Ардын намынхан ард түмнээ доромжилдог болов!

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Ардын намынхан ард түмнээ доромжилдог болов!

Ардын намынхан ард түмнээ доромжилдог болов!

УИХ-ын сонгуульд дараалан ялалт байгуулсан МАН зөвхөн ямба эдлэх тухай ярих юм. Уг нь, ямбыг нь эдлэж байгаа хүмүүс ялыг нь  давхар үүрэх ёстой. Гэвч үнэндээ, өнөөдрийн бодит байдлыг харвал Ардын нам янцаглаж, ард түмэн ачааг нь үүрч байна.

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр  Ж.Сүхбаатар сайдын хэлсэн үг өчигдрийн  гол трэнд сэдэв, хамгийн тэнэг үг байлаа. Адгийн тэнэг ч Ж.Сүхбаатар сайд шиг “гэр хороололд эмийн сан маш бага байгаа нь  түгжрэлд нөлөөлж байна” гэдэг мангар тайлбар хэлэхгүй.

Монголчууд дааганаас биш даравгараасаа болж унадаг гэдэг. Хамгийн ойрын, хамгийн тод жишээ нь Д.Сарангэрэл, Б.Болор-Эрдэнэ хоёр болсон. Үнэндээ Монголын улс төр эмэгтэйчүүдэд илүү харшилтай, хатуу болохоос Ж.Сүхбаатар гоомой, гомдмоор үг хэлсэн үү, хэлсэн. Үүний  өмнө “Даваа, Лхагва, Баасан гаригуудад буяны цуваа явдаг нь түгжрэлд нөлөөлдөг”  гэж талийгаачдыг буруутгаж байсан бий. Түүний энэ мэт тайлбараас харахад Улаанбаатарыг түгжрэлийг арилгах ухаан, сэтгэл, зүтгэл түүнээс харагдахгүй байна. Угаасаа ч Улаанбаатарын түгжрэлийг буруулах биш Улаанбаатарт LRT төсөл хэрэгжүүлэх гэж Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга болсон нь ярьсан хэлснээс бүр ойлгомжтой.

Улаанбаатарт хотод олон асуудал хуримтлагдсны нэг авто замын түгжрэл. Авто замын түгжрэл ганц өвөл гараад ирчихсэн сэдэв биш. Үндсэндээ өнөөдрийг хүртэл Э.Бат-Үүлийн бодож олсон, хийж хэрэгжүүлсэн дугаарын хязгаарлалтаас өөр шийдлийг МАН олсонгүй зургаан жил болж байна. Өнгөрөгч Баасан гаригийн түгжрэл анхны бөгөөд эцсийн тэг зогсолт биш, ахиад цас орно, ахиад хотоороо зам дээрээ хоноход хүрнэ.

ХОНОЦЫН СЭТГЭЛ БА ХОТЫН ТҮГЖРЭЛ

Сэтгэл байвал сэрээгээр газар хагална гэсэн үг байдаг. Энэ нь сэтгэл гаргавал юуг ч хийж, бүтээх боломжтой гэсэн санаа. Улаанбаатар хот мөнгөгүйгээсээ болоод утаа угаартаа баригдаж, авто зам нь ачааллаа даахгүй болчихсон юм биш. Хотын дарга нар нь асуудлын ард ашиг сонирхлоо наадаг, хоноцын сэтгэлээр ханддаг, улсын мөнгө уйлдаггүй гэж боддогт байгаа юм.  Хамгийн их хэл ам таталсан, хамгийн ойрхоны жишээ нь гурван тэрбумын усан оргилуур болон 22 тэрбумын дүүжин тээвэр  байна. С.Амарсайхан дарга байхдаа хэрэгжүүлсэн төслүүд.  Өнөөдөр дүүжин тээвэр ч үгүй, усан оргилуур ч үгүй л сууж байна.  Мөнгө байхгүй, хариуцлага тооцдог хүнгүй, бас хуульгүй. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хотын түгжрэлийг шийд гэж 2022 онд 420 тэрбум төгрөгийн төсөвлөж өгсөн. Атал түгжрэл нь хэвээрээ, асуудал нь бахь байдгаараа. Ирэх 2023 онд Ж.Сүхбаатар 420 тэрбумыг түгжрэлд зарцуулна.  Түүний сэтгэж, хэлж байгаагаас харвал түгжрэл буурах нь юу бол, эцэстээ иргэд өвдөх, үхэх эрхгүй болж байх шиг.

Монгол мөнгөгүйгээсээ болоод хямарсан юм биш.  Улстөрчдийнхөө хулгай, луйвраасаа болоод дампуурах дээрээ тулж байна. Үүнийг нотлох  олон баримт бий, ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний луйвар гэх мэт. Жишээ нь, Хөгжлийн банкны луйвар 1.6 их наядаар тоологдож байсан бол нүүрсний хулгай 30-40 их наядаар яригдаж байна.  “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд 120 их наяд төгрөг хэрэгтэй гэвэл, тэр мөнгөний гуравны нэгийг нь манай нүүрсний бүлэглэл хувьдаа завшчихсан гэсэн үг.

БОДООД БОДООД БОДЫН ШИЙР ДӨРӨВ

Ж.Сүхбаатар сайдыг түгжрэлийн буруутныг олоодох гэж давхар дээл нөмрүүлсэн биш байх. Түгжрэлийн шалтгааныг олж, асуудлыг шийдвэрлэ нэн яаралтай гэж сандал суудал гаргаж өгсөн. Харамсалтай нь, “бодоод бодоод бодын шийр дөрөв гэгч” болоод сууж байна. Хүн хэлэхээс наашгүй гэгчээр, ард түмнээ буруутгахаас өөр арга, шийдэлгүй сууж байгаа сайдад өгөх зөвлөгөө байна.  Нэгд, нийтийн тээвэр хүртээмжтэй, цэвэрхэн, шуурхай байх ёстой.  Сая гаруйхан хүнтэй хот гудамжиндаа багтахгүй байна гэдэг эмгэнэл. Хоёрт, согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан, торгуулиа төлөөгүй хүмүүстэй хатуу тэмцэхгүйгээр Улаанбаатарт аюулгүй амьдрах боломжгүй. Ч.Маралмаа мэтийн жолоо барих эрхгүй, эрхээ хасуулсан хүмүүсийн авто машиныг улсын орлого болгохоос үүнийг эхлүүлэх хэрэгтэй. Гэх мэт эдийн засгийн аргаар л авто замын ачааллыг бууруулна. Эм авах гэж иргэд хотын төв рүү явдгаас болоод түгжирдэг гэдэг бол амьдрал мэдэхгүй, ард түмнээсээ тасарсан даргын үг шүү.  Эцэст нь, эрх ямбыг нь эдлэж, яваа эрх баригчид иргэдээ яасан их доромжилж ханадаггүй юм бэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж