Авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж буй МАН-ынхан

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж буй МАН-ынхан

Авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж буй МАН-ынхан

Монгол Ардын намын нэр бүхий хүмүүсийн холбогдсон нүүрсний хулгай, томилгоотой холбоотой дуулиант хэргүүдийн эргэн тойронд юу болсон талаар сэргээн хүргэж байна.


Н.УДААНЖАРГАЛЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА

Авлигатай тэмцэх газраас арваннэгдүгээр сарын 16-нд нүүрснийхэнтэй холбоотой 33 объектод үзлэг нэгжлэг хийж, 24 хүнийг дайчлан байцаасан талаар комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл хийсэн. Тэрбээр "Авлигатай тэмцэхийн тулд бид тогтолцооны хувьд тэмцэх хэрэгтэй байна" гэдгийг онцолсон юм.

Комиссар Н.Тэмүүлэн "Тавантолгой төмөр зам” ХКК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна. "Богдхан" төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 33 объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал гадаад улсад байна. Аливаа мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явах ёстой. Бид хэн нэгнийг хүлээх ёсгүй.

Одоогоор дөрвөн этгээдийг баривчилсан. Прокурорын зөвшөөрөлтэй байж байж мэдээлэл өгдөг. Мөрдөн шалгах ажиллагаа, үзлэг шалгалт явуулж, тодорхой нотлох баримтуудыг хураан авсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн юм.

Б.ГАНХУЯГ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДСӨН Ч ТАЙЛБАР ХИЙНЭ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлж, оронд нь Засгийн газраас  Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ томилсон. Үүний өмнөхөн зарим сайд нар, УИХ-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компани нь нууцаар хэдэн их наядаар хэмжигдэх оффтейк гэрээ байгуулсан,  3,4 их наядын өртэй, 84 нууц гэрээтэй гэхчлэн мэдээллийг өгч байв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хэлэхдээ, Үндэслэлгүй тооцоо байсан. 2022 оны наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар ЭТТ ХК-ийн нэр дээр экспортлогдсон нийт 6.7 сая тонн нүүрс байгааг шууд 2022 оны жишиг үнэ болох 278 ам.доллар (үндэслэлгүй тооцсон үнэ)-оор шууд үржүүлээд 1.8 тэрбум ам.доллар болгоод тавьчихаж байгаа юм.

Гэтэл тэр 6.7 сая тонн нүүрсний 1.9 сая тонн нь л 2022 онд борлуулагдсан бол 3.3 сая тонн нь 2021 онд зарагдсан, 1.5 сая тонн 2020 онд зарагдсан нүүрс буюу тухайн ондоо орлого нь бүртгэгдэж, зарцуулагдаж, 812 сая ам.доллар нь Монголбанканд тушаагдсан байна.

Мөн 2020, 2021 ондоо уг нүүрс нь тухайн үеийнхээ үнээр жишиг үнээр буюу 110 орчим ам.доллароор зарагдаад, татвар, тээвэр, бүх төлбөрөө төлөөд, төслүүдээ хүртэл санхүүжүүлсэн орлогыг давхар бүртгэж, нийлбэрийг нь бичих ёстой байтал зөвхөн 2022 онд 510 сая ам.долларыг бичээд мөнгө дутлаа, аймаар зөрүү гарчихлаа гэж ярих нь утгагүй. Харин ч бүгдийг бичих ёстой бол энэ 510 сая ам.доллар дээр 2020, 2021 оны орлого, мөн манай компанийн нүүрсийг тээвэрлэсэн тээврийн компаниудын 2020, 2021, 2022 оны орлого болох 1 тэрбум орчим ам.долларыг хүртэл нэмээд, нийлбэрийг тавих хэрэгтэй шүү дээ.

Хамгийн гол асуудал нь болон ЭТТ ХК-иас гадна, “Энержи ресурс” ХХК, орон нутгийн “Тавантолгой” ХК, “Монэнко” ХХК зэрэг нүүрс олборлогч компаниудын “Гаалийн мэдүүлгээр-Жишиг үнийг үржүүлсэн тоо”-ноос 51-69 хувь зөрүүтэй байгаа нь нүүрснээс орж ирж байгаа бодит орлого, гарсан нүүрсийг шууд үржүүлж өсгөсөн тооны зөрүүгээс шалтгаалж Монгол Улсын төсвийн тэнцэл хүртэл буруу бодогдсоор ирснийг анхаарах цаг болсон. Бидэнд мэдээллийг нуусан зүйл байхгүй гэдгийг мэдэгдсэн юм.

"БЭРЭН"-ГИЙН АРД Х.БАДАМСҮРЭН БАЙДАГ УУ?

"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Х.Бадамсүрэнг өнгөрсөн наймдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ түүнийг өмнө нь томилсон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл тогтоолоор "Зэс, металлын групп"-ийн даргаар томилсон шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Тус томилгооны талаар ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийн даргаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнгийн хувьд энэ салбарт олон ажил ажилласан туршлагаараа "Зэс, металлын групп"-ийг хөл дээр нь босгож ирэх үндсэн даалгаврыг авч байна. Энэ групп зөвхөн цаасан дээр байгуулагдсан. Монгол Улсын зэсийн бодлоготой холбоотой бүх зүйлийг энэ группт нэгтгэх, цаашид ард иргэдийн баялгийн сан болгон өөрчлөх, шинэчлэх ажлыг гардан зохион байгуулна гэсэн үг юм.

Х.Бадамсүрэнгийн уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагыг Засгийн газар ашиглаж байна гэж ойлгож болно гэж байв.

МАН эрх барьсан сүүлийн зургаан жилийн турш “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар ажилласан Х.Бадамсүрэнгийн хувьд энэ удаад жинхэнэ утгаараа тэтгэвэртээ суух болов уу гэсэн хүлээлтийн олон нийтийн дунд ч, МАН дотор ч байсан. Гэтэл түүнийг бүр дэвшүүлэн "Эрдэнэс Монгол" корпорацийн "Зэс метал" группийн даргаар томилов. Нөгөө “тосгоноос охин явсан ч тосгон түүнээс явсангүй ээ” гэдэг шиг Х.Бадамсүрэн тэтгэвэртээ гарах гэсэн ч Монголын төр түүнийг явуулсангүй.

Ж.БАТ-ЭРДЭНИЙГ НЭГ САР ЦАГДАН ХОРЬЖ, ШАЛГАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖЭЭ

Авлигатай тэмцэх газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаатайгаар саатуулсан талаар өнгөрсөн сард мэдээлсэн. Тэгвэл түүнийг шүүхийн байгууллагаас 30 хоног цагдан хорих шийдвэрийг аравдугаар сарын 11-нд гаргасан юм.

Ж.Бат-Эрдэнийг Зам, тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын хоёрдугаар багц ажлын явцад бусдад давуу байдал олгосон хэргээр шалгаж байгаа аж.

Шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар Дарханы замын асуудлаар нийт таван албан тушаалтныг хорьсны нэг нь Ж.Бат-Эрдэнэ юм.

Түүний дүү  ШИНЭН-ийн дарга Ж.Батзандан гэнэт олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү дайрсны шалтгаан нь ахыг нь авлигын хэргээр баривчлах болсонтой холбоотой байж гэх хүмүүс ч цахим орчинд цөөнгүй байна.

Прокурорын байгууллагаас Ж.Бат-Эрдэнийг шалгах ажиллагаа дууссаны дараа үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх аж.

"ЖАСТ"-ЫН Ш.БАТХҮҮД 10 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүд арван жилийн хорих ял оноосон.

Тэрбээр хуурамч баримт бүрдүүлэн Өмнөд африкийн Стандарт банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан 160.1 сая ам.долларын зээл авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүхээс Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрт 105 тэрбум, бусад аж ахуй нэгжид дөрвөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн, хохирлыг барагдуулах шийтгэвэр ногдуулжээ.

Шүүхээс энэ хэрэгт холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргал, “Алтжин” группыг үүсгэн байгуулагч агсан Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг гэм буруутайд тооцжээ.

Ингэхдээ Ч.Ганзориг, Ч.Мөнжаргал нарт 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан бол Э.Сүрэнг “Жаст”-ын Ш.Батхүүтэй хамтран хуурамч баримтаар Төрийн банкинд хохирол учруулсан гэж үзэн, 35 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж