Энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Тэдний хагарал өнгөрөгч хавраас эхлэлтэй. Тэд анх LRT төслийн талаар маргаж байсан бөгөөд энэ удаа Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой долоон төсөл хөтөлбөрийн талаар маргажээ.
Ч.Хүрэлбаатар
Эдийн засаг, хөгжлийн сайд
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын удаа дараагийн гүтгэлэгт хариу өгье. Том тоо хэлж, сүртэй ярих нь попчдын үндсэн арга. Намайг Сангийн сайд байхдаа 439.6 сая ам.долларын долоон төсөл Увс аймагт хэрэгжүүлж, Монголын ард түмэн энэ өрийг төлж байгаа гэж попорчээ. Б.Энхбаяр намайг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж эхэлсэн тул хуулийн байгууллагад хандахаар энэ долоон төслийг нэгбүрчлэн тодрууллаа. Энэ долоон төслөөс таван төсөл нь УИХ-аар батлагджээ. Батлагдаагүй хоёр төслийн өртөг нь 303 сая ам.доллар. За ингээд төсөл бүрээр тайлбар өгье.
- Тогтвортой аялал жуулчлал-2 /Зээл $30.0 сая/ Надтай хамаагүй, намайг Сангийн сайдын ажлаа өгснөөс жил гаруйн дараа буюу 2022 оны гуравдугаар сард Засгийн газраар орсон боловч УИХ дэмжээгүй төсөл. Увс-$0
- Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл /2018-2022 он, $3.5 сая тусламж/: Төв аймгийн Борнуур сум, Дархан-Уул аймгийн Орхон сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Увс аймгийн Улаангомд хэрэгжсэн. Зээл биш тусламж.
- “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл” /2020-2026, Зээл-40.0 сая ам. доллар, тусламж-2 сая ам.доллар/: 10 аймагт буюу Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дархан-Уул, Увс, Дорнод аймгуудад хэрэгжинэ. Үүнээс Увс, Улаангомын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн 50 га газрын усжуулалтын системийг шинэчлэх, сэргээн засах, талбайн техникээр хангахад нийт 469.0 мянган ам.доллар зарцуулагдана. Увс-$0.5 сая
- Боомтын шинэчлэл (2017-2023, Зээл-27.0 сая ам.доллар): Сүхбаатар аймгийн Бичигт, Увс аймгийн Боршоо боомтуудыг шинэчлэх, Гаалийн ерөнхий газарт гаалийн хяналтын тоног төхөөрөмж нийлүүлэх, чадавх бэхжүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс Увсын Боршоо боомтод 7.1 сая ам.долларын санхүүжилтээр нийт 22 барилга угсралтын ажил, авто зам, гадна инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж, боомтын хүчин чадлыг 4-5 дахин нэмэгдүүлэх ажил хийгдсэн, удахгүй ашиглалтад орно. Увс-$7.2 сая. Боомтын шинэчлэл
- Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл /2021-2023, Тусламж-3.0 сая ам.доллар/: Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг, Улаанбаатар хотын Налайх, Сонгинохайрхан дүүргүүдэд хэрэгжих бөгөөд үүнээс Увс аймгийн Улаангом сумын Түр хамгаалах байрны засварын ажлыг 71.2 мянган ам.долларын тусламжийн санхүүжилтээр хийхээр төлөвлөж гэрээ байгуулан ажиллаж байгуулан ажиллаж байна. Зээл биш тусламж.
- Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл /2019-2023, Зээл-40.0 сая ам.доллар, тусламж-20.6 сая ам.доллар/
- Аймагт буюу Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Увс, Хөвсгөл аймаг хамрагдах байсан ч Увс аймагт салхины цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн боловч салхины хэмжилт судалгаагаар үр ашиггүй гарсан тул хэрэгжээгүй. Увс-$0.
- Аймаг, сумын бүсчилсэн, ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр-1 үе шат (Зээл-$ 93.0 сая, тусламж-$ 38.5 сая) БХБЯ, ХААХҮЯ-аас 14 аймгийн 49 суманд хэрэгжүүлэхээр ярьж байгаа төсөл гэнэ. Засгийн газар, УИХ-ын аль ч түвшинд хэлэлцүүлээгүй, батлагдаагүй, эхлээгүй төсөл. Увс-$0
Бодит байдал ийм л байна. Эдгээр зээл, тусламжаас найман сая ам.доллар нь Увсад хэрэгжээд явж байна. Попорч болно, тоо мэддэггүй байж болно, 2.8 тэрбум ам.долларын зээл болох LRT төслийг мөрөөдөж болно оо болно. Гүтгэж, доромжлоод хол явдаггүй, худлаа ярьж, хүн төөрөгдүүлээд улстөрч болдоггүй гэдгийг Б.Энхбаярт хэлье.
Б.Энхбаяр
УИХ-ын гишүүн
Ч.Хүрэлбаатар сайдад итгэхгүй байгаа. Яагаад гэхээр мэргэшсэн хулгайч. Би энэ хүний сүүлд Сангийн сайдаар ажиллахдаа хэрэгжүүлсэн гадаадын зээлүүдийн жагсаалтыг гаргаж авсан. Долоон төсөл хэрэгжүүлж, зээлд гарын үсэг зурсан байна. Нийт үнэ нь 439.6 сая ам.доллар. Энэ долоо дээр нь өөрийнх нь бүх тойрог хамаарагдсан байна. Өөрийнх нь сонгогдсон тойрог Өөрөө сонгогдох сонгогчдоо хахуулдах хүрээнд энэ авсан зээлийг нь Монголын ард түмэн төлж байгаа. Татвар төлөгчид төлж байгаа. Тухайлбал: 2021 оны аравдугаар сард батлагдсан “Тогтвортой аялал жуулчлал” хоёрдугаар үе шат 30 сая ам.доллар. 2017 оны арванхоёрдугаар сард “Орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл” гурван сая ам.долларын тусламж авсан. 2020 оны хоёрдугаар сард “Хүнсний ногооны үйлдвэрлэл усжуулалтын системийг шинэчлэх төсөл 40 сая ам.долларын зээл авсан. 2019 онд “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл нэмэлт санхүүжилт” 27 сая доллар авсан. 2018 оны есдүгээр сарын 20-нд “Сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх төсөл” 40 сая ам.доллар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. “Аймгийн болон сумын төвүүдийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” 273 сая ам.долларын зээл авсан. Энэ бүгд өөрийнх нь тойрогт хамрагдаж байгаа. Энэ мөнгө угаагаад байгаа юм уу. Энэ мөнгийг юу хийхийг хэн тохирдог уу гэхээр сайд шууд тохирдог. Их хурлаар, бүр засгаар ч энэ задаргаа нь ордоггүй. Яг юу хийх үү гэдгийг Олон улсын байгууллагуудтай сайд тохирдог. УИХ-аар юу оруулж ирж байна гэхээр энэ зээлүүдийг эргэн төлөлтийг нь шууд төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй гэдгээр улсын төсөв дээр эргэн төлөгдөх нөхцөлтэй гэдгээр иргэд төлж ард түмэн төлж явдаг. Тийм учраас би итгэхгүй байгаа сайд Ч.Хүрэлбаатарт.
Холбоотой мэдээ