтийг гайхшруулав. Тоглолтын өмнө Саудын Арабын хожих магадлал 8.7 хувь байсан аж.

Ер нь л дэлхийн аварга бүрээр хэний ч төсөөлөөгүй баг хэний ч таамаглаагүй амжилтыг үзүүлдэг, томчуудыг дэгээддэг уламжлалтай. Тэгвэл ДАШТ-ий түүхэнд сенсаци дэгдээсэн ямар тоглолтууд болж байсан бэ?

  • АНУ 1 – 0 АНГЛИ (1950)

1950 оны ДАШТ Бразилд болоход АНУ-ын шигшээд мэргэжлийн гэх хөлбөмбөгчин байхгүй байв. Тэдний бүрэлдэхүүнд сурагч, үхэр тэрэгний жолооч, аяга таваг угаагч гэх мэт төрөл бүрийн ажил, мэргэжилтэй хүмүүс байжээ. Гэхдээ л Филадельфиагийн сургуулийн багш Уолтер Бахрын ганц гоолоор Америк хөлбөмбөгийн эх орон Английг хожиж байсан түүхтэй. Тус тоглолтын дараа бразилчууд гоолын эзэн Бахрыг мөрөн дээрээ суулган, “Зүлгэн дээрх ид шид” гэх нэрийг хайрлаж байв.

  • ШВЕЙЦАРЬ 1 – 0 ИСПАНИ (2010)

2008 онд Европын аварга болоод байсан Испанийн шигшээ баг 2010 онд хүлээлт өндөртэй ДАШТ-д ирсэн. Гэвч тэд Швейцарьд Гелсон Фернандесын ганц гоолоор хожигдож, таагүй эхлэлийг тавив. Хэдий нээлтийн тоглолтдоо хожигдсон ч Испани тус ДАШТ-д түрүүлсэн билээ.

  • АЛЖИР 2 – 1 БАРУУН ГЕРМАН (1982)

1982 оны ДАШТ-ий хэсгийн шатанд Алжир болон баруун Герман учраа таарсан. Тухайн үед Алжир анхны дэлхийн аваргадаа зодоглосон түүхтэй. Германы шигшээ ч өөрсдийгөө хожно гэсэн итгэл дүүрэн долоо дахь гоолоо эхнэрүүддээ, найм дахь гоолоо ноходдоо зориулна гэж ярьж байсан нь FIFA-ийн архивд үлджээ. Харамсалтай нь, тэд ердөө ганц гоол оруулсан бол эсрэг Алжирын шигшээ хоёр гоол оруулж, онгироо германчуудыг дарж авчээ. Тус тоглолтод Алжирын Лахдар Беллуми гайхалтай байсан гэж тэмдэглэгджээ.

  • ГАНА 2 – 0 ЧЕХ (2006)

Германд болсон ДАШТ-ий “Е” хэсгийг үхлийн хэсэг гэж нэрлэж байлаа. Гана, Чех, АНУ, Итали гэсэн дөрвөн баг хоорондоо хүчийг үзэн Итали, Гана цааш шалгарсан түүхтэй. Гана эхний тоглолтдоо Италид хожигдсон нь Чехэд зөөлөн боорцог мэт харагдав. Чехүүд ч амархан хожил авах юм шиг санасан ч Салли Мунтари тоглолт эхлээд ердөө 70 секундын дараа гоол оруулж, улмаар ганачууд ялалт байгуулсан юм.

  • УРУГВАЙ 2 – 1 БРАЗИЛ (1950)

Одоогийнхтой харьцуулахад 1950 онд хэсгээ тэргүүлсэн багууд хоорондоо тойргоор тоглож, олон оноо цуглуулсан нь аварга болдог байв. Мэдээж тэмцээнийг зохион байгуулагч Бразилыг түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэж байсан. Тэд финалын шатанд Шведийг 7-1-ээр, Испанийг 6-1-ээр тус тус хожиж, сайн байсан ч сүүлийн тоглолтдоо Уругвайд хожигдож, Бразил даяараа, Маракана цэнгэлдэх даяараа уйлж байсан гэдэг. Тус тоглолтыг “Бразилын Хирошима” гэж нэрлэдэг аж.

Ийнхүү гурван тоглолтын дараах байдлаар Уругвай хоёр хожил, нэг тэнцээтэй нийт таван оноотойгоор ДАШТ-д түрүүлсэн бол Бразил хоёр хожил, ганц хожигдолтой нийт дөрвөн оноотой аман хүзүүджээ.

  • ӨМНӨД СОЛОНГОС 2 – 0 ГЕРМАН (2018)

2018 онд Орост Өмнөд Солонгос, Герман хоёр хэсгээс гарахын төлөө шийдвэрлэх төлөө тулаанаа хийсэн. Өмнөд Солонгос гэхээсээ илүүтэйгээр аваргаа хамгаалагч Германы шигшээ багийн хэсгээс гарах магадлал өндөр байсан ч тэд хожигдох ёсгүй тоглолтдоо хожигдож, цааш шалгарч чадаагүй юм.

  • СЕНЕГАЛ 1 – 0 ФРАНЦ (2002)

1998 оны дэлхийн аварга Францын шигшээ аваргаа хамгаалах аяллаа хожигдлоор эхлүүлж байлаа. Сенегалын шигшээ баг тухайн ДАШТ-д ер нь дуутай шуутай байсан бөгөөд тус багийн довтлогч Эль Хаджи Диуфф Францыг хожсоныхоо дараа “Өнөөдрийн ялалт бол бүх Африк, Сенегалын ялалт. Хэн ч Сенегалыг Францыг хожно гэж төсөөлөөгүй. Гэхдээ бид чадлаа” гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж