Нийслэлд их хэмжээний цас орсноос болж өнгөрөгч Баасан гаригт Улаанбаатарын зам талбай тэг зогсолт болов. Ёстой хөлтэй нь алхаж, хөлгүй нь мөлхөх нь холгүй гэртээ харьцгаасан нийслэлчүүдийн хувьд энэ асуудал дахин давтагдахгүй гэсэн баталгаа алга. Цас орох төдий л гудамжиндаа хонох нь холгүй болдог улаанбаатарын энэ гамшгийг хэн хэрхэн шийдэх нь ойлгомжгүй, тодорхойгүй. Уг нь хот хоёр ч "даргатай" болсны учир нь нийслэлийн түгжрэлийг шийдэх явдал байв. Засгийн газраас түгжрэлийг арилгах түүхэн шийдвэр гаргаж, 420 тэрбум төгрөгийг анх удаа баталсан.
Бүр болоогүй Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас гадна Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарыг томилсон.
Гэвч хотын түгжрэл буурсангүй. Бахь байдгаараа…Түгжрэлийн 420 тэрбум төгрөгийн сураг ч алдрав. Энэ их мөнгөөр хот ядаж автобусаа ч шинэчилчихээгүй болох нь Ж.Сүхбаатарын үгнээс тодорхой уншигдсан юм.
Иргэдээ тавлах аятай нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Архаг түгжрэл өнөөдөр гэнэт бий болоогүй. 20-30 жил ужгирч бүрэлдсэн. Позитив талаасаа эдийн засгийн, хүн амын төвлөрөлтэй холбоотой. Негатив талаас хот нэгдсэн төлөвлөлтгүй, газрын авлига, замын сүлжээ бага, нийтийн тээврийн уналт, удирдлагын чадамжгүй байдал. Архаг түгжрэлийг нэг өвлийн хугацаанд бууруулах үндсэн хоёр арга зам бий. Нэгдүгээрт, иргэд албан тушаалтнууд бүгд сайн дураар идэвх санаачилгатай хувь нэмрээ оруулах, хоёрдугаарт, тодорхой хугацаанд машины дугаарын хязгаарлалт тогтоох зэрэг захиргааны аргаар зохицуулна" хэмээн зөвлөсөн.
Тэрбээр хотын түгжрэлд талийгаачдыг буруутгаж байсан удаатай. Мөн нийслэлээс түгжрэл бууруулах зөвлөгөө авахаар тендер зарлаж байв.
Хотын түгжрэлийг бууруулахад иргэдийн ухамсар, харилцаа хандлага, соёл чухал бол хоёрын хоёр дарга, сайдын ч хэрэг алга. Хотын дарга Д.Сумъяабазар "Ж.Сүхбаатар сайд надад маш их дэмтэй байна. Ялангуяа салбар хоорондын уялдаа холбоог зохицуулж байгаа. Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын биш, улсын хэмжээний асуудал болсон. Улаанбаатар хот бол нийгэм, эдийн засаг, тээвэр, ложистик, худалдаа, эдийн засгийн гол зангилаа. Түгжрэл, төвлөрөл гээд Улаанбаатар хотын асуудлыг шийдэж чадвал улсын асуудал шийдэгдэнэ" гэдгийг хэлсэн.
Нийгэм, эдийн засгийн 63, эдийн засгийн 70, аж ахуйн нэгжийн 77 хувь буюу 150 мянга нь, их, дээд сургуулийн 95, хүн амын 53 хувь нь нийслэлд төвлөрч байна гэх судалгаа бий.
2025 он хүртэл жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон билээ. Тэгвэл энэ жилийн төсвийн хөрөнгөөр наймдугаар сарын байдлаар дараах ажлууд хийгээд байна.
Нэгдүгээрт, автозамын сүлжээн дэх гудамж замуудыг өргөтгөн барьж буй. Тус ажилд 2022-2024 он хүртэл 354 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ нь түгжрэлийг бууруулах жил бүрийн төсвийн 28 хувийг эзлэх юм. Тэгэхлээр нэг жилд 117 тэрбум төгрөгийг замуудыг өргөтгөхөд зарцуулна. 1970 оноос хойш нийслэлийн гол замуудын багтаамж, сүлжээ даацыг огт шинэчлээгүй байна. Тиймээс энэ жил нийт зургаан гол замыг өргөтгөж байгаа юм.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотод 13.5 км трассын дагуу 499 нэгж талбарын газар чөлөөлөлтөд 169.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь нийт төсвийн 13 хувь буюу 54.6 тэрбум төгрөг юм. Газар чөлөөлөлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Үүнээс хойш нийслэлийн зургаан дүүрэгт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Газар чөлөөлөлтөд хамрагдсан хэсгүүдэд түгжрэлийг бууруулах хүрээнд ногоон байгууламж бий болгож, авто зогсоолыг тодорхой талбайд төлөвлөж, газар доорх граж барих юм. Газар чөлөөлөлт хийсэн байршлыг тохижуулах зураг төсөлд явган зам, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн амарч зугаалах талбай, дугуйн замын шийдлүүдийг багтаажээ. Гэхдээ тус тохижилтын хөрөнгө түгжрэл бууруулах төсвийн 54.6 тэрбумд багтаагүй байна.
Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэл ихтэй Бага тойруугийн гудамжинд 2300 автомашины төлбөртэй зогсоол барих. Энэ ажил ирэх оны хавар эхлэх бөгөөд 13.8 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Дөрөвдүгээрт, уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэх зорилгоор 30 байршилд автозамын инженерчлэл хийнэ. Үүнд 30 тэрбум төгрөг тусгасан.
Тавдугаарт, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх. Энэ систем нь автомашины хөдөлгөөнийг бүртгэхийн зэрэгцээ төлбөртэй зогсоолуудтай холбогдох учир 43.2 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Гэвч одоогоор тус зорилт биелээгүй байна.
Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр /2022.11.21/ мэдээлэл хийхдээ "Богино хугацаанд түгжрэлийг шийдэх ид шид гэж байхгүй. Эхний ээлжид захиргааны аргаар л шийдвэрлэх боломжтой. Өнгөн дээрээ бодлого зохицуулж байгаа бидний буруу мэт боловч асуудал нь нийтийн тээврийн олон төрлийн хэрэгсэл байхгүй явдал. Түгжрэлийн сайд нь хаачив гээд байна. Би сүүлийн хоёр долоо хоног Түгжрэлийн тухай багц хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Энэ жил хийж чадахгүй ажлаа ирэх жил хийж дуусгана. Дараа жилийн өвөл дахиад ингээд түгжрээд сууж байхгүйн тулд бид хичээж байна" гэсэн юм.
Засгийн газраас BRT-г явуулж эхлэх шийдвэр гаргажээ. Энэ төслийн тухайд 50 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэх гэнэ. Мөн дүүжин тээвэр дээр Францын талтай уулзаж, тохиролцсон. Эхний шугамаа хийгээд хөдөлгөөнийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх аж. Үүний хажуугаар LRT төслөө ч нийслэлээс боломжоороо урагшлуулж түмэн завгүй ажиллах сурагтай.
Холбоотой мэдээ