“Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер П.Мөнхтуулаас сүүлийн үед тус компанийн нэр холбогдоод буй зарим асуудлыг тодруулж ярилцлаа.
-Сүүлийн үед "нүүрсний хулгай" гэх асуудлаар УИХ–ын гишүүд хүртэл ам уралдан ярих боллоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК–ийг нэрийг цохож их ярих юм. Үнэхээр танай компани энэ "нүүрсний хулгай" гэх асуудалтай ямар нэгэн байдлаар холбогдож байгаа юу?
-"Нэр нэгтний чих нэг" гэдэгчлэн манай хоёр уурхайн нэр гарахаар хоёр уурхайг нэг гэж ойлгодог. Угтаа “Эрдэнэс Тавантолгой” ХК маань 100 хувь төрийн өмчтэй, манай уурхайн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмч, дэлхийн 23 орны 2300 гаруй хүн 49 хувийн хувьцааг нь эзэмшдэг, Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг уурхай. Манай уурхай 277 га талбайд 200 орчим сая тонн нүүрстэй, “Эрдэнэс Тавантолгой” ХК 10000 орчим га талбайд долоон тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй гээд, манай хоёр уурхай тэнгэр, газар шиг ялгаатай шүү дээ.
Мөн хувийн хэвшлийн “Энержи ресурс” компани манай хоёр компанитай зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг. Санаатай санаандгүй байдлаар зөвхөн манай компани руу халдсан худал мэдээлэл тарааж байгаа эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоох байх аа. Бид энэ асуудлаар зохих байгууллагад гомдлоо хүргүүлнэ.
-Тавантолгой ХК, "Эрдэнэс Тавантолгой" компани хоёр Тавантолгойн орд газар олборлолтоо хийдэг хөршүүд. Нүүрсний орд газрыг хашаалах боломжгүй учир өөрсдийн мэдлийн талбай дахь олборлолтоо хийхийн тулд хөршийнхөө талбай руу орж ажиллах хэрэг ч гарна. Эдгээр асуудлуудыг хоёр компани хоорондоо хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Энэ асуудалд багахан түүх сануулахад хамгийн анх 1997 онд Ашигт малтмалын тухай хууль гарч, бүх уурхайн булангийн цэгүүдийг тоон системд бүртгэх ажил эхэлж, тухайн үед Тавантолгойн ордын 10300 орчим га талбай манай уурхайд хамаарагддаг байснаас зөвхөн гарц хэсэг буюу одоогийн Цанхийн хэсгийг манай дээр бүртгэсэн байдаг. Энэ үйл явц нь тухайн үедээ алдаатай бүртгэгдэж, өнөөдөр хоёр уурхайн хилийн болон хөрсний овоолгуудын асуудлууд үүссэн байдаг. 2014 онд шүүхээс сүүлийн шийдвэр нь гарч, манай уурхайн талбайг 276.9 га болгож, системд бүртгэсэн.
Ингээд үндсэндээ Тавантолгойн ордын 10300 га талбай маань 10000 га болон 277 га гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. Жижиг, том гэсэн нэр ч үүнтэй холбоотой байх. Тавантолгойн бүлэг орд газар, тэр тусмаа нэг участок болох Цанхийн хэсэгт зэрэг олборлолт явуулж байгаа манай хоёр уурхайн хувьд лицензийн хил дагуух олборлолтын ажил дээр технологийн шийдлүүдийг хамтран гаргаж ажиллахаас өөр аргагүй.
Энэ байдал ганц манай орд газар тохиолдоод байгаа зүйл биш, ижил төстэй ордууд байна. Жишээ нь, Нарийнсухайтын бүлэг ордод гэхэд энэ асуудал тулгарч л байна. Манай хоёр уурхайн хувьд 2010 оноос зэрэгцээ олборлолт эхэлж, 2017 он гэхэд хамтарсан гэрээгээр зохицуулалтаа хийж, өнөөдрийн байдлаар “Хоёр уурхай-Нэг төлөвлөлт” зарчмыг барьж, уурхайн төлөвлөлтөө нэгтгэн, технологийн шийдлүүдээ гаргаж, урт болон богино хугацааны төлөвлөлтүүдээ хамтран боловсруулж, Төрийн захиргааны байгууллагаар батлуулан мөрдөж ажиллаж байна.
-Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Л.Энхболд "нүүрсний хулгай" гэх асуудлыг гаргаж ирсэн. Гэвч энэ нь зөвхөн хоёр компанийн хоорондын маргаан төдий асуудал байсан. Одоо энэ асуудал дууссан уу?
-Тухайн үед Засгийн газрын 10 агентлаг, тухайлбал АТГ, ЦЕГ, Сангийн яам, ҮТЕГ гээд хамтарсан баг энэ асуудал дээр ажилласан. Шалгалтын ажиллагаа хоёр жил гаруй үргэлжилсэн. Дээрх байгууллагууд ажиллаад, хамгийн сүүлд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос хэрэг хаагдсаныг бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Энэ бол ердөө хоёр уурхайн технологийн асуудал байсан бөгөөд нэг нь түрүүлж олборлолт эхлээд, хилийн болон түвшний зөрүү үүссэн, мөн дээрээс нь ихэнх нүүрс буюу нүүрс бүхий сааж нь тээврийн үндсэн зам үүсгэхэд өртсөн байсан. Энэ нь цаг хугацааны хувьд 2009-2013 онд уурхайн ажилд өртсөн байсан.
Энэ асуудал эсрэгээрээ хөрш зэргэлдээ манай хоёр уурхайн хувьд сайн туршлага болсон. Дахин хил дагуу маргаан үүсгэхгүй байх, цаашид технологийн асуудлаа дор бүр нь шийдэж явахад их туршлага болсон.
-Хил гаалийн мэдээлэл зөрсөн, хоосон машинаар ихээхэн хэмжээний нүүрс хууль бусаар гаргасан гэх мэдээллийг хариуцлагатай албан тушаалтнууд хэлдэг. Үнэхээр ингэж хил, гаалиар тэр олон тонн нүүрс гаалийн ямар ч бүрдүүлэлтгүй гарах боломж байх уу?
-Манай уурхайн борлуулалт ам нөхцөлөөр буюу уурхай дээрээсээ шууд борлуулалт хийдэг. Тийм болохоор тээвэрлэлтийн хувьд 100 хувь худалдан авагч тал хариуцдаг гэсэн үг. Хоёр улс дамнасан ложистикийн асуудлыг хилийн цэрэг, гааль гээд төрийн олон байгууллагын хараа хяналт дор гүйцэтгэдэг гэж ойлгодог. Тэр ч утгаараа хууль бус зүйл байхгүй гэж ойлгож байгаа, дээрээс нь манай компани оролцох ямар ч боломжгүй шүү дээ.
-Орон нутгийн "Тавантолгой" компани чанаргүй нүүрсээ ард иргэдэд өгдөг гэж саяхан нэгэн хариуцлагатай албан тушаалтан хэлсэн. Энэ үнэн үү?
-Санаатай яриагүй байх гэж найдаж байна. Албаны хүмүүс нь эрхэм гишүүнийг буруу ташаа, худал мэдээлээр хангасан байх гэж бид харж байнаа. Бид чинь 57 дахь жилдээ Өмнөговь, Дундговь, Дорноговь гээд эргэн тойрны аймаг сумдынхаа хэрэгцээний нүүрсийг хөнгөлөлттэй үнээр хангаж байгаа шүү дээ. Нүүрс мэдээж мод биш. Бид үнэндээ иргэддээ аль болох эрчим хүчнийхээ нүүрснээс бага бохирдолтой нүүрс нийлүүлэхийг зорьдог. Харамсалтай нь жилээс жилд үнслэгийн хэмжээ өсч, ард иргэдийн зуух ч бас боловсронгуй болж байна. Бид энэ тал дээр технологийн шийдлүүдийг бас туршиж сайжруулах тал дээр ажиллаж байна.
Үнэндээ би ч энэ нутгийн хүүхэд. Дээр үед экспортод гаргаж байгаа нүүрсээ иргэдэд нийлүүлдэг л байсан, зууханд орохоороо шууд барьцалдаад их хэмжээний модоор л асдаг байсан шүү дээ. Одоо харин энэ нүүрс маань экспортод гарч байна.
Бид экспортод гаргана гээд иргэдийнхээ хэрэгцээг хаяж болохгүй, тийм эрх ч бидэнд байхгүй. Бид л өгөхгүй бол өөр өгөх уурхай байхгүй. Ганцхан манай уурхай л ард иргэдээ нүүрсээр хангасаар байна. Орон нутагт нийлүүлдэг нүүрсний хэмжээ жилдээ хамгийн их нь 100 мянган тонн болдог, харин хилээр 20 сая тонн нүүрс гардаг гээд бодохоор харьцангуй тоо шүү.
-“Тавантолгой” ХК-ийн 51 хувь Өмнөговь аймгийн өмч. Аймагтаа хэр их хөрөнгө оруулалт хийдэг вэ, тус уурхайн үр өгөөжийг нутгийн иргэд хэрхэн хүртдэг вэ?
-Манай уурхай 200 гаруй ажилтантай, 95 хувьд нь нутгийн иргэд ажилладаг, энэ утгаараа уурхайчин бүрийн сэтгэлд нутгаа гэсэн хариуцлага нь өндөр байдаг. Мөн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөн удирдах зөвлөлд ихэнх нь буюу 9 хүнээс 5 нь Орон нутгийн төлөөлөл байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу тухайн жилийн бизнес төлөвлөгөөгөө боловсруулан, мөн хурлаар баталгаажуулж, мөрдөж ажилладаг.
Манай уурхайн хувьцаа Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагддаг тул нууц зүйл нэг ч байдаггүй, бүгд ард иргэдэд нээлттэй. Та бүхэн хүссэн мэдээллээ холбогдох сайтуудаас нь ороод харж болно.
Сүүлийн гурван жилд гэхэд Өмнөговь аймгийн төсөвт ногдол ашгаараа 153.6 тэрбум төгрөг, орон нутгийн татварт 110 тэрбум төгрөг, нийгмийн хариуцлагын хүрээнд сүүлийн хоёр жилд нүүрсний үнийн хөнгөлөлт, оюутны тэтгэлэг, ахмадуудад олгосон нүүрс, ковидын үеийн тусламж гээд ойролцоогоор 4 тэрбум төгрөг зарцуулсан байдаг.
-Нүүрсний салбар Монгол Улсын эдийн засгийн амин сүнс болчихлоо. Энэ салбарыг хэтэрхий их улс төржүүлж байгаа нь танай компанид хэр их хохирол учруулж байна вэ?
-Нүүрсний салбар өөрөө уул уурхайн салбартаа хамгийн ахмад нь. Тэр ч утгаараа манай улсын хамгийн чухал амин сүнс болсоор ирсэн. Энэ жил салбарын маань 100 жил тохиож байна шүү дээ. “Нүүрсний хулгай” гэх зохиомол дуулианы үеэр манай компанид шалгалт орж, их бага хэмжээгээр уурхайн үйл ажиллагааг зогсоож байсан. Зөвхөн энэ шалтгааны улмаас бид 30 тэрбум орчим төгрөгийн борлуулалтын орлогоо алдсан.
Мэдээж худал мэдээлэл гэдэг манай уурхай шиг хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг онцлог компанийн хувьд маш их хохиролтой. Харамсалтай нь, эргээд үүнээс үүссэн хохирлыг хэн ч тоодоггүй, барагдуулдаггүй.
Энэ байдал олон удаа давтагдаж байгаа ч хууль эрх зүйн зохицуулалт үүн дээр бас дутагддаг. Үргэлж ийм бэрхшээл тулгарахгүй байх аа. Энэ бүгдийг бид сорилт гэж харж, даваад гарна гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна. Хамгийн чухал нь уурхай болон уурхайчдын маань талаарх аливаа мэдээллийг үнэн зөв, нотолгоотой мэдээлэхээс гадна бие биедээ хүндэтгэлтэй хандаасай л гэж хүсч байна.
Холбоотой мэдээ