УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2022.11.22/ Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Эмийн хяналтын лабораторид ажиллахад сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой өвчлөл ихэсч байна гэж ярьсан. Гэвч эмийн гаж нөлөөг судлах хяналтын лабораторын аппарат эвдэрснээс хэрэглэж байгаа эмийн гаж нөлөө ямар байна вэ гэдгийг судлах, тогтоох боломжгүй. Бид сүүлийн дөрвөн жил орчим яамнаасаа 5-6 тэрбум төгрөг нэхээд сууж байна шийддэггүй гэж байсан. Энэнд хариулт өгөөч?
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Т.Баярмаа: Сүүлийн үед бид сэтгэцэд гаж нөлөө бага үзүүлдэг эмийг оруулж ирж чадсан. Хамгийн сүүлд гаж үйлчилгээ багатай 41 эмийг жагсаалтад шүүж оруулсан. Өмнөх эмийг хэрэглэдэг байхад шүлс гоожих, гар чичрэх, нүүрэн дээр нь батга гардаг байсан. Одоо бол гар чичрэх зэрэг гаж нөлөө үзүүлэхгүй байгаа. Гаж нөлөөг нь клиникээр нь ярьж байгаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Хабулын лаборатори 2022 оны нэгдүгээр сараас эхэлж Эрүүл мэндийн яаманд шилжиж ирсэн. Өмнө нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт байсан. Авсан цагаасаа судалгаа хийсэн. Аппаратыг засварлахад 5.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Улсын төсөвт шаардлагатай төсвийг оруулсан, Хамгийн гол нь шинэ тоног төхөөрөмж худалдан авах боломжгүй гэсэн шалтгаанаар 2023 оны төсвөөс хасагдсан. Гэхдээ бид зүгээр суугаагүй, олон улсын донор байгууллагуудтай ярилцаж байгаа. Өнгөрсөн тавдугаар сард ДЭМБ-ын 75 дугаар ассамблейн хуралд ороцох үеэрээ мөн холбогдох хүмүүстэй уулзаж, асуудлыг тавьсан.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Танай яаманд шилжиж ирсэн энэ лаборатори бол улсын хэмжээний цорын ганц эм хянах лаборатори. Эрүүл мэндийн сайдын багцыг 2023 онд нэмэгдүүлсэн. Тэндээсээ зарцуулж, лабораторио ажиллагаанд оруулахгүй бол энэ олон өвчлөл, эмийн чанарын тухайд яриад ч нэмэргүй. Эм уугаад байдаг үр дүн гардаггүй сүүлдээ донтож байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Сүүлийн жилүүдэд өвс ургамалд донтох, мансуурах залуучууд их болсон гэж ярих юм. Энэ чиглэлээр сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаа залуусын тоо байна уу. Архинд ногдуулах Онцгой албан татварын нэг хувь, тамхинд ногдуулах Онцгой албан татварын хоёр хувийг эрүүл мэндийн даатгалын санд өгч байгаа. Жилдээ хэдэн төгрөгийн төсөв ордог юм, хэдэн хувийг сэтгэцийн эрүүл мэндийн төвд өгч, зарууулагддаг юм. Сэтгэцийн эрүүл мэднийн төвөөс гадна энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлэг байдаг уу?
Хууль зүй, дотоод хэргийн яам: Мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт нийт гэмт хэрэгт эзлэх хувь маш бага буюу 10 хувь байгаа.
2022 оны долдугаар сард Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг батлахдаа согтууруулах ундаанд ногдуулах Онцгой албан татварын гүйцэтгэлээс литр тутмын 300 төгрөгийг Архидан согтуурахтай тэмцэх санд хуваарилахаар зааж өгсөн. Энэ сангаасаа эргүүлээд мансуурах донтой этгээдийг эмчлэх чиглэлийн дэд бүтцийг сайжруулах, эмнэлгийг барьж байгуулах юм. Судалгаа хийхэд 10 орчим тэрбум төгрөгийг Онцгой албан татвараар жил бүр төвлөрөх тооцоо гарч байсан. Уг хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийг дэмжих санд жил бүр гурван тэрбум төгрөг сууж, батлагддаг. Нийтийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд, архи тамхины судалгаа, нөлөөллийн ажлууд дээр санхүүжилтүүдийг хийдэг.
Ганцхан Сэтгэцийн эрүүл мэндийн төв сэтгэцийн эмгэгтэй хүмүүст үйлчилгээ үзүүлдэг биш хэд хэдэн хувийн хэвшлийн байгууллагууд бий. Бүгд ЭМД-ын сантай гэрээтэй, санхүүжилтээ аваад явдаг. Дээр нь сэтгэц заслын төвүүд байгаа, 12 төв бий. Мэргэжилтэнг сэтгэл зүйчийг МУИС дээр бэлтгэдэг. Сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллагууд бий, яамтай хамтарч ажилладаг.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Донтолт, мансууралт өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудал. Гэтэл холбогдох байгууллага нь судалгаагаа ч хийгээгүй байна
Уналт таталтын эмийн гаж нөлөөг судлах ёстой байгууллага нь огт ажиллахгүй байна. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч нараа ч хамгаалах ёстой. Сайд, Төрийн нарийн бичгийн даргадаа энэ талаар мэдээлэл цуглуулж өгөх нь та бүхний ажил гэв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ