“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий гурав дахь өдрийн тоглолтууд боллоо.
АРГЕНТИН 1 – 2 САУДЫН АРАБ
Саудын Араб энэ дэлхийн аваргын эхний шуугианыг тарилаа. Месси тоглолт эхлээд удаагүй байхад торгуулийн цохилтоос гоол оруулсан ч Салех Аль-Шехри хариуг нь барьсан. Угтаа Аргентин эхний үед дахин гурван гоол оруулсан ч бүгд отон тоглолт байлаа.
Аль-Шехригийн гоолоос удалгүй Салем Аль Давсари гоолдож, Саудын Арабын тэргүүлж эхэлсэн юм. Үлдсэн хугацаанд аргентинчууд гоол оруулах боломжийг эрэлхийлсэн ч юу ч өөрчлөгдсөнгүй.
Аргентиныг хожсонд баярласан Саудын Арабын хаан Лхагва гаригийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ.
ДАНИ 0 – 0 ТУНИС
Катарын дэлхийн аваргын анхны гоолгүй тоглолт энэ хоёр багийн хооронд болов. Хоёр баг ээлж дараалан аюултай довтолгоонуудыг өрнүүлж байсан ч хаалгачид нь сайн байлаа.
Тоглолтын дараа Тунисийн дасгалжуулагч Жалел Кадри “Хөгжөөн дэмжигчид маань чухал гэдгийг бид мэдэж байсан. Энэ үргэлж бидэнд давуу байдлыг олгож, сэтгэл зүйн тал дээр дэм болдог. Би фэнүүдээсээ дахин үүнийг хармаар байна. Тэд бидний тоглолтод нөлөөлдөг. Тактикийн хувьд бид сайн тоглолоо. Тэнцээ хүртэх эрхтэй гэж бодож байна. Бид сайн тоглосон. Энэ тэмцээний чанга багуудын нэгтэй тоглолоо. Тамирчдаа урамшуулмаар байна. Магадгүй талбай дээр жаахан үр ашиггүй байсан байх. Цаашдаа илүү сайн үр дүн хүртэхийн тулд боломжуудаа ашиглах болно ” гэв.
Данийн дасгалжуулагч Каспер Хюмланд “Тэд өөрсдөдөө гайхалтай уур амьсгал бүрдүүлжээ. Гэхдээ бид үүнд бэлэн байсан. Тунисийн фанатууд бидний тоглолтод нөлөөллөө гэж хэлж чадахгүй нь ээ. Тоглогчид маань үүнээс ч хэцүү нөхцөлд тоглож байсан. Бид хэзээ ч Тунистэй хийх тоглолт амар байна гэж ярьж байгаагүй. Гэхдээ ялна гэсэн зорилготой байсан. Энэ тоглолтын үр дүн бидэнд чухал байсан юм. Харин одоо байдал адармаатай болж ирлээ. Хоёр баг нэг, нэг оноо авлаа. Одоо бидэнд хоёр том багтай хийх тоглолт бий. Францын эсрэг тоглолтдоо анхаарлаа хандуулна. Тэсэн ядан хүлээж байна” гэжээ.
Тоглолтын шилдгээр Тунисын Аисса Лайдоуни тодорчээ.
МЕКСИК 0 – 0 ПОЛЬШ
Супер довтлогч Роберт Левандовски торгуулийн цохилтоо алдаж, хожих боломжоо алдсан. Түүнийг цохилтыг өнөөх л Мексикийн алдарт хаалгач Гилерме Очоа хаав. Сураггүй алга болж, дөрвөн жилдээ ганц удаа дэлхийн аваргаар гарч ирэн гангардаг Очоагийн үлгэр энэ удаад ч үргэлжлэх шинжтэй. Тоглолтын тухайд Мексикийн шигшээ илүү санаачлагатай, аюултай довтолгоо өрнүүлж байсан ч гоол оруулж чадсангүй. Тоглолт эвийн гэрээгээр өндөрлөв.
Тоглолтын шилдгээр Гилерме Очоа тодорсон.
ФРАНЦ 4 – 1 АВСТРАЛИ
Аваргаа хамгаалагч Францын аялал ийнхүү эхэллээ. Тоглолт дөнгөж эхлээд Австралийн Грайг Гудвин гоолдож, аваргуудыг барьц алдуулсан. Угаасаа цомыг хамгаалагчид хэсгээсээ шалгарч чаддаггүй гэх сонирхолтой уламжлал байдаг учир Австралийг хожиж эхлэхэд гайхах хүн цөөн байсан биз. Гэхдээ л Франц эргэн ирж, дөрвөн гоол оруулсан. Ялангуяа Оливье Жиру хоёр гоол оруулж, Тьерри Анриг гүйцэн шигшээ багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч болжээ. Мөн Францаас Килиан Мбаппе, Адриен Рабиот нар гоол оруулсан.
Тоглолтын шилдгээр Килиан Мбаппе тодров.
Холбоотой мэдээ