"Гэмтлийн эмнэлэгт халтирч унасан шалтгаанаар 1373 иргэн хандсан"

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

"Гэмтлийн эмнэлэгт халтирч унасан шалтгаанаар 1373 иргэн хандсан"

"Гэмтлийн эмнэлэгт халтирч унасан шалтгаанаар 1373 иргэн хандсан"

Сүүлийн үед цас их орсны улмаас замын халтиргаа гулгаа ихэссэн. Үүнээс шалтгаалан явган хүн халтирч унан бэртэж гэмтэх нь нэмэгджээ. Мөн зам тээврийн осол ихээр гарч буй. Энэ байдал нь  гэмтлийн эмнэлгийн ачааллыг хэд дахин нэмэгдүүлж, өвчтөнүүд багтаж шингэх зайгүй, оочер дараалал үүсгэн үйлчлүүлж байна. Их хэмжээний цас орсон улмаас ямар бэртэл зонхилж байгаа болоод хэр ачаалалтай байгаа талаар “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн хүлээн авах яаралтай тусламжийн их эмч М.Нямлхагвагаас тодрууллаа.

-Их хэмжээний цас орсон улмаас гэмтлийн эмнэлгийн ачаалал хэр нэмэгдсэн бэ?

-Нийт яаралтай тусламж авч байгаа хүмүүсийн дунд бүх төрлийн уналт, зам тээврийн осол ихэвчлэн тохиолдол орж байна. Уналт нь дотроо цас мөсөн дээр халтирч унах, өндөрлөг газраас болоод, барилга байгууламжаас унах гэх мэт орно. Цас ороод эхлэхээр цас мөсөн дээр халтирч унах байдал ихэсдэг нь эмнэлгийн ачаалал их болох шалгаан болдог. Халтирч унаснаар гэмтэл авсан шалтгаанаар анхны цас орсон өдрөөс хойш энэ сарын 21-ны байдлаар 1373 хүн хүлээн авахаар үйлчлүүлсэн байна.

-Гэмтлийн эмнэлэгт ирж буй хүмүүст ямар бэртэл зонхилж байгаа вэ?

-Одоогийн байдлаар халтиргаа гулгааны улмаас бэртэж гэмтэх байдал зонхилж байна.  Анхны цасны хугарал гэж байдаг. Энэ нь цас орсон орсон улмаас хүн гараа тулаад унах үед шууны доод хэсгийн хугарлын гэмтэл юм. Шууны доод хэсгийн гэмтэл нь эмэгтэй хүмүүст ихэвчлэн тохиолддог. Тухайн эмэгтэй 40 гаруй насанд дааврын өөрчлөлтөд орж ясны сийрэгжилт явагдаж гараа тулж унах үед хугарах тохиолдол ихтэй.

-Халтиргаанаас үүдэн ахмад настан болоод хүүхдүүд ихэвчлэн ямар бэртэл авдаг вэ?

-Хүмүүс халтирч унахдаа гарын бугалга болоод тохоогоороо ихэвчлэн унадаг. Ахмад настан унах үед дунд чөмгөний хүзүү болон эргүүлэг хоорондын хугарал үүсдэг. Харин хүүхэд багачуудын хувьд шууны болоод бугалгын хугарлын гэмтэлтэй ирдэг.

-Өдөрт яаралтай тусламжаар хэчнээн хүн ямар шалтгаанаар үйлчилгээ авдаг вэ?

-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжаар өдөрт дунджаар 400-500 хүн үзүүлэн оношлуулж үйлчилгээ авдаг. Их хэмжээний цас орсонтой холбоотойгоор авто осол, явганаас бэртэлтэй холбоотойгоор битүү гэмтлийн тоо эрс нэмэгсэн. Энэ төрлийн гэмтэлтэй хүмүүс ихэвчлэн тусламж үйлчилгээ авч байна.

-Та иргэдэд унаж гэмтэхгүй байх талаар зөвлөгөө өгөөч?

-Нэн тэргүүнд халтирдаггүй зөөлөн резинтэй гутал өмсөх нь зүйтэй. Цас мөстэй халтиргаатай газраар явж байгаа бол алхаагаа удаашруулах нь халтирч унахаас сэргийлнэ. Тэнцвэрээ хадгалахын тулд гараа халааснаасаа гаргаж явах хэрэгтэй. Унахдаа бэртэж, гэмтэхээс сэргийлэхийн тулд бээлий, малгай, зузаан хувцас өмсөх нь чухал юм. Мөн замын захаар, эсвэл хүний гаргасан замаар явбал халтирах нь бага байна. Цасан доор ч мөс байх магадлалтайг учир анхааралтай явах хэрэгтэй. Халтиргаатай үед машины урдуур гүйхгүйгээр жолоочийг зогсох, эсвэл өнгөртөл хүлээх нь таны эрүүл аюулгүй байдалд тустай юм.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж