Нийтийн тээврийн автобусныхаа хүртээмж, үйлчилгээг сайжруулахыг иргэд хотын дарга нараас байнга гуйдаг. Өвөлдөө, ажил, хичээл орох, тарах цагаар нийтийн тээврийн автобус олдохоо больдог, иргэд хэдэн цагаар хүлээдэг нь бараг хэвийн үзэгдэл болжээ. Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар хүмүүсийг хувийн унаанаас татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалсаар байгаа. Гэвч, тэрбээр нийтийн тээврээр үйлчлүүлэхэд ямар их бэрхшээл, асуудал тулгардгийг биеэрээ мэдэрсэн бол ингэж хэлэхгүй байсан юм.
Учир нь, тус салбарт парк шинэчлэл хийж байгаа гэх ч хэзээ мөдгүй салж унах дөхсөн хэдэн автобусаа үйлчилгээнд явуулсаар байгаад иргэд бухимдаж байна.
Ядаж хүртээмж, цэвэрлэгээнд нь анхаарахгүй бол хүйтэн автобусанд нь хөлдөх үхэх нь холгүй байгааг ч шүүмжлэв.
17:00 ЦАГТ ТАРААД НЭГ, МӨЛХСӨӨР 20-21 ЦАГТ ХАРЬДАГ
Сүхбаатар дүүргийн эмнэлэг 100 айлын автобусны буудлаас иргэн Н.Энхмаа 17:00 цагт ажлаа тараад эхний автобусанд суудаг байна. Тэрбээр Сансарын шатахуун түгээх станц хүртэл түрүүлж ирсэн автобусанд сууж, дахин 2-3 чиглэлд дамжиж Их Монгол хороолол ордог гэв. Түгжрэл ихтэй ч хүйтэн үед алхах хэцүү болохоор арга буюу автобус хүлээж 30-40 минут зарцуулж, нэг, нэг буудлаар ахиж харьдаг байна. Харин Н.Тэргэл, Б.Чингүүний хувьд хичээл нь 08:30 цагт ордог бөгөөд гэрээсээ цагийн өмнө гарч автобусанд суудаг. Тэдний хичээл 13:30 цагт тардаг ч сонгон, дугуйлантай өдрөө 15:30-17:30 цагийн хооронд харьдаг гэв.
Сурагчид нийлж таксидах сонирхолтой байдаг ч мөнгөгүй болохоор автобус их удаан хүлээдэг гэдгийг хэлж байлаа. Уг нь бол хүүхдүүд “Ганц худаг- ТЭЦ-3” чиглэлийн автобусанд суугаад 3-5 буудал яваад харих боломжтой аж.
Өдрийн цагаар энэ чиглэлийн автобусыг 20-30 минут хүлээдэг бол орой тарсан өдрөө 40-60 минут хүлээдэг байна. Сансрын тунелийн буудал дээр тэдэнтэй ижил дугаарын автобус хүлээж байгаа хүүхдээ тэвэрсэн хүмүүс, жирэмсэн хүн, өндөр настнууд гэрэл дохио солигдох тоолонд автобус ирж байгаа болов уу гэж зам руу "хараа бэлчээнэ".
ГАЧУУРТ ЧИГЛЭЛИЙН ХҮЙТЭН АВТОБУСЫГ ОРОЙ БҮР ЦАГ ХҮЛЭЭДЭГ
Оройны 19:00 цагийн үед Жуковын хөшөөний автобусны буудал дээр очиход ид ажил тарж байлаа. Тиймээс баруунаас зүүн тийшээ явах автобусны буудал дээр 30 гаруй хүн унаа хүлээгээд зогсч байлаа. Ихэнх хүмүүс нь холын чиглэл буюу Гачуурт, Улиастай, Налайх явахаар унаа хүлээж байгаагаа хэлэв. Тэдгээр хүмүүсийн хэлж байгаагаар зүүн тийшээ олдоц муу, хүртээмжгүй, 2-3 явдаг автобус нь маш хүйтэн байдаг.
Тухайлбал, Гачуурт чиглэлд өглөө, оройдоо автобус 1,1 цаг хүлээдэг. Нэг ирэхээр нь хүмүүс чихэж ороод багтахгүй байх тохиолдол бий. Заримдаа гадаа зогсч байгаа юм шиг хүйтэн автобусанд хөлдөх гээд явдаг гэлээ.
Ч:36 дугаарын “Гачуурт-Жуковын музей” чиглэлийг хүлээж байгаа хүмүүсийн ихэнх нь 10-15 буудал хол газар явдаг байна. 5-6 хүн нийлж таксидал хүний 5000 төгрөг гардаг гэв. Тиймээс өдөр бүр гаргах таксины мөнгө байхгүй учраас өнөөх хөлдүү хүйтэн, хүртээмжгүй автобусаа хүлээдэг аж. Иргэн Нэргүйн хэлж байгаагаар тэрбээр Жуковоос суугаад 15 буудал явж Шар дэлгүүрийн буудал ордог байна. Баянзүрх дүүргээс Офицерийн тойрог хүртэл түгжирч автобус хүлээхэд цаг гаруй хугацаа, түгжрэл, явах хугацаатайгаа автобусанд өдөрт 4-5 цаг зарцуулдаг гэлээ. Автобус хүлээж зогсох хүмүүсийн ихэнх нь үнэн, үнэн. Гачууртын чиглэл гурван автобус л явдаг. Эргэлт нь маш хол. 20-30 минут хүлээгээд суучихдаг бол яая гэхэв. Цаг хүлээсэн ч түгжрээнд орохоороо таг зогсоно. Төвийн чиглэлд олон автобус явуулж байхаар алслагдсан хэсгүүд рүү нийтийн тээврийн хүртээмжээ нэмэхийг иргэд хүсч байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд, сургуулийн хүүхдүүд гээд 20 орчим буудал газар нэг талдаа ганцхан явж байгаа автобусыг өвлийн хүйтэнд цаг хүлээнэ гэдэг хэцүү.
Тэгэхээр энэ чиглэлд анхаарах мөн, Дэнжийн 1000-Улиастай чиглэлийн ховор, ирэхээрээ хүн ихтэй учраас багтаж сууж чаддаггүй автобусыг нэмэхэд анхаарахыг иргэд хүслээ.
“УЛААНБААТАР СМАРТ КАРТ” ХХК-ИЙН АППЛИКЕЙШНД ШИНЭЧЛЭЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ
Автобусанд өдөр бүр суудаг хүмүүсийн гол туслах нь ухаалаг утасны удаан аппликейшн. Уг нь бол нэвтрүүлсэн үйлчилгээ нь цахим хөгжилтэй уялдаж байгаа ч автобус ирж байгаа эсэхийг заах гол үүргээ гүйцэтгэдэггүй тус аппликейшнийг шинэчлэх шаардлагатайг иргэд хэлж байна. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарын шинэчлэлийг хэрхэн хийх талаар улирал тутамд албаныхан уулзалт зохион байгуулдаг. Гэвч иргэдийн санал чухам хаана тусгалаа олдог нь ойлгомжгүй.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 105 чиглэлд 961 автобус өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд үйлчилж буй. Гэвч хүрэлцээ, хангамж дутагдалтай.
Үүнээс гадна тус салбарын хөгжлийг хойш датаж байгаа зүйл нь төлбөр гэдгийг албаныхан онцолдог. Нийт үйлчлүүлэгчдийн 47,4 хувь нь 500 төгрөгийн төлбөрөө төлдөг бол үлдсэн хэсэг нь өндөр настан, хүүхэд, оюутан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хөнгөлөлттэй буюу үнэ төлбөргүй зорчдог байна. Эдгээрээс шалтгаалж нийтийн тээврийн салбарынхан хугацаа нь дууссан автобусаа ч акталж чаддаггүй аж. Өөрөөр хэлбэл, парк шинэчлэлээс гадна үнэ тарифын асуудал автобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэдэг.
Мөн сүүлийн үед хүний нөөцийн хомсдолд орсон учир автобус хоорондын зайг ойртуулах, багасгах боломжгүйг онцолсон. Үүнээс гадна автобусны үйлчилгээг цахим төлбөрийн системд шилжүүлсэн нь сайн талтай боловч цагийн системийг хотын хэмжээнд зөвхөн “Улаанбаатар смарт карт” ХХК дангаараа хянаж байгаа нь буруу байгааг нийтийн тээврийн салбарынхан хэлсэн.
Иргэд ч “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн аппликейшнд шинэчлэлт хийж, чиглэлийн нэршлээр хайхаар шууд гарч ирдэг болох, автобус түгжрэл орсон эсэхийг тэмдэглэгээгээр харуулах шаардлагатайг хэлж байлаа.
2-3 буудал газар хүйтэнд алхаж харина гэдэг өндөр настнууд болон өдөржингөө хичээл, ажилдаа явсан хүмүүст хүндрэлтэй. Тийм ч учраас иргэд ойрхон гэртээ ч хамаагүй гандан буурахгүй олон цагийг автобус хүлээхэд зарцуулж байна.
Иргэдээ хүндэлдэг, эрх ашгийг нь нэгдүгээрт тавьж асуудлын гаргалгааг олохыг чухалчилдаг дарга нар байвал хувийн унаагаар зорчиж байгаа хүмүүс түгжрэл үүсгэж байна гэж хэлэхийн оронд автобусуудын чанарыг сайжруулж тоог нь нэмэхийг чухалчилна.
Гэвч өнөө цагт тусгаж байгаа олон зуун тэрбум төгрөгийг түгжрэл бууруулахад төсөвлөж жилд 500 автобус оруулж ирэх сүржин амлалт өгсөн ч өнгөрсөн 10 сарын хугацаанд Улаанбаатарт 50 хүрэхгүй автобус авсан. Эдгээр автобуснаас холын шаардлагатай чиглэлд нэг ч автобус нэмээгүй болохыг иргэд хэлж байлаа. Нийслэлийнхэн тэвчээртэй, хүлээцтэй тулдаа зай хоорондын хугацаа нь 10-15 минут байх автобусыг 30-40 минут, цаг хүртэл тэвчээртэй хүлээсээр. Харин ирэх жилүүдэд энэ салбарт шинэчлэлт гарахгүй бол нөхцөл байдал улам л хүндрэх эрсдэлтэйг сануулж буй дарга нар чухам ямар шийдэл бодож суугаа бол…?
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ