Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос эрт илрүүлгийн талаар тодрууллаа.
-Эрт илрүүлгийн явцын талаар мэдээлэл өгөхгүй юу. Ирэх онд эрт илрүүлийг үргэлжлүүлэх үү. Энэ чиглэлээр төсөвт хэчнээн тэрбум төгрөг суусан бэ?
-Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг жил бүр хийнэ. Анх 2018 онд хэрэгжиж байсан ч шинжилгээний нэр төрөл цөөн байсан. “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаа. Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг болгож хэвшүүлэх, амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрт илрүүлэгийг хийх дэд бүтцийг бэлдсэн. Энэ хүрээнд 19 аймаг, таван дүүрэг, хоёр сум дундын эмнэлэгт урьдчилан сэргийлэх дэмжих төвийг байгуулсан.
Урьдчилсан сэргийлэх үзлэгийг хүртээмжтэй, иргэдэд чирэгдэлгүй үзүүлэх боломжийг нээж үүнд нийтдээ 36.2 тэрбум төгрөгийг зарцуулсан. Иж бүрэн кабинет, хүний нөөцийг давхар сургасан гэсэн үг.
Энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар урьдчилан сэргийлэх үзлэгийг зургаан насны багцаар, наснаас нь шалтгаалж шинжилгээний нэр төрөл нь өөр байхаар тусгасан. Ингэхдээ, 0-17 насанд 5-6 нэр төрлийн шинжилгээ, 18-аас дээш насанд 12-18 нэр төрлийн шинжилгээ хийж байгаа. Нэр төрлийг яагаад нэмсэн бэ гэвэл зонхилон тохиолдож байгаа нийт өвчлөл буюу бэлгийн замын өвчлөл, ДОХ, ВС вирус, найман хавдрыг эрт оношлох зорилготойгоор шинжилгээний нэр төрлийг нэмсэн.
-Эрт илрүүлгээр хүн амын дунд зонхилох ямар өвчин илэрч байна вэ?
-Тавдугаар сарын 1-нээс эхэлсэн үзлэг зургаан сарын хугацаанд давхардсан тоогоор 616 мянга хүн хамрагдсан. Үүний 51 хувь нь Улаанбаатарт хамрагдсан байна. Нийт 616 мянган хүнээс давхардсан тоогоор 360 гаруй мянган өвчлөлийн сэжигтэй тохиолдол илэрсэн. Тухайлбал, 0-5 насанд дийлэнх нь шүд цооролт, амны хөндийн асуудлууд гарч байна. Насанд хүрэгчдэд ходоод хоол боловсруулах эмгэг зэрэг гэх мэтчилэн өвчлөл гарч ирж байна. Үүнээс хортой болон хоргүй хавдрын 2500 орчим тохиолдол илэрсэн.
Өнөөдрийн байдлаар 153 хортой хавдрын оношийг баталгаажуулсан. Урьдчилан сэргийлэх үзлэгийг хийснээр маш том дата баазтай болно. 2022 оны төсөвт эрт илрүүлэг үзлэгт 60 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Ирэх онд энэнээс доошоо оруулахгүй, дээшээ нэмж батлахаар байна. Үүнээс гадна эрт илрүүлгийг суурин цэгээр хийхээр болж байна. Төмөр замын эмнэлэгтэй хамтраад 4000 вагоныг тоноглосон. Цэргийн төв эмнэлэг, хилийн заставуудад албан хаагчид гэр бүлийнхэнд нь үзлэг хийж байна. Мөн автобусыг тоноглож ойрхон дүүрэг, сумдад иргэд рүү хүрч үйлчлэх зорилготой явуулын баг ажиллуулж байна.
-Зохион байгуулалтын тал дээр хэрхэн сайжруулах вэ. Иргэд эрт илрүүлэг үзлэгийн зохион байгуулалтыг шүүмжилж сайжруулах тал дээр анхаарахыг хүсч байна вэ?
-Эрүүл мэндийн дэмжих төвийг нээсэн нь нэг талдаа дэвшил. Яг амбулаторийн тусламж үйлчилгээтэй нийлээд эрт илрүүлгийг хийвэл өдөртөө яагаад ч 50-60 хүнд үйлчилж чадахгүй. Тиймээс тусад нь эрүүл мэндийг дэмжих төв нээж байж зохион байгуулалтыг хийж байна. Өдөрт байгууллагын хүчин чадлаас хамаараад 40-60 хүн орно гэж төлөвлөсөн. Хүний нөөц, дэд бүтэц гэх олон зүйлсээс шалтгаалж энэ зохион байгуулалтаар явж байна.
Эрт илрүүлэгт иргэд идэвхтэй хамрагдаж, үр дүн гарч байгаа. Зохион байгуулалтад алдаж байгаа зүйл бий. Хамрагдаж чадахгүй байгаа иргэдээс гомдол ирж байгаа боловч хамрагдсан хүмүүсээс төдийлөн гомдол ирээгүй.
Маш олон хүмүүс улаанхоолой, ходоодны хавдрын эрт үедээ оношлогдож байна. Энэ нь тухайн хүний гэр бүлд маш том санхүүгийн хувьд дэмжлэг болж буй. Энэ мэтчилэн эерэг талын мэдээлэл их байна. Хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд өөрөө анхаарах ёстой. Мөн дархлааг дэмжих тал дээр байнга анхаарах хэрэгтэй.
–Омикроны шинэ давлагаа үүсч байгаа талаар мэдээлж, анхааруулж байгаа. Тиймээс энэ жил шинэ жилийн баярыг тэмдэглэх нь хэр зохистой вэ?
–Омикроны хувилбарууд нэмэгдэж тохиолдлын тоо нэмэгдэж байна. Өдөртөө 200-400 тохиолдол бүртгэгдэж байна. Нийтдээ 657 хүн хэвтэн эмчлүүлж, тандалт болон хариу арга хэмжээг авч байна.
ЭМЯ, ХӨСҮТ мэргэжлийн байгууллагын зүгээс халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан олон нийтийн газарт хувь хүний халдвар хамгааллын дэглэмийг сахих, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна. Түүнээс биш шинэ жилийг тас хориогүй. Дэглэмээ сахиж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг зөвлөж байна.
Холбоотой мэдээ