Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярыг 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ-аас санал болгосноор томилж байв. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг бөгөөд Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дуусч, одоо УИХ-аас нэр дэвшүүлэн түүний орны хүнийг томилох учиртай.
Улс төрийн хүрээнд Д.Одбаярын оронд томилогдох Цэцийн гишүүнээр Ц.Нямдорж яригдаж байв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаас буулгахдаа ч түүнийг энэ албанд томилно хэмээж байв.
Гэвч сүүлийн үед энэ яриа, тохироо өөрчлөгдөж, Ц.Нямдоржийг гадаадад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар томилохоор болсон гэх бор шувуу Төрийн ордноор жиргэх болжээ. Ц.Нямдоржийн хувьд Гадаадад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар суух суудлаа “голж”, ихэд ууртай байгаа гэх яриа ч бий. Ц.Нямдоржоос гадна МАН-д Д.Лүндээжанцан гэж хүн бий. Түүнийг мөн Цэцийн гишүүнээр томилж магадгүй гэсэн яриа гараад удаж буй.
Тиймээс Цэцийн шинэ гишүүнээр Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын нэг нь томилогдох болов уу гэсэн хардлага байна. Албан бус мэдээллээр Ц.Нямдоржийг Д.Одбаярын оронд, харин 2023 оны зургадугаар сард Н.Чинбатын оронд Д.Лүндээжанцанг томилох талаар тохирсон гэх мэдээлэл ч бий.
Харин өнгөрсөн долоо хоногийн МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярын улираан томилох нь зүйтэй гэсэн байр суурийг гишүүд илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүн Д.Одбаярыг одоогийн гишүүнээр нь үлдээх ёстой гэдэг байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлжээ.
Гэвч Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 3.1 дэх заалтад 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр өөрчлөлт оруулснаар Цэцийн гишүүнийг улираан томилох заалтыг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, Цэцийн тухай хуулийн 3.1-т Цэцийн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүх, гурвыг УИХ санал болгосноор сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Цэцийн гишүүнийг нэг удаа улираан томилж болно" гэсэн заалтыг өөрчилж, Цэцийн гишүүнийг нэг удаа улираан томилж болно гэх үгийг өөрчилсөн байна.
Цэцийн гишүүнийг зургаан жилээр нэг л удаа томилдог хуулийн зохицуулалттай учир Д.Одбаярыг улираах хуулийн зохицуулалт байхгүй. Д.Одбаярын хувьд өнгөрсөн хугацаанд МАН-ын дарга нарт олон зүйл “хийж өгсөн” гавьяатай. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд “зориулсан” шийдвэрийг гаргуулж байсан бол сая “давхар дээл”-ийн асуудлыг нь шийдэхэд Д.Одбаяр гол үүрэг гүйцэтгэсэн учраас түүнийг улираах ёстой гэдгийг УИХ-ын зарим гишүүд илэрхийлжээ.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүд Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Тиймээс хуулийн хугацаанд УИХ шинэ нэр дэвшигчдийг санал болгож, сонсгол хийсний дараа томилох учиртай.
ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ 6 ЖИЛЭЭР ТОМИЛНО
Үндсэн хуулийн Цэц нь нийт есөн гишүүнтэй. Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн зохицуулалттай.
УИХ САНАЛ БОЛГОСОН:
- Цэцийн дарга Д.Одбаяр-2016.11.17-ны өдөр томилогдсон.
- Цэцийн гишүүн Ш.Солонго-2018.05.24-ний өдөр томилогдсон.
- Цэцийн гишүүн Г.Баясгалан-2019.06.06-ны өдөр томилогдсон.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН:
- Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр-2018.05.24-ний өдөр томилогдсон.
- Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж-2018.05.24-ний өдөр томилогдсон.
- Цэцийн гишүүн Г.Туулхүү-2018.05.24-ний өдөр томилогдсон.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН САНАЛ БОЛГОСОН:
- Цэцийн гишүүн Н.Чинбат-2017.06.09-ний өдөр томилогдсон. 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд Цэцийн даргаар сонгогдсон.
- Цэцийн гишүүн Д.Гангабаатар-2021.10.07-ны өдөр томилогдсон
- Цэцийн гишүүн Х.Эрдэнэбулган-2021.03.26-ны өдөр томилогдсон
ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ТОМИЛГООГ УИХ 30 ХОНОГИЙН ДОТОР ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ
Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үед санал болгосон байгууллагаас нь дараагийн хүнийг нэр дэвшүүлж УИХ-аар томилдог.
3 дугаар зүйл. Цэцийг байгуулах журам:
Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ