“Teach For All” олон улсын байгууллагад Монгол Улс албан ёсны гишүүнээр элслээ

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

“Teach For All” олон улсын байгууллагад Монгол Улс албан ёсны гишүүнээр элслээ

Дэлхийн 60 гаруй оронд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш бус байдлыг бууруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Teach For All” олон улсын байгууллагад Монгол Улсыг төлөөлж “Teach for Mongolia” буюу “Илгээлтийн Багш” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага (НҮТББ) албан ёсны гишүүнээр элслээ.

“Teach For All”-тай хамтран ажиллах гэрээнд “Илгээлтийн Багш” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ч.Болортуяа, Гүйцэтгэх захирал Г.Гантүшиг нар өнөөдөр гарын үсэг зурснаар энэхүү хамтын ажиллагаа долоон жилийн хугацаатай үргэлжлэх юм.

“Илгээлтийн Багш” НҮТББ нь нийгэмд эерэг өөрчлөлт хийх чин эрмэлзэлтэй манлайлагч залуусыг сонгон шалгаруулж, багшийн орон тооны дутагдалтай ерөнхий боловсролын сургуулиудад хоёр жилийн хугацаанд үндсэн багшаар ажиллуулах замаар боловсролын хүртээмжийг сайжруулах, хүүхэд бүрд өөрийн хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.

“Илгээлтийн Багш” НҮТББын Удирдах зөвлөлийн дарга Ч.Болортуяа “Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлын нэг бол боловсролын тэгш хүртээмж юм. Тиймээс ч нийслэлийн алслагдсан дүүргүүд, хөдөө, орон нутагт дутагдалтай байгаа багшийн орон тоонд нийгэмдээ гэрэл түгээх эрмэлзлэлтэй залуусыг тодорхой шалгууруудын үндсэн дээр илгээж сурагчдад боловсролыг чанартай, хүртээмжтэй түгээх дээр төвлөрөн ажиллаж байна. Оролцогчид маань багш болох бакалаврын хөтөлбөр болон хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагддаг. Өнөөдөр бид “Teach For All” олон улсын байгууллагад албан ёсны гишүүнээр элссэнээр оролцогч залууст маань илүү өргөн боломж нээгдэх юм” гэж хэллээ.

“Teach for Mongolia” хөтөлбөрийн хүрээнд БШУЯ, Боловсролын Ерөнхий газар, МУБИС-тай хамтран анхны элсэлт буюу 2022-2024 оны хичээлийн жилд 16 оролцогчийг Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ерөнхий боловсролын сургуулиудад Математик, Түүх, Нийгэм, Мэдээлэл зүй, Биеийн тамир, Монгол хэл, Англи хэл зэрэг хичээл заалгахаар илгээгээд байна.

“Илгээлтийн Багш” НҮТББын Гүйцэтгэх захирал Г.Гантүшиг ирэх хичээлийн жилүүдэд оролцогчдын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг онцлов. Тэрбээр “2023-2025 оны хөтөлбөрийн элсэлт 2023 оны нэгдүгээр сарын 16-нд эхэлнэ.  Залуусыг “Teach for Mongolia” хөтөлбөрт хамрагдаж боловсролын салбарт хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Өмнө нь бид олон улсын байгууллагатай санамж бичгийн хүрээнд ажиллаж байсан бол энэ удаад гэрээ байгуулж албан ёсны гишүүн боллоо. Ингэснээр Монгол Улс “Тeach For All”-ийн хүрээнд ижил үйл ажиллагаа явуулж буй олон улсын гишүүн байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага судлах, цаашлаад Монгол Улсын боловсролын салбарт дорвитой хувь нэмрээ оруулах боломж бүрдэж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж