Англи бут ниргэж, Сенегал, АНУ эцсийн мөчид оноо алдав

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

Англи бут ниргэж, Сенегал, АНУ эцсийн мөчид оноо алдав

Англи бут ниргэж, Сенегал, АНУ эцсийн мөчид оноо алдав

“Катар-2022” ДАШТ-ий хоёр дахь өдрийн тоглолтууд боллоо.


АНГЛИ 6 – 2 ИРАН

Английн шигшээ баг дэлхийн аваргыг өнгөтэй эхлүүллээ. Ингэхдээ бүр Ази тивийн хүчирхэг баг Ираны хаалганд зургаан гоол оруулав. Тоглолт эхлээд удаагүй байхад Ираны шигшээн үндсэн хаалгач Алиреза Бейранванд толгойдоо бэртэл авч, сэлгээний сандалд шилжсэн нь тоглолтын хэмнэл өөрчлөгдөх гол шалтгаан байсан.

Тоглолтын эхний гоолыг энэ жил 19 настай Жуд Беллинхем оруулж, багтаа тэргүүллийг авчрав. Түүний араас Букайо Сака, Рахим Стерлинг, Маркус Рашфорд, Жек Грилиш нар гоолджээ. Харин Ираны талаас энэ жил супер формтой байгаа Мехди Тареми хоёр гоол оруулсан юм.

Английн шигшээ багийн төлөө хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч Майкл Оуэн. Тэрбээр 1998 оны ДАШТ-д Румыны хаалганд гоол оруулахдаа 18 нас, 190 хоногтой байжээ.

Тоглолтын дараа Жуд Беллинхем “Миний хувьд бахархмаар мөч тохиолоо. Үнэндээ иймэрхүү гоол оруулахын тулд олон жил шаардлагатай байдаг тул алдчихлаа гэж бодсон. Бид энэ ялалтаас урам авах хэрэгтэй. Дарамт багасч байгаа ч дахиад хоёр хожил байгуулах ёстой учир яг үүн шиг тоглох хэрэгтэй байна” гэжээ.

Тэгвэл Ираны дасгалжуулагч Карлос Кейроз “Би тоглогчдоороо бахархаж байна. Тэд босч, тэмцсээр хүнд нөхцөлд хоёр гоол орууллаа. Тэд сайн тоглосон. Тэдний хийсэн зүйлээр би маш их бахархаж байна” гэв.

Тоглолтын шилдгээр 21 настай Букайо Сака тодорчээ.

СЕНЕГАЛ 0 – 2 НИДЕРЛАНД

ДАШТ эхлэхийн өмнө шигшээ багийнхаа гол хүн Садио Манег бэртэлд алдсан Африкийн арслангууд Нидерландын эсрэг 84 минут сайн тоглосон ч тоглолтыг төгсгөж чадсангүй. Хоёр багийн тоглолт хамгаалалт дор, талбайн төвд бөмбөгний төлөөх тэмцэл ширүүн өрнөсөн. Эцэст нь 84 дэх минутад энэ жил тэсрэлт хийгээд буй Нидерланд залуу Годи Гакпо гоолдож, унтаа байсан цэнгэлдэхийг сэрээж, ард түмнээ баярлуулсан. Хожигдож эхэлсэн Сенегалын шигшээ гоол оруулах боломж эрсээр байсан ч Нидерландын хана хэрэм мэт хамгаалалт завсраараа салхи ч оруулсангүй.

Тоглолтын төгсгөлд 90+9 дэх минутад Дави Клаассен гоолдож, Нидерланд хэсгийнхээ хүчирхэг өрсөлдөгчийг 2-0 гэсэн харьцаатай хожлоо.

Тоглолтын дараа Нидерландын дасгалжуулагч Луи Ван Гал “Гакпо шийдэмгий байлаа. Би түүнийг 16-ийн талбай руу орж тоглоорой гэсэн. Учир нь тэр хэрхэн гоол оруулахаа мэддэг, хөдөлгөөнтэй. Сенегалд гурван ч боломж олдсон. Гэхдээ бидэнд хоёр шонгийн хооронд хэрхэн тоглохоо мэддэг хаалгач бий. Бид сайн тоглосонгүй. Олон ч удаа бөмбөг алдаж, эсрэг багтаа гоол оруулах боломж үүсгэлээ. Бид илүү нягт байх байсан юм. Бид сайжирч чадна” гэжээ.

Тоглолтын шилдгээр 23 настай Годи Гакпо тодорчээ.

АНУ 1 – 1 УЭЛЬС

Энэ тоглолтод хожсон баг цааш шалгарах магадлал нь улам бодит болох байв. Гэвч хоёр баг оноо хувааж, нөгөө талд Иранд боломж олгов. Уэльс 64 жилийн дараа ДАШТ-д оролцож, Гарет Бэйлийн тоглолтын төгсгөлд торгуулийн цохилтоос оруулсан гоолын ачаар хүнд тоглолтоос ганц оноо авлаа. Тоглолтын эхний үед АНУ-ын шигшээн Тимоти Веа гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан ч хожлоо хадгалж чадалгүй хоёрдугаар үед гоол алдав.

Тоглолтын дараа Гарет Бэйл “Бид бүгд энэ тоглолтод бүрэн төвлөрсөн байсан. Эхний хагаст сайн тоглоогүй ээ. Үнэнээ хэлэхэд тэд дэндүү сайн, бид дэндүү муу байлаа. Завсарлагаанаар дасгалжуулагчтай сайн ярилцсан. Хоёрдугаар хагаст манай залуус ялах тэмүүлэл дүүрэн гарч ирсэн. 2021 оны Европын аваргад тоглосон шигээ зан чанараа харуулсан сайхан тоглолт боллоо. Би торгуулийн цохилт цохих ёстой юм шиг санагдсан. Үүнийг хийсэндээ ч баяртай байна. Дэлхийн аваргад гоол оруулна гэдэг гайхалтай юм. Гэхдээ би гурван оноо авсан бол илүү баярлах байлаа” гэв.

Тоглолтын шилдгээр Гарет Бэйл тодорчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж