Соёлын яамнаас арваннэгдүгээр сарыг дуустал “Соёлын бүтээлч сар” аянг зарласан. Салбарын сайд Ч.Номин ч энэ аянд ихээхэн анхаарч, багагүй төсөв зарцуулж байгаа бололтой харагдаж байгаа. Гэвч Соёлын яамны бүтээлч байдал нь анхнаасаа хулгай, худлаар эхэлсэн. Өөрөөр хэлбэл, аяны хүрээд авчих, үзчих, анхаар татчих бүтээл ганц ч байсангүй. Гэтэл салбарын яамныхан Монгол орон даяар нийт 475 арга хэмжээ зохион байгуулж, 198 мянга гаруй иргэн хамрагдсан гэх статистик гарснаа гайхуулаад сууж буй нь ичмээр.
Аяны хүрээнд дүрслэх урлагийн үзэсгэлэн, театрын тоглолт, хурал хэлэлцүүлэг, сургалт хөтөлбөр, өдөрлөг, үзвэр үйлчилгээг хот, хөдөөгүй зохион байгуулж байгаа гэх. Гэтэл иргэдийн хувьд энэ талаарх ойлголт бага, захын чавганцаас асуухад л таг гацахаар ядмаг, ядруухан аян болж байна. Үнэндээ аян нэрээр төсвийн мөнгийг үрсэн бүтээлгүй, бүтээлч бус байдлаа өөрчлөх цаг болж.
“Соёлын бүтээлч сар” аянг Соёлын яам хоёр дахь жилдаа зохион байгуулж буй юм. Аянд Улаанбаатар хотоос гадна орон нутаг дахь соёлын үйлчилгээ үзүүлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, уран бүтээлчдийг хамруулж байгаа гэх албан мэдээллийг өгөх.
Соёлын сайд Ч.Номин “Соёлын бүтээл сар" аян бол соёл, урлагийн олон талт үйл ажиллагаагаар дамжуулан ард иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааны түншлэлийг хөгжүүлэх, соёлын салбарын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн. Аяны хүрээнд бид түүх, соёлын баялаг үнэт зүйлсээ сурталчлан таниулахаас гадна, соёл урлагийн бүх төрлийн үйлчилгээг ард иргэддээ хүргэдэг.
Түүнчлэн, салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлаа ярилцаж, гарц шийдлээ тодорхойлох чиглэлээр цөөнгүй ажлыг зохион байгуулдаг. Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж байгаа энэ аян Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод соёлыг хөгжүүлэхтэй холбоотой туссан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд жил ирэх тусам агуулга, хэлбэрээр баяжиж, цар хүрээний хувьд өргөжиж, зохион байгуулалтын хувьд боловсронгуй болж байгаа" гэдгийг онцолж байв.
Соёлын салбарт 2023 онд улсын төсвийн 1.3 хувийг зарцуулж буй. Нийт 143 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөжээ. Дийлэнх нь эхэлсэн хөрөнгө оруулалтаа дуусгахад чиглэсэн гэдгийг сайд нь онцолсон.
Засгийн газраас хэдийгээр хэмнэлттэй төсөв баталсан гэдгийг онцолж байгаа ч Соёлын салбарт хамгийн өндөр төсвийг баталсан. Сайд нь ч нэг сарын аян зохион байгуулах гэж сурталчилгаа хийж, соёлын салбарынхандаа "хишиг" хүртээж байгаа нь хэр зохистой вэ?
Холбоотой мэдээ