“Ногоон” байвал илүү загварлаг

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

FASHION

“Ногоон” байвал илүү загварлаг

“Ногоон” байвал илүү загварлаг

Уур амьсгалын өөрчлөлт бол яаралтай нухацтай авч үзэхгүй бол болохгүй хүндхэн сэдэв юм. Өнөөдөр л анхаарлаа хандуулахгүй бол өнгөрсөн зун бидний амьдралдаа үзсэн хамгийн хүйтэн зун байх магадлалтай болжээ. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шинэлэг аргуудыг загварын салбарынхан танилцуулж эхэлсэн. Тухайлбал, хуучин хувцас, эдлэл хэрэглэл баруунд моод болж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Шанхайн загварын долоо хоног бол Хятадын хамгийн том загварын арга хэмжээ юм. Энэ арга хэмжээгээр дотоодын загвар зохион бүтээгчид, брэндүүд хамгийн сүүлийн үеийн цуглуулгаа дэлгэж, чиг хандлагаа тодорхойлдог. Энэ жилийн хувьд бүх загварт нэг нийтлэг зүйл байсан нь ногоон санаачлага юм.

Шар айраг үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани “AB InBev” Шанхайн загварын долоо хоногт өндөр үүрэгтэй оролцжээ. Тодруулбал, тус компанийн Ази Номхон далайн салбар болох “Budweiser Brewing” үйлдвэрийн шар айрагны үлдэгдлээс гаргаж авсан веган арьсаар хийсэн хувцсыг шоуны үеэр танилцуулсан. Энэхүү веган арьс нь дэлхийн анхны арвайн арьс юм. Шар айраг исгэх үйл явцад оролцдог уг дайвар бүтээгдэхүүн нь найрлагын 30 хувийг эзэлдэг бөгөөд газрын тосноос гаргаж авдаг химийн бодисыг орлодог. Эндээс харахад Хятад улс ногоон загварыг бий болгох технологиороо барууны андуудаа гүйцэж түрүүлээд эхэлжээ.

 

Дэлхийн загварын салбар 2018 онд 2.1 тэрбум тонн хүлэмжийн хий ялгаруулжээ. Энэ нь дэлхийн нийт хүлэмжийн хийн дөрвөн хувийг эзлэх юм. Өөрөөр хэлбэл, Франц, Герман, Их Британи зэрэг томоохон улсын жилд ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээтэй дүйцнэ. Хэрвээ энэ маягаараа үргэлжилбэл дэлхийн дулаарлыг 1.5 хэмээр бууруулах дэлхийн зорилтоос 50 хувиар хойш чангаах аж. Зөвхөн Хятад улсын тухайд л ярихад 2019 онд хувцасны үйлдвэрлэлд 88.42 сая тонн стандарт нүүрстэй тэнцэх хэмжээний эрчим хүч хэрэглэжээ. Энэ нь тухайн жилийн нийт эрчим хүчний хэрэглээний 1.8 хувь юм. Нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээгээрээ нэхмэлийн үйлдвэр нь үйлдвэрлэлийн 31 салбар дундаас зургадугаарт жагсжээ. Харин химийн эслэгийн үйлдвэрлэлийн салбар 15 дугаарт, хувцасны үйлдвэр 22 дугаарт жагссан. Хятад улсад хүмүүсийн өмссөн хувцасны нэг хүрэхгүй хувь нь л дахин боловсруулагдаж байна.

Хятадын засгийн газар энэ оны дөрөвдүгээр сард нэхмэлийн хог хаягдлын дахин боловсруулалтыг 20-30 хувь хүртэл нэмэгдүүлэх, жил бүр гурван сая тонн дахин боловсруулсан эслэг үйлдвэрлэх төлөвлөгөө гаргасан. Мөн дахин боловсруулах илүү цогц механизмыг боловсруулж, хэрэглэгчид болон үйлдвэрлэгчдийн дунд дахин боловсруулалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх кампанит ажил өрнүүлэхээр төлөвлөж байна. Тус улс таван жилийн төлөвлөгөөндөө 2025 он гэхэд нэхмэлийн үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах зорилт тавьжээ. 2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармагжуулах том зорилгын хүрээнд дахин боловсруулдаг, байгаль орчинд ээлттэй материалыг Хятадын эдийн засгийн хөгжлийг дэмжих тэргүүлэх чиглэл гэж тодорхойлсон байна.

“Nike” компани есдүгээр сард ногоон эрчим хүчний санаачлагад нэгдсэн. Энэ хүрээнд “Alipay” дижитал платформ дээрээ хуучирсан гутлыг дахин боловсруулах албан ёсны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Түүнчлэн хувцас үйлдвэрлэлийн салбарын томоохон төлөөлөл Хонгконгийн “Esquel” групп усгүй будах технологи зохион бүтээсэн. Энэ нь эрчим хүчний хэрэглээг бараг 40 хувиар бууруулдаг аж.

Загварын салбарт системтэй өөрчлөлтийг авчрахын тулд тэдгээрийг нэгтгэх платформ юм уу байгууллага шаардлагатайг мэргэжлийн хүн хэлж буй. Тухайлбал, загварын чиглэлийн их дээд сургуулиудад тогтвортой байдлын чиглэлээр сургалт явуулах шаардлагатай юм. Дизайнерууд, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчид бие биеэ олж чадахгүй байгаа тул нэгтгэх шаардлагатай гэж үзэж байна. Брэндүүд болон дизайнеруудад тулгардаг хамгийн том асуудал нь байгаль орчинд ээлтэй бэлэн нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлэгч олох аж. Тогтвортой даавуу үйлдвэрлэгчид ихэвчлэн “Nike”, “Uniqlo” зэрэг томоохон брэндтэй хамтарч ажилладаг тул бие даасан загвар зохион бүтээгчид орхигддог юм байна. Байгальд ээлтэй, тогтвортой хувцас үйлдвэрлэл нь нарийн төвөгтэй үйл явц, техникийн бэрхшээл зэргээс шалтгаалаад ердийн бүтээгдэхүүнээс илүү үнэтэй байдаг.

Эцэст нь дурдахад, минимализм нь байгаль орчныг хамгаалахтай салшгүй холбоотой. Хэрэв та тогтвортой буюу байгальд ээлтэй загварыг сонгосон бол хамгийн эхний алхам нь худалдан авалт хийхээсээ өмнө өөрт тань тэр зүйл үнэхээр хэрэгтэй эсэхийг олж мэдэх юм.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж