М.Баярмагнай Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул. Төрөлх Алтай нутагтаа 80 настай ээжийн хамт, багаасаа мал маллан амьдарч буй тэрбээр дөч дөнгөж гарч байгаа гэхэд наснаасаа яльгүй оворжуу авай. “Улсын сайн малчин” цол тэмдгээ энгэртээ гялалзуулсан түүний сэтгэлийг чилээж буй асуудал нэг, хоёроор ч тогтохгүй байгаа талаар санаа алдан өгүүлсэн юм.
Хөдөө орон нутагт, ялангуяа алслагдсан сум, багт мал маллах хүн хүч хүрэлцэхгүйн улмаас эрдэнэт мал сүргийнхээ ашиг шимийг ч хангалттай хүртэж чадахаа больжээ. “Гэрт орж эм, гадаа гарч эр болно” гэгчээр малчин залуу үүрийн таван жингээр босч, үдшийн бүрийгээр гэрийн бараа хардаг байна. Хэдэн малаа гэсээр байгаад эмнэлэг бараадаж, үзлэг оношилгоонд хамрагдаж чаддаггүй ажээ. Бичиг үсгийн боловсрол тааруу түүнд хэдэн ямаа нь л орлогын эх үүсвэр болж буйг хэлсэн юм.
М.Баярмагнай эхнэртэй болохыг чин сэтгэлээсээ хүсч байгаагаа нуугаагүй. Идэр насанд хүртлээ эхнэр аваагүй шалтгааныг нь сонсвол “Хот явсан нутгийн охид, бүсгүйчүүд эргэж ирдэггүй, тэндээ үлддэг учраас эхнэр олдохгүй байна. Төр засагтаа энэ асуудалд анхаарлаа хандуулж, хөдөөгийн малчин залуус биднийг эхнэртэй болгож өгөөч ээ гэж хэлмээр байна” гэсэн юм. Сургууль соёлын мөр хөөж, хот руу явсан хөдөөний бүсгүйчүүд нутагтаа эргэн очиж, малчин залуутай ханилах хүсэл сонирхолгүй болдгийг бас буруутгах аргагүй мэт. Үүний зэрэгцээ М.Баярмагнай “Нутгийн настанууд бурхан болоод одох цагт хот дүүрэн малтай ч маллах хүнгүй болчих вий гэж санаагаа чилээж явна” гэж Алтай хотноо болсон “Алтайн хөгжил шийдэл гарц” малчдын уулзалтын үеэр уулзахад хэлсэн юм. Бодох л асуудал.
Эхнэр, үр хүүхэдгүйн зовлон ганц М.Баярмагнайд тохиолдож буй асуудал биш. Ховд, Увс, Баян-Өлгийгөөс эхлээд хөдөө орон нутагт эхнэр хайсан, гоонь малчин залуус тоймгүй олон болжээ. Энэ нь “Хүү ч яах вэ, хар бор ажил хийгээд амьдарч дөнгөнө. Охин хүүхдээ хүний дайтай, эрдэм боловсролтой болгож, хот хүрээ бараадуулсан нь дээр гэж зүтгэдэг бидний алдаа" гэж нутгийн ахмад малчид шогширч байна билээ.
Алтай нутгийн залуус "Эхнэр тэнгэрээс унаад ирнэ” гэж хүлээлгүй, ханьтай болох оролдлого хийсээр ирсэн нь сайшаалтай. Тэдний санаачлагаар Алтай хот болон "Дөргөн нуур" жуулчны баазад өнгөрсөн наймдугаар сард гэр бүл төлөвлөөгүй залуучуудыг хооронд нь уулзуулах, танилцуулах зорилготой “Алтайн залуус-2022” арга хэмжээг зохион байгуулсан. Тухайн үед хүмүүс “Гоонь эрчүүдийн уулзалт болох гэнэ” гэхчилэн гоочлох нь гоочилж байсан. Гэвч энэ арга хэмжээ үр дүнгээ өгч, уулзалтад оролцсон залуусын бараг тэн хагас нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон талаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хэлсэн юм.
Говь-Алтай аймагт тулгамдаж буй хамгийн ноцтой асуудал бол цус ойртолт. Статистик мэдээллээр, тус аймаг цус ойртолтоороо улсдаа тэргүүлж буй юм. М.Баярмагнайгийн амьдардаг багт дөрвөн өрхийн хөгшид голдуу 30 гаруй иргэн бий бөгөөд бүгд хамаатнууд аж. “Монголчууд есөн үе дотроо гэрлэдэггүй, цус ойртоно” гэж үздэг. Нэг голынхон бүгд хамаатан садан болсон учраас нутгийн ахмадууд нь залуучуудыг бусад газрын залуустай танилцуулах санал гаргах болжээ.
Монгол Улс өнгөрсөн 30 жилийн туршид хүний эрүүл мэндээс гадна хувь хүний хөгжил тал дээр огт анхаараагүйн үр дагавар өнөөдөр гарч байгааг О.Амгаланбаатар дарга өгүүлсэн. Хөдөөд гэр бүл төлөвлөлтийн асуудал орхигдож, хүйсийн тэнцвэр алдагдаад цөөнгүй жилийг үдэж буй ч төр засаг дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдөртэй золгож буй нь үнэн билээ.
Цус ойртолтын газар зүйн тархалтын зураглалаар Монгол орны өргөргийн дагуу хойноосоо урагшлах тутам цус ойртолт аажмаар ихэсдэг зүй тогтол илэрсэн байдаг. Анагаах ухааны доктор, хүн судлаач Э.Энхмаагийн хэлснээр, хэт их төв рүүгээ чиглэсэн нүүдэл олширч, орон нутаг эзгүйрч байгаа нь цус ойртолтод нөлөөлж буй. Өөрөөр хэлбэл, удам угсааныхаа талаар мэдээлэлгүй болсон, хүн амын шилжилт хөдөлгөөн төв рүүгээ чиглэсэн нүүдэл саарахгүй байгаа нь цус ойртолт нэмэгдэх үндсэн шалтгаан болсоор байна.
Монгол Улс 21 аймаг 330 гаруй сум, 1500 гаруй баг болгон засаг захиргааны нэгжээ хэт жижиглэсэн. Үүнээс үүдэн хэсэг бүлэг хүн ам үүсч, энэ хэрээр хүн амын хөдөлгөөн хоригдож, тухайлбал, Баян-Өлгийд амьдарч буй эмэгтэй Дорнодын залуутай уулзах бодит боломж байхгүй болсны улмаас цус холилдох, сэлбэх үзэгдэл түгжигдсээр иржээ.
Монголд уул уурхайн баялаг шавхагдах цагт мал аж ахуй л эдийн засагт жин дарна. "Амь зогоох" хүнстэй байя гэвэл малчнаа бодох хэрэгтэй юм. Цаашлаад малчин залуусын гэр бүл төлөвлөлтөд анхаарлаа хандуулж, хот руу "дүрвэх" охид бүсгүйчүүдийг хөдөө орон нутагт нь "торгоож үлдээх" бодлого нэн түрүүнд шаардагдаж байна.
Хүйсийн харьцаа хот, хөдөөд урвуу хамааралтай болж, монголчуудын нөхөн үржихүй, хүн амаа өсгөх бодлого алдагдах аюул хэдийнэ нүүрлэжээ. Яг одоо л хүнээ бодож, хөгжүүлж, аврах цаг. Эс бөгөөс оройтно.
Холбоотой мэдээ