Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

76:1
76:1 “Казиночин”

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймагт нэр дэвшиж, сонгогдсон Жамъянгийн Мөнхбатыг танилцуулж байна.


Шүлэг тэрлэн уянгалж явсан Ж.Мөнхбатыг улс төрд хөл тавихад “Цүнхчин боллоо” гэж цаашлуулсан нь олон ч цүнх бариулах хүртлээ карьераа ахиулсан юм. Ажлын гараагаа УИХ-ын даргын ажлын албанд зохион байгуулагчаас эхлүүлж байсан тэрбээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, мөн парламентын гишүүнээр хоёр удаа сонгогдсон төдийгүй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож байв. Гэхдээ сайдын албанд удаагүй, жил гаруйн хугацаатай ажиллаад огцорсон. Учир нь, концессын гэрээг хамаарал бүхий компаниудад өгсөн нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын алдаа болж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон түүхтэй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд ч албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж, концессын гэрээг хамаарал бүхий компанидаа авч өгсөн нь тодорхой болсон юм.

Уг нь тэрбээр 2012 оны сонгуульд навс ялагдаж, ажилтан, албан хаагчдынхаа цалинг ч цаг хугацаанд нь тавьж чадахгүй болтлоо сульдсан байсан намыг 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах хүртэл улс төр хийж чадсан гавьяатай ч сайд болонгуутаа эрх мэдэлдээ бялуурсан уу, концесс авсан. Хэрэв концесст шунаж, халтираагүй бол дараагийнх нь Засгийн газарт сайдын алба хаах боломж байсан тухай нөхөд нь ярьдаг ч Ж.Мөнхбат гишүүн “Албан тушаалын нүх болгон руу гүйж ордог хүн нь би биш” гэж томорч байсан удаатай.

Сайдын суудлаас буугаад удаагүй, дээр нь ах нарынх нь хулгайн дэргэд ганц концесс юу ч биш санагддаг байсан уу, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Засгийн газрын тэргүүний алба хашиж байх үед чуулганы танхимд салам хэрэлдэн, нүүрсний хулгайчаараа дуудуулж байв.

Тэр үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Муу нусгай минь байрандаа байгаарай. Бацааныг Солонгост казино тоглоод явж байхад нь өөд татсан нь гай болж дээ. Чамайг нүүрсний хулгайч гэдгийг чинь мэднэ шүү. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа. Чамайг байранд нь тавих болсон байна” гэж зандарч байсан ч Ж.Мөнхбат хуулийн хаалга татаагүй л байна. Шалгаад “но” илрээгүй юу, эсвэл хуулийнхныг аргалсан уу, бүү мэд. Ямар ч байсан тэр их хэрүүлийн дараа Ж.Мөнхбат гишүүн “Миний хувьд ажлаа өгөөд сурч байх хугацаандаа казиногоор орж гарч л  явсан. Улсын мөнгө идэж, авлига авч тоглохоор албан тушаал би хашиж байгаагүй. Угаасаа надад тийм их хэмжээний мөнгө ч байхгүй. Муушиг мэддэггүй эр хүн гэж ер нь байдаг юм уу. Зориудаар мушгиж харлуулах гэсэн хүнд бол шалтаг төдий л юм даа” гэх тайлбар хийсэн юм.

Гэвч түүнтэй холбоотой сенсаци тасраагүй, гурван тэрбумын үнэтэй хаусанд амьдардаг тухай дуулиан дэгдэх нь тэр. Хувьдаа бизнесгүй, сайдын албанаас буучихсан Ж.Мөнхбат гишүүн ямар мөнгөөрөө тансаг хаусанд амьдарч байна вэ гэх асуултад “Хүүхдүүдийнхээ сургуульд ойртохын тулд байраа, эхнэрийнхээ оёдлын үйлдвэрийг зарж, бусдаас зээл авч шинэ байр авсан. Гурван тэрбумын үнэтэй байр биш” гэдэг тайлбар хийж, олны хэл амыг дарж байв. Тэрбээр 2020 оны сонгуулиас хойш нам гүм байсан ч Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарт машин амлаад авч өгөлгүй “мурьсан” гэх шүүмжлэлтэй тулаад буй. Өөрийнх нь тайлбараар ч Э.Цэндбаатарын найранд очоод машин амласан нь батлагддаг ч эцэстээ “Машин авах эрхийн бичиг чинь ирж байгаа шүү гэснээс машин чинь ирж байна гээгүй шүү” хэмээн амласанаа өгөхгүй шинжтэй тайлбар хийх болсон билээ.

Тэрбээр одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Өмнө нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажилласан.

“Болор цом”-ын шагналт тэрбээр УИХ-д сонгогдохоосоо өмнө богино долгионы радиогийн ХИТ парадыг тэргүүлж байсан “Санах тусам”, “Зүрх мартахгүй”,” Хундагаа өргөе”, “Чимээгүй ухаарал”, “Би дуртай”, ”Амьдралын бэлэг”, "Нэг л уучилъя”, “Зургаан сар минь баяртай” зэрэг нийтийн болон жүжгийн дууны үгийг тэрлэсэн бол сүүлийн жилүүдэд түүхэн кино зохиолд хүч сорьж буй.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авьяас хөгжүүлэх тусгай сургалттай” цогцолбор сургууль
  • 2002 онд Монгол улсын их сургуулийг улс төр, судлаач мэргэжлээр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2002-2003 онд Улсын Их Хурлын даргын Ажлын албанд зохион байгуулагч
  • 2003-2004 онд Улсын Их Хурлын даргын шадар туслах
  • 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт
  • 2005-2007 онд Монгол ардын намын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2008-2012 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч
  • 2011-2013 онд МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч
  • 2012 онд Монголын ардын намын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
  • 2012-2013 онд Монгол ардын намын нарийн бичгийн дарга
  • 2013 оноос Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2021 онд Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга
  • 2021 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж