ОХУ Европ дахь газрын тосны зах зээлээ алдахад ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

ОХУ Европ дахь газрын тосны зах зээлээ алдахад ойрхон байна

ОХУ Европ дахь газрын тосны зах зээлээ алдахад ойрхон байна

Геополитикийн тодорхойгүй байдал, эдийн засгийн идэвхжил суларч байгаа нь газрын тосны эрэлт буурахад нөлөөлж буй. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) энэ сарын 14-ний өдөр эдийн засгийн сорилт, геополитикийн тодорхойгүй байдалтай холбогдуулан 2022, 2023 оны газрын тосны эрэлтийн төсөөллөө бууруулсан.

ОПЕК-ийн төсөөлснөөр, энэ онд дэлхийн газрын тосны эрэлт өдөрт дунджаар 99.6 сая торх байх төлөвтэй байгаа нь өмнөх таамаглалаас 0.1 сая торхоор буурсан дүн юм. Ирэх жилийн хувьд, ОПЕК газрын тосны эрэлтийн төсөөллөө өмнөхөөсөө мөн 0.1 сая торхоор бууруулан, 101.8 сая торход хүргэсэн. Мөн эдийн засгийн тодорхойгүй байдал, Covid-19-тэй тэмцэх арга хэмжээнүүд, геополитикийн нөхцөл байдал зэргийг эрэлт өсөхөд тулгарах сорилтоор нэрлээд буй юм.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа газрын тосны зах зээлд өрнөж буй үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өнгөрсөн сард ОПЕК, ОПЕК+ газрын тосны үнийг өсгөхийн тулд олборлолтоо өдөрт 2 сая торхоор танах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн билээ. Эрэлт буурахтай холбоотой болгоомжлол зах зээлд нөлөөлж, өнгөрсөн долоо хоногт буураад байсан газрын тосны үнэ Даваа гаригт мөн унасныг "Xinhua" онцлов. Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны арванхоёрдугаар сард нийлүүлэх үнэ 35 цент буюу 0.44 хувиар буурч, 79.73 ам.долларт хүрчээ. Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны нэгдүгээр сард нийлүүлэх үнэ 17 центээр (0.19 хувь) буурч, 87.45 ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт “WTI” маркийн газрын тосны үнэ 9.98 хувиар, “Brent” төрлийн газрын тосны үнэ 8.7 хувиар тус тус буурав.

Газрын тосны үнэ буурахад дэлхийн эдийн засаг саарч, АНУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш чангарч буй зэрэг нь сөргөөр нөлөөлж буй юм.

БЭЭЖИНГИЙН ОРОСООС АВДАГ ГАЗРЫН ТОСНЫ ИМПОРТ ӨСӨВ

ОХУ-ын гадаад зах зээлд гаргасан газрын тосны экспорт өнгөрсөн аравдугаар сард 165 мянган баррелиар өсч, 7.7 сая баррельд хүрчээ. Европын холбоо, Хятад, Энэтхэгийн зах зээлд нийлүүлсэн Оросын газрын тосны хэмжээг нийт дүнгээр нь авч үзвэл өмнөх сараас бараг өөрчлөгдөөгүй байна. Өрнөдөөс Орост тавьсан хориг арга хэмжээний улмаас Оросын эрчим хүчний гол бүтээгдэхүүнүүд болох газрын тос, байгалийн хийн худалдаа Ази руу чиглэсэн гэж олон улсын шинжээчид үзэж буй. Хятад, Энэтхэг хоёр Оросын түүхий газрын тосны хамгийн том худалдан авагч болсон байна.

Дайны улмаас өрнөдийнхөн Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан ч Бээжин хоригийн эсрэг байр суурь баримталж буй. БНХАУ-ын ОХУ-аас авдаг эрчим хүчний худалдан авалт сүүлийн долоон сарын турш тасралтгүй өсчээ. Бээжингийн Оросоос авдаг газрын тос, байгалийн хий импорт өнгөрсөн хоёрдугаар сард Украинд дайн эхэлснээс хойш 60 тэрбум ам.долларт хүрчээ.

Хятадын гаалийн албанаас мэдээлснээр, хөрш улсаасаа 7.7 сая тонн түүхий газрын тос импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 16 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн шингэрүүлсэн байгалийн хийн импорт 55 хувиар илүү буюу 750 мянган тоннд хүрчээ. Энэ оны 1-10 дугаард Хятадын Оросоос ам.доллараар авсан импортын дүн 49.9 хувиар өсөхөд эрчим хүчний нийлүүлэлт гол нөлөө үзүүлсэн байна.

Эдийн засгийн шинжээчдийн таамагласнаар, Орос Украинд дайн эхлүүлснээс хойших Хятад руу нийлүүлсэн газрын тос, байгалийн хийн экспорт Оросын эдийн засгийг тогтвортой байлгахад нөлөө үзүүлж буй аж.

ОХУ ХОЙД ЕВРОП ДАХЬ ЗАХ ЗЭЭЛИЙНХЭЭ 90 ХУВИЙГ АЛДЖЭЭ

“Bloomberg”-ийн онцолсноор, ОХУ Балтын тэнгис, Хойд мөсөн далайгаар дамжих газрын тос тээвэрлэлтийн гол зангилаа болох Хойд Европ дахь зах зээлийнхээ 90 хувийг алджээ. Сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацаанд ОХУ Газрын дундад тэнгис, Хар тэнгисийн сав газрыг эс тооцвол одоогоор нийлүүлэлт хийх боломжтой цорын ганц Европын боомт болоод буй Роттердамд өдөрт ердөө 95 мянган баррель газрын тос хүргэсэн байна. Тус бүс нутгийн боомтуудад өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр өдрийн дүнгээр 1.2 сая гаруй баррель газрын тос хүргэж байжээ.

Өнөөдрийн байдлаар Балтын тэнгис дэх ОХУ-ын боомтуудад ачигдаж буй нийт түүхий газрын тосны дөрөвний гурав нь Ази руу тээвэрлэгдэж байгаа аж. АНУ, Их Британи, Европын Холбооны хориг хэрэгжихийн өмнөх хэсэгхэн хугацааг БНЭУ давуу тал болгохын тулд ОХУ-аас авах газрын тосоо олон сая баррелиар нэмэгдүүлжээ.

Ирэх Лхагва гаригт “Их 7”-гийн бүлгийн орнууд ОХУ-ын түүхий газрын тосны нийлүүлэлтэд тавих үнийн таазыг зарлах хүлээлттэй байна. Тогтоосон үнээс давсан үнээр худалдан авсан газрын тосыг Европ болон Их Британийн хөлөг онгоцууд тээвэрлэхгүй, даатгал зэрэг бусад үйлчилгээнд хамруулахгүй байхаар төлөвлөжээ. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-аас тээвэрлэгдсэн газрын тосны нийт хэмжээ өдөрт 2.67 сая баррель байсан нь сүүлийн есөн долоо хоногийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: XINHUA, BLOOMBERG, REUTERS, SKY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж