АНУ-аас Хятадад өгсөн мессеж

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

АНУ-аас Хятадад өгсөн мессеж

АНУ-аас Хятадад өгсөн мессеж

Халуун орны амралтаараа алдартай Филиппиний арал энэ долоо хоногт АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрисын айлчлалаас болж улс төрийн анхаарлын төвд байв. Хатагтай Харрисын айлчилсан Палаван бол усанд шумбалтын амралтын газар гэдгээрээ алдартайгаас гадна Филиппиний цэргийн бааз байрладаг арал. Тус арал нь Өмнөд Хятадын тэнгисийн захад байрладаг. Харин Бээжин нь Өмнөд Хятадын тэнгист цэргийн бааз байгуулах зорилгоор хиймэл арлуудыг барьж байгаа нь АНУ-ын санааг зовоодог.

 Дэд Ерөнхийлөгч Камала Харрис АНУ-аас санхүүжүүлэн Филиппинд хэрэгжүүлэх 21 шинэ төслийг тус улсын төрийн тэргүүн Фердинанд Маркостой хэлэлцсэн. Эдгээр төслүүдийн дунд хараахан байршлыг нь зарлаагүй боловч цэргийн бааз байгуулах асуудал багтжээ. Үүгээрээ Вашингтон Манилатай илүү нягт харилцаа тогтоож байгаагаа Бээжинд харуулж байна.

Хоёр орны батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төслүүд нь америк цэргүүдэд Филиппиний баазуудыг аюулгүй байдлын дадлага сургуулилалт, хамтарсан сургалт зохион байгуулахад ашиглах боломжийг олгоно гэж Цагаан ордноос мэдээлжээ.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ХАРИЛЦАА УЛАМ ГҮНЗГИЙРЭВ

Тус улсад өмнө нь АНУ-ын хилийн чанад дахь хамгийн том хоёр цэргийн байгууламж байрладаг байсан. Тодруулбал, Кларк агаарын цэргийн бааз, Субик булангийн тэнгисийн цэргийн баазыг АНУ-аас байгуулснаа 1990-ээд онд Филиппиний мэдэлд шилжүүлэн өгсөн. Хоёр орон 1951 онд харилцан хамгаалах гэрээг байгуулсан нь өдгөөг хүртэл хүчинтэй хэвээр байгаа бөгөөд гуравдагч орноос халдан довтолбол цэргээ илгээх эрхтэй. Тэгвэл Харрис сэтгүүлчдэд өгсөн яриандаа, АНУ нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ "ганхалгүй" биелүүлнэ гэдгийг онцлон мэдэгдэв. Мөн "/Өмнөд Хятадын тэнгис/олон улсын дүрэм журам, хэм хэмжээг хамгаалахын тулд Филиппин улстай хамт гэдгээ ахин дахин илэрхийлэх ёстой" гэж Камала Харрис мэдэгджээ. Тэрбээр Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний усан онгоц, завь халдлагад өртвөл АНУ нь харилцан хамгаалах гэрээний үүргээ биелүүлнэ гэж жишээ татан ярьжээ. Түүнчлэн хатагтай Харрис хэлэхдээ, урт хугацаанд харилцаа холбоотой явж ирсэн орны хувьд Филиппиний цаашдын ирээдүйг АНУ-гүйгээр төсөөлөх аргагүй гэсэн байна. 

Хоёр орны харилцаа Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутертегийн төр барьсан зургаан жилийн хугацаанд холдож, Манила нь Бээжинтэй илүү ойр харилцаатай болсон. Энэ талаар Вашингтоны Олон улсын судалгаа, стратегийн төвийн мэргэжилтэн Грегорий Полингийн тайлбарлахдаа, АНУ, Вашингтон нь харилцааны энэ "хүнд" цаг үеэс гарч байна гэсэн байна. Мөн тэрбээр Камала Харрисийн энэ удаагийн айлчлал нь Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд болон Бээжингийн хиймэл арлуудтай холбоотойгоор АНУ-аас Хятадад өгсөн мессеж болсон гэж дүгнэжээ.

ХАРИЛЦААГ БАТАТГАВ

Палаван арал нь скуба шумбалтаараа алдартай бөгөөд Филиппиний аялал жуулчлалын гол маршрут гэж тооцогддог. Гэхдээ тус аралд байрлах Антонио Баутиста агаарын бааз нь  Спартли арлуудын эргэн тойронд батлан хамгаалах, эргүүлийн үүрэг гүйцэтгэх Филиппиний армийн чухал түшиц болдог.  Өмнө зүгт 1.3 сая кв/милл усан талбайг хамран тогтсон Спартли бүлэг арлыг бараг бүхэлд нь Бээжин өөрийн эзэмшил газар гэж зарлан, хөрш орнуудтай маргаан үүсгэсэн. Харин Азийн далайн ил тод байдлын санаачилгын мэдээлснээр Филиппин тус бүлэг арлын есөн хэсгийг эзэмшдэг бол Хятад долоог нь эзэмшдэг аж. Гэхдээ Бээжин нь бүлэг арлыг Наншас гэж нэрлээд зогсохгүй шинээр хиймэл арлуудыг байгуулан дөрвөн бааз байгуулсан. 

Үүнээс үүдээд Филиппинээс гадна Вьетнам, Тайвань, Бруней, Малайз зэрэг орнууд бүлэг арлыг тойрсон байгалийн баялгын арвин нөөцтэй хэсгийг Хятадтай булаалдан маргаан үүсгээд буй. Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай холбоотойгоор Филиппин 2016 онд Гааг дахь олон улсын шүүхэд Хятадын эсрэг гомдол гаргасан нь Манилагийн талд шийдвэр гарсан. Гэвч шүүхийн шийдвэрийг үл харгалзан Дутерте Бээжинтэй ойрын харилцаа тогтож, Өмнөд Хятадын тэнгист байгалийн хий, газрын тос хамтран олборлох төлөвлөгөөг боловсруулж байв. Энэхүү олборлолтын гэрээг 2022 оны зургадугаар сард Филиппиний Үндсэн хуулийг зөрчсөн, тусгаар тогтнолд заналхийлсэн үндэслэлээр Дутертегийн дор Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Тедди Локсин албан тушаалаасаа буухаас өмнө хүчингүй болгожээ.

Харин Фердинанд Маркос өнгөрсөн зургадугаар сард Филиппиний Ерөнхийлөгч болсноор Хятадтай эдийн засаг, аюулгүй байдлын асуудлаар найрсаг харилцаагаа хадгалахын зэрэгцээ АНУ-тай харилцаагаа сэргээхийг эрэлхийлж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт болсон Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /APEC/ чуулганы үеэр тэрбээр Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзаж, тэнгисийн маргаанаар хоёр орны харилцааг тодорхойлохгүй байхаар ярилцаж тохиролцсон гэж Филиппиний тал мэдэгджээ. 

ӨМНӨД ХЯТАДЫН ТЭНГИС ДЭХ ХАТУУ ТЭНЦВЭР

АНУ-ын батлан хамгаалахын холбоотны хувьд, Бээжингийн өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн нэхэмжлэлийн асуудлаар өрсөлдөж буй нэхэмжлэгчийн хувьд Филиппин нь Вашингтоны бүс нутаг дахь стратеги болон Хятадын геополитикийн өсөн дэвшихэд чухал үүрэгтэй.

Филиппиний Хятад судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Роммел Банлаои хэлэхдээ, "Маркосын гол ажил бол АНУ-ын тусламжтайгаар тус улсын батлан ​​хамгаалах системийг бэхжүүлж, шинэчлэхийн зэрэгцээ хамгийн том худалдааны түнштэйгээ эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхийн тулд Хятад улстай найрсаг яриа хэлэлцээ хийх явдал юм" гэжээ. "Филиппиний Ерөнхийлөгч Өмнөд Хятадын тэнгист прагматик хамтын ажиллагааг эрэлхийлэхийн зэрэгцээ газар нутгийн маргааны асуудалд удаан хугацаанд барьсан байр сууриа алдахгүйг хичээж байна" гэж тэрбээр тодорхойлжээ. 

Филиппин дэх айлчлалаараа хатагтай Харрис АНУ нь Манилатай цэвэр эрчим хүч, цахим аюулгүй байдал, харилцаа холбоо, хөдөө аж ахуйн салбарт нягт хамтран ажиллахаар ярилцан тохиролцсон байна. Эдгээр гэрээнүүд нь АНУ-ын Номхон далайн бүс дэх зорилгыг илэрхийлсэн гэж олон ажиглагч дүгнэсэн бол өөр нэг шинжээч хэлэхдээ, "Харрисын цэргийн баазад хийсэн аялал нь Бээжингийн байдлыг улам хүндрүүлж, Филиппинд хохирол учруулах эрсдэлтэй" гэсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж