Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний хөлөг онгоцноос пуужингийн үлдэгдэл байж болзошгүй хөвөгч биетийг хүчээр булааж авсан хэрэгт Хятадыг буруутгаж байна. Тодруулбал, Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоц Филиппиний онгоцны замыг хоёр удаа хааж, эцэст нь пуужингийн үлдэгдлийг булааж авчээ. Филиппиний хяналтад байдаг Пагаса арлын ойролцоо Ням гаригийн өглөөний 06:45 цагийн үед пуужингийн үлдэгдлийг илрүүлсэн байна. Тэнгисийн цэргийнхэн газар дээр нь очиж, метал биетийг олж аваад, чирж явахыг оролджээ. Гэтэл Хятадын эргийн хамгаалалтын 5203 дугаартай хөлөг онгоц ойртон ирж, замыг нь хоёр ч удаа хаасан байна. Резинэн завинд бэхэлсэн байсан объектыг Хятадын эргийн хамгаалалтынхан хүчээр салгаж авчээ. “Далайчид буцааж авах гэж тэмцээгүй. Учир нь энэ бол үхэл амьдрал шийдсэн асуудал биш” гэж албаны хүн хэлжээ.
Албаныхан уг объектыг арваннэгдүгээр сарын эхээр Хайнань арлын Вэнчан сансрын төвөөс хөөргөсөн Хятадын “Long March 5B” пуужингийн хэсэг байх магадлалтай гэж үзэж байна. Хайнань арал нь объект олдсон газраас 1000 км зайд байдаг.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Филиппинд айлчлах үетэй энэ үйл явдал зэрэгцэв. Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос засгийн эрхийг авснаас хойш тус улсад айлчилж буй АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан нь Камала Харрис болж байна. Энэ айлчлалаар хоёр улсын харилцааг сэргээхээр зорьж байх магадлалтай.
Өмнөд Хятадын тэнгис бол дэлхийн хамгийн маргаантай бүс нутгийн нэг юм. Хэд хэдэн улс тус бүс нутаг дахь жижиг арлууд, хад зэрэг нөөцийг эзэмших эрхтэй гэж мэдэгддэг. Бруней, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам зэрэг улс Өмнөд Хятадын тэнгисийг бүхэлд нь эзэмшихийн төлөө өрсөлдөж буй. Хятад улс ялангуяа сүүлийн жилүүдэд өөрсдийн эрх мэдлээ бататгахын тулд цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэх болсон.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ