Тээврийн цагдаагийн албанаас “Зөв дадал энгийн соёл” жолооны ард гар утсаа больё аяныг өрнүүлээд сар гаруй хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд цагдаагийн албаныхан хэрхэн ажилласан болоод жолооны ард ганц хором гар утас оролдох нь хэр хөнөөлтэй талаар Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газар зөрчил шалгах хэлтсийн байцагч ахлах ахлагч М.Нарангэрэлээс тодрууллаа.
-Тээврийн цагдаагийн албанаас “Зөв дадал, энгийн соёл" аян эхлүүлээд сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ аяны гол зорилго нь жолооны ард гар утсаа барихыг болиулах. Аян хэр үр дүнгээ өгсөн бэ, иргэд жолооны ард гар утсаа барих явдал буурсан уу ?
-Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд "Замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдгийг замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг ойлгоно" гэж эрх зүйн хувьд томьёолсон байдаг. Тэгвэл зам тээврийн хэрэг, осол нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чөлөөтэй зорчих эрх зөрчигдөх нэгэн шалтгаан болдог. Сүүлийн үед тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа жолооны ард гар утсаараа ярих, видео дуудлага хийх, зурвас бичих, цахим мэдээлэлтэй танилцах зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зөрчлийг байнга гаргадаг. Тухайлбал, зам тээврийн ослын хамгийн гол буруутан нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн буюу жолооч байдаг. Жолооч замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байгаа эсэх нь зам тээврийн хэрэг, осол гарахад шууд нөлөөлдөг. Жолооны ард гар утас ашиглах нь нүдээ боогоод ангалын ирмэгээр гүйхтэй адил юм.
-Энэ төрлийн зөрчил гаргасан жолооч нарт хэрхэн шийтгэл ноогдуулдаг вэ?
-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглахыг жолоочид хориглоно" гэж заасан байдаг. Энэ төрлийн зөрчлийг гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.22-т "Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" заасны дагуу шийтгэл хүлээлгэх хуулийн зохицуулалттай юм.
-Замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашигласан зөрчил энэ оны байдлаар хэчнээн гарсан бэ?
-Энэ оны эхний 10 сарын байдлаар замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашигласан зөрчлөөр 24620 жолоочид торгуулийн шийтгэл оногдуулж, дахин хөдөлгөөнд оролцож явахдаа гарын оролцоотойгоор ашиглах гар утас ашиглахгүй байх талаар анхааруулж ажилласан байна. Тухайн жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утсаар ярих, оролдох зэрэг нь жолоочийн анхаарлыг бууруулж, аюулгүй жолоодлого хийх, аливаа аюул саадыг урьдчилан харах боломжийг 80 хувь хүртэл бууруулж, шаардлагатай үед тээврийн хэрэгслийг зогсоох үед шаардагддаг жолоочийн самбаачлах хугацааг 46 хувь хүртэл бууруулдаг байна. Зам тээврийн осол гаргасан жолооч нар хэлэхдээ урдах тээврийн хэрэгсэл гэнэт зогссон тул араас нь мөргөсөн, энэ явган зорчигчийг би хараагүй, гэрэл дохио солигдохыг анзаараагүй, огт харагдаагүй, мэдээгүй, анзаараагүй гэсэн шалтгаануудыг хэлдэг. Эдгээр шалтгаануудын цаана жолооч аюул саадыг урьдчилан хараагүй нь байдаг. Тухайлбал, жолоочийн анхаарал өөр зүйлд сатаарсан, жолооны ард гар утсаар ярих, зурвас бичих, сошиал орчинд мэдээлэл үзэхээс болж буй нь тогтоогддог.
-Гар утсандаа ганц хормын төдийд анхаарал төвлөрүүлэхэд бусдын болон өөрийнхөө амь насыг эрсдэл оруулах магадлал өндөр. Иргэд үүнийгээ ухамсарлаж, ойлгодог болов уу?
-Гар утсанд ирсэн зурвасыг шалгах дундаж хугацаан нь 4.6 секунд байдаг ба энэ хугацаанд автомашин жолоочийн ямар ч хяналтгүйгээр олон арван метр замыг туулсан байдаг. Суурин газарт тээврийн хэрэгслийн хурдны дээд хязгаар 60 км/цаг, суурин газрын гадна замд 80 км/цаг байдгийг жолооч бүр мэддэг боловч 60 км/ц хурдтай тээврийн хэрэгсэл нэг секундэд 16.6 метр. суурин газрын гадна замд нэг секундэд 22.2 метр газрын туулдаг. Гар утсаа оролдсон хором бүрт машин ямар жолоодлогогүй хөдөлгөөнд оролцож байдаг. Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад жолоочийн зөв дадал, энгийн соёл маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Жолоо барих үедээ гар утас болон түүнтэй ижил төстэй зүйлийг бүү ашигла, гэр бүл найз нөхөд, ажлаас залгасан тохиолдолд жолоо барьж байгаа үедээ гарын оролцоотойгоор гар утсаар ярихгүй байх. Мөн автомашинд ашигладаг зориулалтын утасны суурь ашиглах, автомашины чанга яригчаар дамжуулан шаардлагатай тохиолдолд утсаар ярьж хэвших, харин мессеж бичих, цахим орчинд мэдээлэл үзэх зэрэг хөдөлгөөний үед аюултай анхаарал сарниулах үйлдэл гаргахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.НАРАНГОО
Холбоотой мэдээ