108 тоот анги. Хаалгыг нь битүүмжилж, хүн орохыг хоригложээ. Энэ ангид сурдаг 19 сурагчаас хордлогын шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсан. Одоогийн байдлаар ЭХЭМҮТ-д дөрөв, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Үлдсэн хүүхдийг гэрт нь буцааж, эмч нар хянаж байгаа аж.
Гэвч өнөөдрийг хүртэл хүүхдүүд юунд хордсон шалтгаан нь тодорхойгүй. Сурагчдаас авсан асуумжаар нэг дор хоол идээгүй. Анги танхимын орчны агаар, усны шинжилгээгээр хүний биед сөргөөр нөлөөлөх химийн элемент илрээгүйг албаныхан хэлж буй. Гэвч 19 сурагчийн хоёр нь гурван ч удаа хордлого гэх оношоор эмнэлэгт хандаж, одоо ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаа Налайх дүүргийн "Голомт" цогцолбороос бэлтгэлээ.
Тухайн анги 33 сурагчтай бөгөөд тэднээс 15 эмэгтэй, дөрвөн эрэгтэй сурагч хордсон.
Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эхэндээ сурагчдыг амьсгалын замаар хордсон байж болзошгүй гэж мэдээлж байгаа. Шинжилгээгээр спирт, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, мансууруулах бодис илрээгүй. Харин газ эсвэл хоолны хордлого байх вий гэж таамаглаж байгаа аж.
Нэмэлт шинжилгээний хариугаар сурагчдын цуснаас хүнцэл, хар тугалга тодорхой хэмжээнд нөлөөлөх буюу байх ёстой хэмжээний доод хязгаарт илэрсэн нь батлагджээ.
Мөн арваннэгдүгээр сарын 21-нд түүврийн аргаар багш, цэцэрлэгийн насны хүүхэд, эцэг эхчүүд, хордсон сурагчид зэрэг 15 хүнээс нарийвчилсан шинжилгээ авчээ.
"ХҮҮХДИЙНХЭЭ ЭМЧИЛГЭЭНИЙ ТҮҮХТЭЙ ТАНИЛЦАХЫГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ"
Эцэг эхчүүд энэ талаар хэлэхдээ "Сургууль, анги танхим орчмын агаар хэвийн болохыг лабораториар харуулах байх гэж бодсон. Гэтэл зөвхөн сандал ширээг нь харуулсан. Хордсон сурагчдад олигтой эмчилгээ хийхгүй байна. Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг нь бодож, ухаан мэдрэлийг нь алдагдуулахгүй нь тулд цусан хангамжийг сайжруулах дусал залгасан. Дараагаар нь хордлого тайлах тариа хийж байгаа гэсэн. Хүүхдийнхээ эмчилгээний түүхтэй танилцъя гэсэн чинь Эрүүл мэндийн төвийн дарга үзүүлэх боломжгүй гэдэг хариултыг өгсөн" гэлээ.
Ар гэрийнхэнд нь эмчилгээг нь тайлбарлаж өгөхгүй байгаад бухимдалтай байна. Улаанбаатарт ЭХЭМҮТ-д хэвтсэн сурагчдаас нарийн шинжилгээ авсан тухай ч ар гэрийнхэн ярьж байна.
Тэд "Гэртээ байхдаа хүүхэд маань толгой өвдөөд байна гэдэг байсан. Бид давтлага, хичээлийн ачаалалдаа ядарч байна гэж боддог байв. Гэтэл нэг ангийн таван сурагч ухаан алдаж уналаа. Энэ бүхнийг үнэн мөнөөр тогтоохыг хүсч байна. Энэ сургуульд дахин хүүхдээ сургахгүй" гэлээ.
НЭМҮТ-өөс долоон мэргэжилтэн тандалтын тархвар судалгааг хийжээ. Шинжилгээний хариуг БШУЯ болон Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргүүлсэн гэсэн юм.
ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРООГҮЙГЭЭС ӨӨР БАЙРАНД ХИЧЭЭЛЛЭЖ БАЙЖЭЭ
"Голомт" цогцолбор сургуулийн барилга 80 жилийн насжилттай, нурах эрсдэлтэй учраас 2018 онд нураажээ. Шинээр 960 хүүхдийн багтаамжтай сургуулийг барьж эхэлсэн ч ашиглалтад орохгүй удсан учраас 2022 оны есдүгээр сараас дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байранд хичээллүүлж эхэлжээ.
Өмнөх жилүүдэд ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн байранд хичээллэж байсан ч хүндрэлтэй асуудлууд гарч байсан учраас одоогийн байр руу шилжүүлсэн. Шинэ барилгын ажлын гүйцэтгэл 40 хувьтай үргэлжилж байна. Анх 8.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барьж эхэлсэн. Барилгын материалын өсөлттэй холбоотойгоор нэмэлтээр дөрвөн тэрбум төгрөгийн төсвийг суулгах шаардлагатай байгаа гэдгийг Засаг дарга Ч.Раднаабазар хэлж байв.
Дөрвөн давхар байшингийн дөрөв, хоёр, нэг давхарт ахлах ангийн 10 бүлгийн 350 сурагч долоон анги танхимд хоёр ээлжээр хичээллэдэг. Хордлого гарсан ангийг битүүмжилсэн бөгөөд бусад ахлах ангийн сурагчдыг ч гэсэн цахимаар хичээллүүлж байгаа аж.
Энэ төвийн байранд ерөнхий боловсролын сургууль орсноор хөгжлийн төвийн үндсэн үйл ажиллагаагаа явуулахад ч хүндрэлтэй болжээ.
Тодруулбал, өмнө нь 15 төрлийн дугуйланд 500 гаруй хүүхэд хамрагддаг байсан бол одоо байргүйгээс хүүхдүүд хичээллэх боломжгүй болсныг дарга нь онцлов.
"СУРАГЧДЫГ ЭНЭ БАЙРАНДАА ДАХИН ХИЧЭЭЛЛЭХ ТАЛААР САНАЛ АВНА”
Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр “Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн барилга 2017 онд ашиглалтад орсон. “Голомт” цогцолборын сурагчид 2022 оны есдүгээр сарын 1-нээс манай төвийн байранд хичээллэж эхэлсэн. Хордлого авсан ангийн сурагчид засварын ажил дууссанаас хойш аравдугаар сарын 1-нээс энд хичээллэсэн.
Манай төвийн байр, өрөө хүүхдүүдэд ямар нэгэн аюул учруулахуйц нөхцөл байдал үүсээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Газар маань цэвдэгтэй учраас В1 давхаргүй, баганан суурьтай гражийн зориулалтаар 200 м.кв талбайтай барьж, ашиглалтад оруулсан. Гэхдээ энэ талбайг огт гражаар ашиглаж байгаагүй. Энэ оны намар есдүгээр сараас өрөө тасалгаа хийж, анги танхимын зориулалтаар тохижуулсан. Анги танхим агааржуулалт сайтай, гэрэлтүүлэгтэй. Мөн манай байгууллагын дэргэд хүнсний зориулалттай газар ажилладаггүй.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төв байранд дугуйлан, лекц, уулзалт, уралдаан тэмцээн зохион байгуулдаг байсан. Байрандаа спорт болон хурлын заалтай учраас сургалт явуулах бүрэн боломжтой. Бид одоо энэ байрандаа сурагчдыг дахин хичээллэх талаар эцэг эхчүүдтэй зөвлөлдөж, сурагчдаас санал авна” гэв.
Тухайн барилга нь төвийн шугамд холбогдсон учраас гал түлдэггүй, хоолны газаргүй учраас газ ашиглладаггүй гэдгийг албаныхан хэлж байлаа.
"ХОЁР СУРАГЧААС ГУРВАН УДАА ХОРДЛОГЫН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ, ЭМНЭЛЭГТ ХАНДСАН"
Сурагчдын биеийн байдал хэр байгаа талаар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Х.Байгалиас тодрууллаа.
-“Голомт” цогцолбор сургуулийн сурагчдын биеийн байдал хэр байна вэ. Хэдэн сурагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна?
-Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд /2022.11.17/ “Хүүхэд ухаан алдаж унасан” гэдэг дуудлага мэдээлэл ирсэн. Эхний байдлаар ухаан алдаж унасан, татаж унасан гэдэг зовиуртайгаар таван хүүхэд эмнэлэгт ирсэн. Нэг ангиас олон хүүхэд ирж байгаа учраас олныг хамарсан хордлого байх магадлалтай гээд НЭМҮТ-тэй холбогдож, арга хэмжээгээ авсан. Тэрнээс гадна хүүхдүүдээ хүлээн авч, оношлогоог хийж байх явцад хүүхдүүдий зүрхний цохилт олшрох, сахар унах асуудал гарсан.
Тийм учраас ЭХЭМҮТ-өөс зөвлөгөө авч, дөрвөн хүүхдийг шилжүүлсэн. Одоогийн байдлаар ЭХЭМҮТ дээр дөрөв, манай төвд гурван хүүхэд гээд долоон эмэгтэй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэг хүүхэд эмнэлгээр ирж, үзүүлж буй.
Тухайн өдөр сурагчдад толгой өвдөх, дотор муухай оргих шинж тэмдэг илрэвэл эмнэлэгт хандах зөвлөгөөг өгч, эмнэлэгт нийт 19 хүүхэд хандсан. Тэдний тав нь эрэгтэй, 14 нь эмэгтэй хүүхэд байсан. Одоо хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар, НЭМҮТ, Налайх дүүргийн Засаг даргын зүгээс хамтарсан хурлыг хийж, оношийг тодруулахаар ажиллаж байна.
-Хүүхдүүдийн хувьд ямар шинж тэмдэг илэрсэн бэ?
-Эмч нар дуудлагын дагуу очиход сурагч ухаан алдсан байдалтай байсан. Толгой өвдөх, дотор муухайрах зовиур илэрсэн. Тухайн өдөр 11.00 цагаас оройн 17.00 цагийн хооронд хичээл орсон юм билээ. Бид эхлээд сурагчдаас “Ямар нэг хоол хувааж идсэн үү” гэдгийг асуусан.
Өнгөрсөн өдрүүдэд бүх лабораторит шинжилгээ өгсөн. Өнөөдрийн байдлаар бүх шинжилгээний хариу гарч, сурагчдын цуснаас хүнцэл илэрсэн нь батлагдсан.
-Тухайн ангийн хоёр сурагчаас өнгөрсөн аравдугаар сард хордлогын шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсан гэсэн үү?
-Хордлогын шинж тэмдэг илэрсэн 19 сурагч дээр нэмж хүүхэд эмнэлэгт хандаагүй. Боловсролын хэлтсийн даргын ярьснаар хоёр хүүхдэд шинж тэмдэг илэрч, зөвлөгөө аваад явсан. Дахин шинж тэмдэг илрээгүй. Хоёрдугаарт, аравдугаар сарын 31-ний өдөр эмнэлэгт хандсан хоёр сурагч одоо ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй дөрвөн сурагчдын хоёр нь. Тухайн үед энэ хоёр хүүхэд гэртэй байсан учраас угаарын хийн хордлого, хоолны хордлого байх вий гэж таамагласан ч тийм шинж тэмдэг илрээгүй учраас гэрт нь буцаасан.
Дараа нь дахин эмнэлэгт хандсан юм билээ. Сүүлд арваннэгдүгээр сарын 17-нд тэр хоёр сурагч гурав дахь удаагаа эмнэлэгт хандсан.
Тиймээс асран хамгаалагчдад нь зөвлөгөө өгч, явуулсан. Энэ хоёр сурагчийг ЭХЭМҮТ-д үзүүлж, шинжилгээ өгөхөд хариу нь хэвийн гарсан. Эмнэлэгт хийж буй энгийн шинжилгээгээр онош илрэхгүй байгаа.
-Мэргэжлийн байгууллагуудын зүгээс сургууль орчмын агаар хэвийн байна гэсэн. Ямар байгууллагаас хэчнээн төрлийн шинжилгээ авсан бол?
-Бид сургууль дээр өөрсдийнхөө хэмжээнд бүх давхарт шинжилгээ хийхэд ямар нэгэн зүйл илрээгүй. Тиймээс лавлагаа лабораториудад хандаж, агаарт байгаа хий, хүнд металь илрүүлэх шинжилгээг хийхэд сургуулийн орчин болон тухайн ангиас ямар нэг хортой зүйл илрээгүй. Мөн дүүргийн Шүүх шинжилгээний төвөөс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа дөрвөн сурагчаас гадна өөр ангийн нэг сурагчаас шээс, цус, гарын арчдас, үс, хумснаас шинжилгээ авсан ч онцын зүйл илрээгүй.
Уг шинжилгээгээр спирт, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, мансууруулах бодис илрээгүй. Харин газ, хоолны хордлого байх вий гэдэг таамаг гарч ирсэн. Энэ чиглэлд шинжилгээний хариу гараагүй байна.
Харин хүүхдүүдээс хүнд металийн элементүүдийг илрүүлэх шинжилгээг хийж, хүнцэл болон хар тугалгын элемент цусанд илэрсэн. Энэ элемент хаанаас илэрснийг тодруулахаар ажиллаж байна.
-Хүнцэл гэдэг нь хорт хавдар үүсгэдэг, химийн хүнд элемент. Хүний биед маш хортой. Хүүхдүүд хоолоор дамжуулан хордсон байх вий?
-Цагдаагийн байгууллагаас тодруулахаар ажиллаж байна. Тэр хүүхдүүд нэг дор хоол идэж, уугаагүй. Хамтарсан бэлтгэл сургуулилалт, ангидаа хичээлээ хийснээс өөр юм гараагүй. Хүүхдүүд болон эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж байна.
ХАР ТУГАЛГА ТАРХИНЫ ХӨГЖИЛД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ
Хүний биед тодорхой хэмжээний хар тугалга, хүнцэл байдаг бөгөөд шууд хорт хавдар үүсгэх боломжгүй гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж буй. Хар тугалга хүний биед ямар хор хөнөөлтэй талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаа байдаг.
Хар тугалга нь нарийн ширхэгт тоосонцроор дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг хүнд металл юм. Хүний эрүүл мэндэд олон талаар сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй хүний биед их хэмжээтэй агуулагдах нь үхэлд хүргэх аюултай аж. Өөрөөр хэлбэл, тухайн хүний биед байгаа хар тугалгын хэмжээнээс шалтгаалаад үзүүлэх сөрөг нөлөөлөл өөр өөр байдаг байна.
Хүний цусан дахь хар тугалгын хэмжээ 0-10 мкг/дл хэмжээтэй байх нь эрүүл мэндэд дараахь сөрөг нөлөөллийг их бага хэмжээгээр үзүүлдэг байна.
- Ургийн хөгжилд сөрөг нөлөөтэй
- Тархины хөгжилд сөрөг нөлөөтэй
- Сэтгэн бодох чадвар бууруулдаг
- Сонсголд сөргөөр нөлөөлдөг
- Хүүхдийн өсөлтөд сөрөг нөлөөтэй
- Мэдрэлийн үйл ажиллагаанд сөрөг үр дагаврыг бий болгодог
Хар тугалгын эх үүсвэр юу вэ?
- Түүхий нүүрс, нүүрсний утаа
- Цахилгаан станц
- Хог шаталт
- Батерейны үйлдвэр
- Хар тугалган суурьтай бензин
- Хар тугалган суурьтай будаг (шар өнгийн будаг) их хэмжээгээр агуулагдаж байдаг.
Эдгээр нь хүний эрүүл мэндэд ямар хор хөнөөл учруулдгийг бид тэр бүр мэддэггүй. Мөн түүнчлэн автомашины утаа нь хар тугалга, хөө тортог, бензинперин, азотын давхар исэл зэрэг 260 гаруй нэр төрлийн хорт бодис ялгаруулдаг байна. Хар тугалга нь хүний бараг бүх эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохирдуулагч хортой бодис юм. Энэ нь мэдрэл, бөөр, цус бүтээх, нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Мөн хүүхдийн өсөлтийг саатуулах сөрөг нөлөөтэй. Ер нь хар тугалгыг мэдрэлийн хор гэж нэрлэдэг бөгөөд хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай байдаг байна.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн
Холбоотой мэдээ