Ардчилсан намд ШИНЭ СЭРГЭЛТ хэрэгтэй!

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

Ардчилсан намд ШИНЭ СЭРГЭЛТ хэрэгтэй!

Ардчилсан намд ШИНЭ СЭРГЭЛТ хэрэгтэй!

Уг нь арванхоёрдугаар сарын 6 ардчиллын төлөөх намуудын нэгдсэн, нийлсэн өдөр. Их Монгол Улс байгуулагдсан 1206 оныг бэлгэдсэн, жилийн бүрийн арванхоёрдугаар сарын 6 АН-ын хувьд түүхэн бөгөөд “төрсөн өдөр” нь байлаа.   Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-н хүртэл.  Учир нь, МАН өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаа товлон хуралдуулж, Л.Оюун-Эрдэнийг намын даргаараа батламжилсан юм. Тэгвэл ирэх сарын 6-нд  МАН Бага хурлаа хуралдуулахаар товложээ.  Магадгүй, эрх баригчид АН-ын “төрсөн өдрийг” булаасан нь түүхээс арчих гэсэн арга заль, атгаг санаа байж болох. Авчиг АН өөрөө л “ширээн дээрээс унасан”.  Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж үгтэй.

Ардчилсан намыг Ардчилсан намынхан сүйрүүлсэн нь, улс төрийн тавцангаас улам бүр арчиж яваа нь бодит үнэн-де факто. Гэхдээ Ардчилсан нам арчигдвал Монголын ардчилалд, тусгаар тогтнолд асуудал, бэрхшээл тулгарна, үүснэ. Авторитар, аль эсвэл тоталитар дэглэм тогтож мэднэ. Ардчилсан нам сэргэж чадахгүй бол МАН-д ч Монголд ч муу. Энэ бол де-юре.

Иймээс Ардчилсан нам хэтэрсэн эго, хэрүүл зөрчлөө дараад Монголын ардчилал, аюулгүй байдлын төлөө нэгдэж, нийлэх шаардлагатай байна. Энэ бол нийгмийн хүсэл гэхээсээ илүү шахалт, шаардлага юм.

1.

Парламентын хоёр ч сонгуульд дараалан ялагдал хүлээсэн АН-ын хувьд үхэх, сэхэх эцсийн тулаан нь 2024 оны сонгууль. Гурав дараалан  ялагдаж, гудамжинд гарах юм бол АН тарна, ардчилал сүйрнэ. Хоёр том "хаан"-тай, хоёр их гүрний дунд орших Монгол Улс улс төр нь олон намын тогтолцоотой, парламент нь олон намын оролцоотой байж тусгаар тогтнолоо хамгаалж чадна, үлднэ. Гэтэл 2024 оны сонгууль болоход ердөө 1.6 жил үлджээ. АН ингээд сөнөх үү, эсвэл сэргэх үү?!

Асуудлаа амбиц, эгогоор хэлэлцэх биш эрүүл, саруулаар харж,  дүгнэж байж Ардчилсан нам өндийнө. Товчхондоо, Ардчилсан намд хэн ч тус болохгүй, авралын цагирагийг тэдэн рүү  хэн нэгэн шидэхгүй. Ардчиллын ард нуугдан талцаж, хагарснаа  АН-ынхан хамгаалдаг бамбай болгох бүр хэрэггүй.  Ардчилал олонхийн эрх ашгийг цөөнх дагахыг, хүн дээр биш үнэт зүйл дээрээ эвлэлдэхийг хэлнэ. Харамсалтай нь, өнөөдрийн Ардчилсан намд үзээд, дэмжээд өгье гэхнээ үнэт зүйл ч алга.

Ардчилсан нам ангал руу унах тусам авторитори дэглэм тогтох хөрс нь Монголд бүрэлдэж байна.  Тиймээс Ардчилсан нам ангалаас гарах аргаа өөрсдөө олох нь, эго, эмоцио ялах нь эхний хийх ёстой ажил болжээ. Х.Баттулга  хэрэггүй, С.Эрдэнэ буруутай, С.Баярцогтыг дэмжихгүй гэж гэдийгээд байхын хэрээр Ардчилсан нам сэргэхгүй, шинэчлэгдэхгүй.

2.

Ардчилсан намын хагаралд ах нарыгаа залуус нь буруутгадаг. Өлгийдөө өтлөж яваа гэж өвгөд нь дүү нараа зэмлэдэг. Үнэн хэрэгтээ Ардчилсан намын хагарал, тэмцэлд аль аль нь буруутай. Сууж буй мөчрөө хөрөөдсөн нь Ардчилсан намынхан өөрсдөө. Ардчилсан нам түүхэндээ намууд дундаа өнөөдөр шиг муу нэртэй, луу данстай явсангүй.  Ялагдсан  ч ядаж л ардчиллаа хамгаалдаг, эрх чөлөөний төлөө тэмцдэг, дуугардаг, жагсдаг байлаа.. Гэтэл хэдхэн хүний зөрчил, хувийн ашиг сонирхол нь цагтаа эгнээндээ 180 мянган гишүүнтэй байсан АН-ыг улс төрийн тавцангаас арчиж буй нь харамсалтай.

3.

АН-ынхан өдгөө буруутан хайж суух цаг алга. Цаашдаа гудамжинд, засгийн эрхийн гадна үлдэхийг хүсээгүй юм бол үнэт зүйл дээрээ нэгдэх нийлэхэд тэдэн маш бага цаг, маш бага хугацаа үлджээ. Мэдээж, гэхдээ  түр зуурын механик эвлэрэл АН-д ялалт биш ялагдал авчирна.  Учир нь,  яагаад нэгдэх ёстойгоо АН-ынхан яс махандаа ухамсарлах ёстой гэсэн үг.  Ухамсарлаагүй, ойлгоогүй бүхэн салдаг, хагацдаг жамтай.

Ардчиллыг тугаа болгож ирсний хувьд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах дээдлэхэд Ардчилсан нам үлгэрлэх хэрэгтэй. Гэвчиг АН-ынхан төдийгөөс өдий хүртэл үнэт зүйл, үзэл баримтлалаа болгож ирсэн ардчилал руугаа нулимс, хүний эрх, эрх чөлөөний эсрэг ажиллаад уджээ. Ийм Ардчилсан намаас салж байж л Ардчилсан нам гишүүд, дэмжигчдийнхээ алдсан итгэлийг, алга болгосон үнэт зүйлээ олж авна.

4.

Сүүлийн жилүүдэд Монголд хүний эрх, эрх чөлөө улам бүр зөрчигдөж байна. МАН хэдийгээр “Хүний эрх, эрх чөлөөг хамгаална” гэж амлаж буй. Гэхдээ АН-гүй бол МАН хол явахгүй, Монголд нэг намын, нэг хүний дарангуйлал тогтоно. Нэг намын, нэг хүний дарангуйлал Монголд тогтвол  хүний эрх улам хумигдана, тусгаар тогтнолд аюул нүүрлэнэ.  Үндсэндээ , өнөөдрийн үйл явдлыг харсан ч, маргаашийнхаа эрсдлийг тооцсон ч Монголыг авторитор дэглэм рүү түлхэж, чиглүүлж буйн буруутан нь Ардчилсан намынхан болсон. Тэд тугаа болгож ирсэн ардчиллаа хамгаалах нь бүү хэл уландаа гишгэж, гэрийн хэрүүлээ улсын, намын зодооноо төрийн зовлон болгож хувиргасан байна.

5.

Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэх сургаалийг Монголд мэдэхгүй улстөрч, сонсоогүй хүн байхгүй.  Ардчилсан намын хувьд яг одоо гэрээ засах нэн чухал шаардлага бий. Гэрээ засч чадаагүй Ардчилсан намаар хэн төрөө засуулахыг хүсэх хүн байхгүй. Тиймээс АН-д яг өнөөдөр шинэ сэргэлт хэрэгтэй байна. Шинэ сэргэлт гэдэг нь шинэ үзэл баримтлал, шинэ лидер, эв нэгдэл гэсэн үг.  Тиймээс Ардчилсан намыг Ардчилсан намынхан ашиг сонирхлын хэрэгсэл биш үнэт зүйл, үзэл баримтлалын нэгдэл гэж ойлгож, харах нь хэрэгтэй. Иймээс хүн тойрч хэрэлдэх биш, үзэл бодлоо тойрч хэлэлцэцгээ, Ардчилсан намынхаан. Сэр, сэхээр, шинэ сэргэлт хий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж