Польшийн Лодз хотод ирэх долоо хоногт Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) уулзалт болно. Энэ уулзалтад Польшийн эрх баригчид ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг уриагүй. Сайд нарын 29 дэх удаагийн зөвлөлийн хуралдаанд Кремлийн төлөөлөгчийг уриагүй нь Европын үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэллээ. Сергей Лавровыг хүлээж авахгүй гэсэн мэдэгдлээ Польшийн Гадаад хэргийн яам Кремльд дипломат ноот бичгээр мэдэгджээ. Лавровын оронд ОХУ-ын Байнгын төлөөлөгч Александр Лукашевич хуралд оролцох боловч Кремль энэ шийдвэрийг эсэргүүцсээр байна.
“Европын холбоонд одоо мөрдөгдөж буй дүрэм журмын дагуу холбооны хоригт орсон байгаа хүмүүсийг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцуулахгүй” гэж Польшийн ЕАБХАБ-ын дарга хэлэв.
Түүнчлэн энэ долоо хоногт Польшийн Варшав хотод ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн хуралдаан болох юм. Энэ хуралдаанд ч бас Оросын хууль тогтоогчдыг нэгдэхийг хоригложээ.
Украин дахь Оросын түрэмгийллийн үр дагавар Польш руу хальж буйтай холбоотойгоор Лавровыг уулзалтаас хассан гэж үзэж байна. ОХУ өнгөрсөн долоо хоногт Украины хотуудад олон арван пуужингийн цохилт өгснөөс хэдэн цагийн дараа Польшийн Пржеводов тосгонд дэлбэрэлт болж, хоёр хүн амиа алдсан. Энэ үйл явдлаас хэдэн цагийн дараа Польшийн Гадаад хэргийн сайд бөгөөд ЕАБХАБ-ын дарга Збигнев Рау Оросын Элчин сайдыг дуудаж уулзсан байна. Урьдчилсан мөрдөн байцаалтын дүнгээр, Украины агаарын довтолгооноос хамгаалах систем Польш руу санамсаргүйгээр унасан гэж НАТО мэдэгдсэн. Одоогоор уг хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.
Эх сурвалж: DAILY BEAST
Холбоотой мэдээ